Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 878

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, харуицагч Ү.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа нарыг оролцуулан иргэн “Зиг заг дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нарт холбогдох “Татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Зиг заг дизайн” ХХК /РД:2794314/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Намнансүрэнгийн гудамж.  

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нар.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж 5/1 байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Зиг Заг дизайн” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зиг Заг дизайн” ХХК нь дотоодын зах зээлээс дотооддоо үйлдвэрлэсэн болон гадаадаас импортолсон барилгын материал худалдан авч барилгын угсралт, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид худалдан авалт хийх бүртээ худалдагч болон ажил үйлчилгээ үзүүлэгч нараас НӨАТ төлөгч байх, бараа ажил үйлчилгээндээ НӨАТ-ын падаан бичиж болгох шалгуур шаардлага тавьдаг. Тус компани нь 2011 оны 01 дүгээр сард “Хүслийн дээд” ХХК-иас 2 удаагийн худалдан авалтаар нийт 14245455 төгрөгийн барилгын материал худалдан авч, орлогын ордер, зарлагын падааныг тус тус бичүүлж, НӨАТ-ын падааныг хамт авсан. Тухайн сарын НӨАТ-ын тайланг татварын албаны сайт хуу шивж илгээх үед “Хүслийн дээд” ХХК нь НӨАТ төлөгч гэдэг нь татварын албаны цахим хуудсаар тогтоогдож байсан ба бодитой хийсэн тухайн худалдан авалтын шивэлт цахимаар ямар ч асуудалгүй илгээгдсэн.

Гэтэл татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба бичгийг үндэслэж шалгалт хийхдээ хуулийн этгээдийг аж ахуйн үйл ажиллагаагаа явуулахдаа огт зөрчөөгүй Татварын ерөнхий хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн мэт үзэж 1424545 төгрөгийн нөхөн татвар, 427363 төгрөгийн торгууль, 712272 төгрөгийн алданги, нийт 2564180 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосныг бид зөвшөөрөхгүй байна.

... татварын улсын байцаагч нар мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг баримтлан үндэслэлгүй ногдуулсан нөхөн татварын тодорхой хувиар алданги, торгууль төлүүлэхээр дахин төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Татварын улсын байцаагч С.Уянга, Ү.Ууганбаяр нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 220017252 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн  татварын газартай харьцдаг 2794314 тоот регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2003 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9011037089 тоот гэрчилгээтэй “Зиг заг дизайн” ХХК-ийн 2010-2014 оныг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”   Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91/3189 тоот албан бичиг, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22150600183 тоот томилолтыг тус тус үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, С.Уянга нар хэсэгчилсэн шалгалтыг хийв.

Цагдаагийн ерөнхий газар Зохион байгуулалттай гэм хэрэгтэй тэмцэх газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91-3189 тоот албан бичиг “Зиг заг дизайн” ХХК нь 5036194 тоот регистрийн дугаартай “Хүслийн дээд” ХХК-иас 2011 оны 01 дүгээр сарын 27-нд 14,245,455.0 төгрөгийн үнийн дүнтэй 008052508 тоот падаанаар хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, анхан шатны баримт нотлогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг зөрчсөн болно. Нийт 14,245,455.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,424,525.0 төгрөгийн нөхөн татвар, 427,363.0 төгрөгийн торгууль, 712,272.0 төгрөгийн алданги бүгд 2,564,180.0 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг эс зөвшөөрсөн нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 “Зиг Заг Дизайн” ХХК-ийн захирал Д.Батсайхан Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 220017252 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, Татварын улсын байцаагч нар татварын хуулийн холбогдох заалтыг хэрхэн ямар байдлаар зөрчсөн талаар тайлбар, баримт нотолгоог дурдаагүй, “хуурамч бичилттэй НӨАТ-ын падаан” гэсэн байцаагчийн дотоод субъектив хардлага, хийсвэр үнэмшлээр татвар төлөгчийг буруутган акт тавьсан гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэв.

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, С.Уянга нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2015 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 22150600183 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Зиг Заг Дизайн” ХХК-ийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 220017252 дугаар татварын улсын байцаагчийн актаар 1.424.545 төгрөгийн нөхөн татвар, 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алданги бүгд 2.564.180 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Татварын улсын байцаагчийн 220017252 дугаар актыг эс зөвшөөрсөн татвар төлөгчийн гомдлоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 96, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актыг тус тус хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Хүслийн дээд” ХХК-ийн НӨАТ-ийн падаанд хий бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг шалгаж захиргааны арга хэмжээ авч шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91/3189 дугаар албан бичгийг үндэслэн татварын хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд хариуцлага ногдуулсан Татварын улсын байцаагчийн дээрх акт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Зиг заг дизайн” ХХК 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хүслийн дээд” ХХК-аас 008052508 дугаарын НӨАТ-ын падаанаар 14.245.455 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авснаар хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэснийг тус тус зөрчсөн:  

Түүнчлэн  “Хүслийн дээд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан 008052508 дугаар бүхий НӨАТ-ын падаанд хий бичилт хийсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан тогтоосон бөгөөд Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Прокурорын 2016 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 964 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор  Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн...” үндэслэлээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Нөгөө талаар маргаан бүхий 008052508 дугаар НӨАТ-ын падааныг Баянгол дүүргийн татварын хэлтсээс “Хүслийн дээд” ХХК-д хувиарлаагүй харин “Эй энд Эй трейдинг” ХХК-д хувилагдсан болох нь тус дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 1/10459 дугаар “2713896 тоот регистрийн дугаартай Эй энд Эй трейдинг” ХХК нь 008052508 дугаартай НӨАТ-ын падааныг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан байна.” гэсэн албан бичгээр нотлогдсон байна.

Ийнхүү өөр хуулийн этгээдэд хувиарлагдсан НӨАТ-ын падаанд “Хүслийн дээд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан хий бичилт хийж төсөвт төлөх татварыг буруулсан гэж нөхөн татвар, торгууль ногдуулсан татварын улсын байцаагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлийн 96 дугаар тогтоолоор актын торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан боловч Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 10 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актыг сэргээсэн, одоо Татварын ерөнхий газрын тайланд Татварын улсын байцаагчийн тавьсан актын дүнгээр шивэгдсэн байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн торгууль, алдангийг дээрх өршөөлийн хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 220017252 дугаар актын 1.424.545 төгрөгийн нөхөн татварыг “Зиг Заг Дизайн” ХХК-иар төлүүлж, 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алданги бүгд 1.139.544 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 220017252 дугаар актын 1.424.545 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч “Зиг Заг Дизайн” ХХК-иар төлүүлсүгэй.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар актын 427.363 төгрөгийн торгууль, 712.272 төгрөгийн алданги бүгд 1.139.544 төгрөгийг өршөөн хэлтрүүлж төлбар тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР