Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01030

 

 

 

 

 

 

 

 2022          11           03                                          001/ХТ2022/01030

 

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1933 дугаар магадлалтай,                                                                                                                               

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

... , ...  нарт холбогдох

Гэм хорын хохиролд 1,631,000,000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагч ... , түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч ... , ...  нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,631,000,000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “... ” ХХК-ийн гаргасан хариуцагч ... т холбогдох 1,631,000,000 төгрөг гаргуулах, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ... д холбогдох 1,631,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “... ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 8,312,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1933 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ... ээс гэм хорын хохиролд 1,631,000,000 төгрөг гаргуулах, авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “... ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1933 дугаар магадлалыг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шат шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Магадлалд “Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014.08.15-ны өдрийн 150 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014.09.10-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Хариуцагч ...  нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг үл биелүүлэн, барилгыг үргэлжлүүлэн барьж дуусган 2015.11.24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна” гэж дүгнэжээ. ...  нь шат шатны шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн барилгын ажлыг барьж дуусгасан нь нэхэмжлэгч талыг хууль ёсны дагуу эзэмшдэг газраа газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар ашиглах эрхэд шууд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн магадлалд “нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч ... ийн бусадтай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр өөрт учирсан хохирлоо тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хариуцагч ... ийн бусадтай байгуулсан гэрээ нь хариуцагч нэхэмжлэгчийн уг газар барилга барьж, олох байсан орлогыг тодорхойлох эргэлзээгүй баримт биш байна” гэжээ. Нэхэмжлэгч “... ” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.11.15-ны өдрийн А425 дугаар захирамжийн дагуу өөрийн хууль ёсны эзэмшил газартаа үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан, тусгай зөвшөөрөл бүхий барилгын компанитай барилгын ажил барьж гүйцэтгэх гэрээг байгуулсан, зураг төслийн компанитай зураг төсөл боловсруулан барилга барихтай холбоотой урьдчилсан бүхий л ажиллагааг явуулж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшил газартаа барилга барихаар төлөвлөсөн хугацаандаа аливаа байдлаар орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцыг барьж гүйцэтгэсний дараа зах зээлд ямар үнээр зарах тухай асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байсан бөгөөд өөрийн эзэмшил газарт баригдсан орон сууцны зах зээлийн үнээр өөрийн олох байсан ашиг, орлогыг тодорхойлохоос өөрөөр тодорхойлох боломжгүй юм. Нэхэмжлэгч “... ” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.11.15-ны өдрийн А425 дугаар захирамжаар хариуцагч ... ийн барилга барьж, хууль бусаар эзэмшиж буй Дархан сум 9 баг, 4 хороолол, 4 байрны баруун талд байрлах 1200 м.кв талбай бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, газрын төлбөрийг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “... ” ХХК төлж байгаа, газар эзэмшигчийн зүгээс өөрийн эзэмшил газраа ашиглах ямар ч боломжгүй болсон, хуульд заасны дагуу хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд шууд халдсан үйлдэл төдийгүй иргэн ... тэй манай компани аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй атал манай эзэмшил газрыг ...  нь барилга барьж ашиглаж байгаа нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоосон шийдвэр гарсан байхад хариуцагч ...  нь барилгыг үргэлжлүүлэн барьсан гэх үндэслэлээр, өөрт учирсан хохирлоо хариуцагчид орсон орлогын хэмжээгээр тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас зөвхөн шүүхийн дүгнэсэн дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй бөгөөд өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшил газар ашиглах ямар ч боломжгүй болгосон хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтайгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “... ” ХХК нь газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж, түүний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. “... ” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрхийг цуцалснаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зөвхөн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд бэлтгэл шатанд гарсан зардлыг гэм хорын хохиролд тооцон, нэгэнт гарчихсан зардлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тодорхойлсон бөгөөд ... т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд өөрийн эзэмшил газрыг ашиглах боломжгүй болгосон хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, өөрийн эзэмшил газраас олох ёстой байсан орлогыг тодорхойлох, хариуцагчаас гаргуулахтай хамааралтай байгааг анхан шатны шүүх өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн мэтээр дүгнэлт өгч байгаа нь хэргийн үйл баримтаа ойлгоогүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 184/ШШ2020/02220 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1933 дугаар магадлалд өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч ... т холбогдуулан гэм хорын хохирол 1,631,000,000 төгрөг гаргуулах, хүүхдийн талбай, авто зогсоолын газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хариуцагч зөрчиж, орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьснаас тухайн газарт орон сууцны барилга барьснаар олох байсан орлогоо нэхэмжилсэн. Ингэхдээ хариуцагчийн орон сууцны барилга барьсан нийт ашигтай талбайг 2330 м.кв, 1 м.кв-ын үнэ 700,000 төгрөг гэж тооцож 1,631,000,000 төгрөг гэж хохирлын хэмжээг гаргасан. Харин хүүхдийн тоглоомын талбай, автомашин зогсоолын газрыг чөлөөлүүлэх нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ өөрийнх нь эзэмшлийн газарт хууль бусаар орон сууц барьж, ашиглалтад оруулсан гэжээ.

Түүнчлэн тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ... г татсан боловч түүнд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

7. Хариуцагч ...  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагч ... т холбогдох 1,631,000,000 төгрөг гаргуулах, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ... д холбогдох 1,631,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжид хамаарах өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

9. Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015.03.13-ны өдрийн №10 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.07.01-ний өдрийн №174 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.24-ний өдрийн №2809 шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.04.10-ны өдрийн №00566 тогтоолоос үзэхэд:  

9.1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012.11.30-ны өдрийн №548 захирамжаар нэхэмжлэгч “... ” ХХК-нд Дархан-Уул аймгийн 4 хороолол, 4-р байрны урд 1,200 м.кв газрыг үйлчилгээ, орон сууц барих зориулалтаар 2 жилийн хугацаатай олгосон,

9.2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013.12.06-ны өдрийн №430 захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн  нэхэмжлэгчид  олгосон  Дархан-Уул аймгийн 4 хороолол, 4-р байрны урд 1,200 м.кв үйлчилгээ, орон сууц барих зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон,

9.3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014.05.09-ний өдрийн №231 захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1,200 м.кв газраас хариуцагч ... т 233 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нийт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн,

9.4. Нэхэмжлэгч “... ” ХХК нь Дархан-Уул аймгийн засаг даргад холбогдуулж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013.12.06-ны өдрийн №430 захирамжийн хавсралтын “... ” ХХК-нд холбогдох хэсгийг, мөн аймгийн засаг даргын 2014.05.09-ний өдрийн №231 захирамжийн ... т холбогдох хэсгийн давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015.03.13-ны өдрийн №10 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.07.01-ний өдрийн №174 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

9.5. Нэхэмжлэгч “... ” ХХК-ийн хариуцагч ... т холбогдох “Газар албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.24-ний 102/ШШ/2017/02809 шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.04.10-ны өдрийн 001/ХТ2018/00566 тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

10. Газар эзэмших эрхийн талаар нэхэмжлэгч “... ” ХХК болон Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэх хугацаанд хариуцагч ...  нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014.01.28-ны өдрийн №30 захирамжаар зарлагдсан газар эзэмших төсөл сонгон шалгаруулалтад оролцож, сонгон шалгаруулах комиссын 2014.03.19-ний өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорч, маргаан бүхий газарт 500 м.кв газар эзэмших эрхтэй болсон, төслийн дагуу 10 давхар орон сууцны барилгыг 2014.06.03-2015.11.24-ний өдрийг хүртэл хугацаанд барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгчээ.

11. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014.08.15-ны өдрийн №150 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014.05.09-ний №231 захирамжийн хариуцагч ... т холбогдох хэсгийн биелэлтийг уг захиргааны хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, актын биелэлтийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн барилгын ажлыг зогсоохыг ... т мэдэгдэхээр шийдвэрлэжээ.

12. Хариуцагч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчиж, орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хариуцагчид орсон орлогын хэмжээгээр тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч  ...  нь  эрх бүхий этгээдийн  шийдвэрээр  маргаан  бүхий  газрыг  хууль  ёсоор  эзэмших  эрхтэй  байсан бөгөөд орон сууцны барилгыг барихдаа газар эзэмших эрхгүй үедээ, эсхүл зөвшөөрөлгүйгээр барьсан гэх үйл баримт тогтоогдоогүй тухай шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015.09.11-ний өдрийн А/285 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, 2016.11.15-ны өдрийн №А/425 Газар эзэмшүүлэх тухай, 2016.11.24-ний өдрийн №А/436 Газрын талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай захирамж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бичгийн баримтуудад тулгуурласан нь үндэслэл бүхий болжээ. 

13. Давж заалдах шатны шүүх “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ...шүүхийн хүчин төгөлдөр актыг ...иргэн  бүр заавал биелүүлэх үүрэгтэй байхад барилгыг үргэлжлүүлэн барьсан хариуцагч ... ийн үйлдэл нь хууль бус үйлдэлд хамаарна. Хариуцагч ... ийн  энэ хууль бус үйлдэл болон түүнээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусадтай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр өөрт учирсан хохирлоо тодорхойлсон нь үндэслэлгүй буюу хариуцагч ... ийн олсон орлогын хэмжээгээр нэхэмжлэгч “... ” ХХК зайлшгүй орлого олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Хэргийн баримтаас үзэхэд иргэний энэ хэргээс өмнө нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013.12.06-ны өдрийн 430 дугаар хууль бус захирамж гаргаснаас нэхэмжлэгч “... ” ХХК 1,200 м.кв газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, дээр дурдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан “... ” ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирол болох 580,000,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулах, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “... ” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв газар эзэмших эрхийг бодитой хангаж, газрын давхацсан хэсгийг яаралтай чөлөөлүүлэх захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.22-ны өдрийн №05 “Нэхэмжлэгч зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, нэхэмжлэгч  хариуцагч  нарын  эвлэрлийг  тус  тус баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай захирамж”-аар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба дээрх шүүгчийн захирамж, талуудын хооронд байгуулагдсан 2019.01.22-ны өдрийн №01 дугаар эвлэрлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан.

15. 2019.01.22-ны өдрийн №01 дугаар “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчид үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, тухайн газарт нэхэмжлэгч үйлчилгээний зориулалтаар барилга барьж байгаа нь засаг даргын 2019.03.12-ны өдрийн №01-А/73 Газар эзэмшүүлэх тухай захирамж болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгч “... ” ХХК нь түүний газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн, түүний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь тогтоогдсон байх тул энэ талаар шүүх дахин дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцэхгүй.

16. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1933 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/13172 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД