Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 490

 

Д.О-ын нэхэмжлэлтэй,

М У З г-т холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Л.Атарцэцэг,                                 

Шүүгчид:                               Б.Мөнхтуяа,

                                                Д.Мөнхтуяа,

                                                Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0523 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.С нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.О-ыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 4.477.825 төгрөгийн олговорыг зохих шимтгэлийг тооцуулан хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0523 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Л.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.О-ын нэхэмжлэлтэй М У З г-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээд 15 тоот тогтоол гарч, Д.О-ыг нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын ажилд томилсон. Д.О нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23.2-т заасны дагуу Д.О нь хуульд зааснаар буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23.2-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр Эрүүл Мэндийн Сайд Авилгатай тэмцэх газарт “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай“ албан бичиг явуулан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариу авсан бөгөөд энэ үйл ажиллагааг Д.О-тай ярьж зөвшилцөхгүй, захиргааны байгууллага санаачлагаараа хийдэггүй.

5. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан 45 тоот Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө, Эрүүл мэндийн яаман дээр үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн илтгэх хуудас, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06\515 тоот,  Эрүүл мэндийн яамны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн, төрийн алба тогтвортой мэргэшсэн байх зарчим алдагдсан, алдаатай шийдвэрүүдийн улмаас төрийн албан хаагчид хохирсон, Эрүүл мэндийн яамны захиргааны удаашрал хүнд суртлаас шалтгаалан төслүүдийн үйл ажиллагаа саатаж, төсөл хөтөлбөрүүд зогсох, зээл тусламжийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэсэн ноцтой байдал үүссэн, төслийг ашиглаж чадахгүйд хүрсэн бодит нөхцөл байдалд хүрсэн гэдгийг нотлох баримтууд бөгөөд дээрх баримтуудыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, өөртэй нь ярилцсаны үндсэн дээрх тогтоол гарсан.

6. Шүүхэд баримт болгон өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлт нь нэхэмжлэгч Д.О-ын ажиллаж байх хугацаанд санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн дүгнэлт бөгөөд энэ талаар удаа дараа урьд нь ярьж хэлэлцэгдсэн асуудал юм. Харин 1-р төв эмнэлгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудалд гомдолтой бол гомдлоо өөр журмаар гаргах байсан.

7. Засгийн газрын хуралдаан дээр Д.О-ын өөр ажилд томилогдох болсонтой холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцад хамаарагдах бичиг баримт тул хариуцагч бид энэ баримтыг гаргах боломжгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөлийг заасан бөгөөд шүүх “ ... тодорхой хэрэг маргаанд хамаарах төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцана“ гэж заасан ба шүүх үзлэг хийхдээ зөвхөн албан бичиг төлөвлөж очсон, шүүгч захирамж гаргаагүй нь үзлэгийг дээрх хуультай нийцүүлэн явуулаагүй гэж үзэж байна.

8. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128\Ш32018\2973 тоот шүүгчийн захирамжаар “...Засгийн хуралдааны тэмдэглэлийг гаргуулах хариуцагчийн“ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн заалт биелэгдээгүй. Анхан шатны шүүхэд О.Б гэгч нь өөрийн бүрэн эрхийг нотолж чадаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлээр буюу хүчингүй болсон баримт шүүхэд гаргаж оролцсон байсан бөгөөд давж заалдах шатны шүүх “итгэмжлэл нь нэхэмжлэгчийг төлөөлж чадахгүй баримт” гэж үзсэн мөртлөө шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг шалгахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

9. 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Ж.Х, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1427 тоот шүүхийн шийдвэрээр А.Э нар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд албан бичиг ирүүлсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх чадвартай байх ёстой атал шүүхээс “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл болохгүй...шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Х нарыг томилох тухай шийдвэр гаргасан баримт байхгүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

10. Анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон Ж. Х, А.Э нарын талаар Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг шүүх хуралдааны өдөр танилцан, холбогдох бичиг баримтыг гаргах боломж олгохыг хүссэн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа“ бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг.

11. Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт үндэслэлтэй, түүнийг нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс Д.О-ыг өөр ажилд томилох болсонтой холбоотой хэлэлцүүлгийг авахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх боломж олгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Д.О нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий тогтоолоор “өөр ажилд томилогдох болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгчээс “ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй, өөр ажилд томилоогүй, чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, сонсгох ажиллагаа явуулаагүй” гэж маргасан байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байна. Энэхүү хэргийн тухайд ялангуяа “албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаан бүхий албан тушаалд өмнөх Ж.Х, А.Э нарыг томилох тухай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрхэн биелэгдсэн шалгаж, уг баримтад холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

15. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/С дугаар шийдвэрээр Ж.Х-ыг, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1427 дугаар шийдвэрээр А.Э-г томилохыг даалгаж шийдвэрлэж байсан, эдгээр шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдсэн болох нь тодорхойгүй байна.

16. Хариуцагчаас “шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэхэд эргэлзээ үүсч байгаа, өмнөх хоёр хүн ажилдаа орох ёстой гэж өргөдөл, гомдол гаргасан” гэж маргасан, мөн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 725 дугаар албан бичгээр “Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын томилгоо хийхэд хүндрэл үүссэн, Ж.Х, А.Э нарыг томилох тухай шүүхийн шийдвэр байгаа” гэсэн байх тул одоо маргаан бүхий албан тушаалд 3 дахь иргэнийг шүүхийн шийдвэрээр давхардуулан томилохыг даалгах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд хэрхэн нийцэхийг тодруулах шаардлагатай.

17. Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2017/0405 дугаар тогтоолоор Ж.Х-ын нэхэмжлэлээр, маргаан бүхий Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

18. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын Хоёрын 9-д зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохын тулд сонгон шалгаруулалтад орсон байх шаардлагатай, нэхэмжлэгчийн тухайд “2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтад орсон” гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй, түүнчлэн захиргааны байгууллагын зүгээс ямар учраас “сул орон тоо” гэж үзэж, сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга өгсөн, энэ нь өмнөх шүүхийн шийдвэртэй зөрчилдөх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулах үүрэгтэй, тухайлбал өмнөх шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдсэн үйл баримтыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох үүрэгтэй байсан, уг үүргээ хэрэгжүүлээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

20. Түүнчлэн хариуцагчаас “өөр албан тушаалд томилогдож байгаагаа хүлээн зөвшөөрч, Авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгийг өөрөө гаргаж, гарын үсгээр баталгаажуулсан” гэж, нэхэмжлэгчээс “урьдчилсан мэдүүлэг бөглөж өгөөгүй, Сайдаас бичиг явсан байдаг” гэж тус тус маргаж байхад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой.  

21. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0523 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ

       ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ