Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01940

 

 

 

 

 

 

 

 

 

     Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б-” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Хишигжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н- нь “Б-” ХХК-ийн захирлын тушаалаар Өмнөговь салбар дэлгүүрт худалдааны зөвлөх-кассчин албан тушаалд 2020 оны 02 сарын 28-ны өдрөөс эхлэн томилогдож ажилласан. Үүнээс өмнө 2020 оны 01 сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдрийг дуустал “Б-” ХХК-ийн толгой компани болох “БСБ электроникс” ХХК-д сорилтын хугацааны түр гэрээ байгуулж, “БСБ мегастор 2” электрон барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр 1 сар ажиллаад Өмнөговь нэгжид ажиллахаар томилогдсон байсан юм. Гол нь төлөвлөгөөгөө 100 хувиас дээшлүүлэх зорилготой ажиллуулсан, энэ зорилгоо тогтмол 4 сар биелүүлж ажилласан бөгөөд 4 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд цалин нь нэмж өөрчлөлт оруулсан. Гэтэл 2020 оны 5 сарын 21-ний өдөр “Б-” ХХК-ийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний хувьд сорилтын хугацаа дууссан байсан тул өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Компанийн зүгээс анх 2020 оны 01 сарын 22-ны өдөр “БСБ электроникс” ХХК-д дадлагажуулан ажиллуулах тухай тушаалаар 2020 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Үүний дараа “Б-” ХХК-д 2020 оны 02 сарын 27-ны өдрийн тушаалаар сорилтын хугацаатайгаар томилсон. 2020 оны 4 сарын 01-ний өдрийн салбарын хурлаар хэлэлцээд нийтэч биш байна, худалдаанаас өөр салбарын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байна, хувийн зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай байна гэж үзэн өөрт нь хэлж 1 сарын хугацаагаар сорилтын хугацааг сунгасан. Үүний дараа 2020 оны 5 сарын 19-ний өдрийн салбарын үйл ажиллагааны хурлаар оруулж, дээрх байдал өөрчлөгдөөгүй касс дээр гаргасан алдаагаа хэд хэдэн удаа давтаж гаргасан, худлаа ярьдаг, тавьсан шаардлага биелүүлдэггүй, ажилдаа хандах хандлага муу байгаа нь салбарын үйл ажиллагаа, уур амьсгалд муугаар нөлөөлж байна цаашид хамтран ажиллах боломжгүй тул сорилтын гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх саналтай байна гэсэн “БСБ Өмнөговь” салбарын ахлах худалдааны зөвлөх Д.Тулгабаатарын саналыг үндэслэн 2020 оны 5 сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Нэгэнт хариуцсан ахлах худалдааны зөвлөх нь хамтарч ажиллах боломжгүй салбарын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна гэсэн тул цаашид жинхэнэ албан тушаалтнаар томилон ажиллуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд Ц.Н-ийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 5 сарын 21-ний өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийг “Б-” ХХК-ийн БСБ Өмнөговь дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-ийн 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 824 670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-т олгож, Ц.Н-ийн 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон бичилт хийхийг хариуцагч “Б-” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Н- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 24 342 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд 2020 оны 7 сарын 22-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон боловч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 824 670 төгрөгөөр тогтоож, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2020 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 7 сарын 22-ны өдөр гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцох ёстой байсан боловч шүүх үүнийг нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүний улмаас хариуцагч зөвхөн шүүхийн шийдвэрт заасан хугацааны буюу 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цапин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, 2020 оны 6 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс ба нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх хууль зүйн үр дагавар үүсч байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2020 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд хандсанаас анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас авч чадахгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл мөн адил төлөгдөхгүй байх хууль зүйн нөхцөл байдал үүсч, ингэснээр нэхэмжлэгчийн ажилласан хугацаа тасалдаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахдаа нэхэмжлэл гаргасан өдрөөр тогтоож цалинг дутуу олголоо. Мөн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг буруу тооцсон. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглүүлсэн тооцоо, ажил олгогчоос гаргасан "Цалингийн тооцооны хүснэгт" дээрх тооцооны мөнгөн дүн зөрж байна. Иймээс дундаж цалин хөлсийг ажил олгогчоос нотлох баримтаар гаргасан цалингийн тооцооны хүснэгтийн олговол зохих дүнгээс тооцож тодорхойлох ёстой бөгөөд цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцох ёстой байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын шимтгэлийг тус тус шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцох ёстой байсан боловч анх нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцоолон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 болон 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Хэрэв ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүхийн шийдвэрийг гарах өдрөөр буюу 2020 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон магадлал гарвал түүнээс хойшхи буюу 2020 оны 7 сарын 23-ны өдрөөс магадлал гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх үүргээс хариуцагч тал чөлөөлөгдөж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдахгүй байх эрх зүйн үр дагавар үүсэх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Н-ийг “Б-” ХХК-ийн БСБ Өмнөговь дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б-” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 824 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон бичилт хийхийг хариуцагч “Б-” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2020 оны 9 сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд “Хариуцагч “Б- ХХК нь нэхэмжлэгч Ц.Н-т ажилгүй байсан хугацааны цалинд 2 500 000 төгрөгийг, 2020 оны 9 сарын 20-ны өдрөөс өмнө, Худалдаа хөгжлийн банк дахь Ц.Н-ийн 414002614 тоот дансанд шилжүүлэх, мөн дээрх дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 6, 7, 8 сарыг төлөх, харин Ц.Н-ийг ажил эгүүлэн авахгүй байх, Ц.Н- нь ажилгүй байсан хугацааны цалинд 2 500 000 төгрөг авч, 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс ажилд орохгүй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзах”-аар тохиролцжээ.

            Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Ц.Н-, хариуцагч “Б-” ХХК-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/02172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Б- ХХК нь нэхэмжлэгч Ц.Н-т ажилгүй байсан хугацааны олговорт 2 500 000 төгрөгийг, 2020 оны 9 сарын 20-ны өдрөөс өмнө, Худалдаа хөгжлийн банк дахь Ц.Н-ийн 414002614 тоот дансанд шилжүүлэх, мөн дээрх дүнгээс 2020 оны 6, 7, 8 дугаар сарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, Ц.Н- нь 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ