Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0027

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0027

Улаанбаатар хот

“Ззд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ү.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 878 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ззд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.У, Ү.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Татварын улсын байцаагч С.У, Ү.У нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 220017252 дугаар актын 1.424.545 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч "“Ззд”" ХХК-иар төлүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "“Ззд”" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.У, Ү.У нарын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 220017252 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 4 -ны өдөр хянан хэлэлцээд 878 дугаар шийдвэрээр нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

"“Ззд”"-ХХК нь дотоодын зах зээлд "Хд" ХХК-иас барилгын материалыг үнэн бодиттой худалдан авсаар байтал хариуцагчид таамаг тавьж үндэслэл, нотолгоогүй буруутгаж акт тавьсныг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн.

Тус компани нь барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулахдаа дотоодын зах зээлээс бараа материал, түүхий эд худалдан авах бүрдээ худалдагч, борлуулагч аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан болон анхан шатны санхүүгийн баримтыг хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлж авдаг.

Татварын албанаас аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгож, НӨАТ падаан тараахдаа падаан нэг бүрийг аль компани, хуулийн этгээдэд олгосноо бүртгэн баталгаажуулж өөрийн цахим мэдээллийн сандаа (mta.mn) дурын сонирхогч этгээд харж болохоор байршуулсан байдаг.

Тайлант хугацаанд "Хд" ХХК-ийг Татварын албаны www.mta.mn цахим хаягаар нэр регистрийн дугаараар шивж, шалгаж үзэхэд татварын албанд бүртгэлтэй, НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байсан.

Тийм ч учраас нэхэмжлэгчийн тухайн улирлын НӨАТ-ын тайланг ТУБ нар хүлээн авч баталгаажуулсан. Бид бодитой худалдан авалт хийсэн өөрөөр хэлбэл татварын алба өөрөө хэвлэн тараасан НӨАТ-ын падаан дээр худалдагч тал тамга тэмдгээ дарж баталгаажуулсан ба тухайн борлуулалтыг "Хд" ХХК дараа сарын НӨАТ тайландаа тусгаж тайлагнасан байх үүрэгтэй.

Худалдан авагч буюу манай компани зах зээлээс авсан бараа, үйлчилгээгээ хууль заасан журмаар мэдүүлэн тайлагнаж татвараа төлсөөр атал худалдагч, борлуулагч хуулийн этгээд тухайн гүйлгээг тайлагнаагүйгээс манай компанид төлбөр тавьж хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус гэж маргасан.

Учир нь тухайн гүйлгээг худалдан авагч, борлуулагч хэн аль нь НӨАТ-ын тайлангаараа дамжуулан харьяалах татварын албандаа тайлан илгээж мэдүүлэх үүрэгтэй.

Бараа, барилгын материал Монгол улсын хилээр нэвтрэхдээ гааль, болон НӨАТ татвар тус тус бүрэн төлөгдөж орж ирдэг. Бид НӨАТ орсон, шингэсэн үнээр бараа, барилгын материал худалдан авч түүгээр бусдад ажил үйлчилгээ үзүүлж, төлбөр хөлсөө авахдаа НӨАТ-ын падаан бичэн олгож түүнийгээ татварын албанд тайлагнадаг.

Ингэж тухайн бараа, ажил үйлчилгээний өртөг өсөж (нэмэгдэж), түүнд ногдуулсан татвар төсөвт төвлөрч, эцсийн бүх хэрэглэгч буюу Монгол улсын нийт иргэд уг татварыг төлсөн байхаар системчлэгдсэн зарчимтай хууль юм.

Борлуулагч, худалдагч аль ч байдлаар НӨАТ-ын падаан бичиж олгосон л бол түүнийг тайлагнаж мэдүүлэх хуулийн шаардлагатай, эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэдэг татварын хуулийг татварын байгууллага, түүний байцаагч нар хэрэгжүүлэлгүй манай компанид төлбөр ногдуулсан.

Энэ талаар хариуцагч нар "...хэдийгээр "“Ззд”" ХХК тухайн гүйлгээг тайлагнасан боловч "Хд" ХХК нь хуурамч НӨАТ бичдэг компани" гэх таамгаар хариуцлагаас чөлөөлж, НӨАТ-тай бараа худалдан авсан манайд төлбөр ногдуулж акт үйлдсэн. Өөрөө хэлбэл татварын хууль зарчмынхаа дагуу хэрэгжээгүй ба манай компани нэг бараанд хоёр удаа буюу давхар татвар төлөхөөр акт тогтоосон.

"Хд" ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад НӨАТ-ын падаан борлуулдаг компани болсон нь эрүүгийн хавтаст хэргээс авсан баримтаар харагддаг. Энд "Хд" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нарт эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны журмаар хариуцлага тооцох хууль, эрх зүйн бүрэн үндэслэл ТУБ нарт байсан.

"Хд" ХХК-ийн тайлагнасан болон тайлагнаагүй нөхөн татвар буюу хууль зөрчснөөс бий болсон төлбөрийг улсад учруулсан хохирол гэж ойлгож байгаа. Гэтэл ТУБ нар энэ талаар шалгаж тогтоолгүй манай компанийг шууд буруутай мэт үзэж үндэслэлгүй акт тогтоосон хариуцагч нарын үйлдэл, эс үйлдлийг шүүх анхаарч шийдвэрлэж чадсангүй.

Иймд Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 878 дугаар шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Гомдлын үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Давж заалдах шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох болно. гэжээ.

ХЯНАВАЛ

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нар “Ззд” ХХК-ийн 2010-2014 оны албан татвар төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж нэхэмжлэгчийг Хд ХХК-аас 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 008052508 дугаарын НӨАТ-ын падаанаар 14.245.455 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан гэх хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэж 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 дугаар актаар нөхөн татвар, торгууль, алданги буюу нийт 2.564.180 төгрөгийн нөхөн татвар тогтоожээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д ... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох-оор харин 14.3-т ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хд ХХК-аас 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 008052508 дугаар падаанаар 14.245.455 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж мэдүүлэх боловч Хд ХХК нь уг падааныг татварын албанаас хүлээн аваагүй, үйл ажиллагаанд хэрэглэх эрхгүй, Гааль татварын ерөнхий газрын Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/2498 дугаар албан бичгээр ЭэЭТ /2713896 тоот регистрийн дугаартай/ ХХК гэсэн өөр хуулийн этгээд 008052508 дугаартай НӨАТ татварын падааныг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан болохыг мэдэгдсэн зэргээр үгүйсгэгдэж байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн баримтуудаас үзэхэд Хд ХХК нь барилгын материалын худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаггүй байх бөгөөд Дүүргийн 2 дугаар прокурорын газарт Хд ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан НӨАТ-ын хуурамч 81 ширхэг падааныг нэр бүхий 6 аж ахуй нэгж байгууллагад ашиглуулсан асуудал шалгагдаж шийдвэрлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Хд ХХК-аас бодит худалдан авалт хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр падаан нь тус хуулийн этгээдэд хуваарилагдаагүй ЭэЭТ ХХК-д хуваарилагдсан зэргээс бодит байдлаар хийгдээгүй гүйлгээнд төлсөн гэх дүнг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх боломжгүй байх тул Татварын улсын байцаагчийн акт хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуурамч падаан байсан нь манай байгууллагын буруу биш гэж маргаж байгаа нь уг хуулийн этгээдийг төлөөгүй албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ татварын улсын байцаагчийн 220017252 дугаар актын нийт төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэтрүүлж, нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасантай нийцэхгүй байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хэсэгтзаасныг баримтлан ”Ззд” ХХК-ийн нэхэмжлэлээс Нийслэлийн Татварын газрын Хяналтын шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 дугаар актаар тогтоосон 2.564.180 төгрөгний төлбөрөөс 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 1.139.635 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ