Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/02172

 

 

 

 

 

 

 

 

           

2020            07             22                                                 102/ШШ2020/02172

 

    

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө аймгийн Д сум, 0 дугаар баг, Б 00 гудамжны 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Д овогтой Ц-ын Н /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, Т-ийн гудамж-0 хаягт байрлах “БСБ к” ХХК/РД: 0000000/-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь “‘БСБ к” ХХК-ийн захирлын тушаалаар “БСБ к” ХХК-ний ‘‘БСБ’’ Өмнөговь дэлгүүрт худалдааны зөвлөх-кассчин албан тушаалд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилогдож ажилласан. Үүнээс өмнө 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал “БСБ к” ХХК-ний толгой компани болох ‘‘БСБ’’ Электроникс ХХК-д сорилтын хугацааны түр гэрээ байгуулж ‘‘БСБ’’ Мегастор 2 электрон барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж 1 сар ажиллаад Өмнөговь нэгжид ажиллахаар томилогдсон байсан юм.

Гол нь төлөвлөгөөгөө 100 хувиас дээшлүүлэх зорилготой ажиллуулсан, энэ зорилгоо тогтмол 4 сар биелүүлж ажилласан бөгөөд 4 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд цалин нь нэмж өөрчлөлт оруулсан. Гэтэл 2020 оны 5 сарын 21-ний өдөр “БСБ к” ХХК-ийн захирлын Км/017 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дугаар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.8 дахь хэсэгт заасныг баримтлан сорилтын хугацааны хөдөлмөрийн түр гэрээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэж ажлаас чөлөөллөө. “БСБ к” ХХК-ний ‘‘БСБ’’ Өмнөговь дэлгүүрт худалдааны зөвлөх-кассчин албан тушаалд томилогдохдоо сорилтын гэрээ гэж байгуулаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 гэсэн заалтад “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай, Хөдөлмөрийн дотоод журмын 11.8 гэсэн заалтанд “салбар нэгжийн менежер сорилтын хугацаа нь дууссан ажилтны талаарх үнэлгээ саналыг харгалзан мэргэжилтнээс доош албан тушаалтныг харъяалах газрын хурлаар хэлэлцэн сорилтын хугацааг сунгах, сорилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг цуцлах, жинхлэх шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн байна.

Миний хувьд сорилтын хугацаа дууссан байсан тул өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул иргэний шүүхэд хариуцагч хуулийн этгээдийн байрлах газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн Өмнөговь салбарт худалдааны зөвлөх касс-чин орон тоон дээр сорилтын хугацаагаар ажиллаж байсан Ц.Н нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэл гаргасан байна. Компанийн зүгээс бол анх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ‘‘БСБ’’ Эпектроникс ХХК-д дадлагажуулан ажиллуулах тухай Э/012 дугаар тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Үүний дараа ‘‘БСБ к” компани дээр 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Км/007 тушаалаар сорилтын хугацаатайгаар томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн салбарын хурлаар хэлэлцээд нийтэч биш байна, худалдаанаас өөр салбарын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байна, хувийн зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай байна гэж үзэн өөрт нь хэлж 1 сарын хугацаагаар сорилтын хугацааг сунгасан. Үүний дараа 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн салбарын үйл ажиллагааны хурлаар оруулж дээрх байдал өөрчлөгдөөгүй кассан дээр гаргасан алдаагаа хэд хэдэн удаа давтаж гаргасан, худлаа ярьдаг, тавьсан шаардлага биелүүлдэггүй, ажилдаа хандах хандлага муу байгаа нь салбарын үйл ажиллагаа, уур амьсгалд муугаар нөлөөлж байна цаашид хамтран ажиллах боломжгүй тул сорилтын гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх саналтай байна гэсэн “БСБ” Өмнөговь салбарын ахлах худалдааны зөвлөх Д.Тулгабаатарын саналыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Км/017 тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Нэгэнт хариуцсан ахлах худалдааны зөвлөх нь хамтарч ажиллах боломжгүй салбарын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна гэсэн тул цаашид жинхэнэ албан тушаалтнаар томилон ажиллуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд Ц.Н-ийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Км/017 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч “БСБ к” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь “БСБ к” ХХК-ийн БСБ Өмнөговь дэлгүүрт худалдааны зөвлөх-кассчин албан тушаалд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн кмм/007 дугаартай тушаалаар сорилтын 1 сарын хугацаатайгаар томилжээ.

“БСБ к” ХХК-ийн захирлын 2020 оны 05 дугаар 21-ний өдрийн км/017 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “БСБ Өмнөговь” дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин Ц.Н-ийн сорилтын хугацааны хөдөлмөрийн түр гэрээг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгох дуусгавар болгожээ. /хх 13/

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

 

“БСБ к” ХХК-ийн Ц.Надинцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарлаж байна.

Ц.Н-ийг ажилд авсан “БСБ Өмнөговь” дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин ажлын байр нь байнгын ажлын байр гэж үзэхээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай байгуулна.

 

БСБ коммерс ХХК-ийн зүгээс Ц.Нтэй 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байх боловч уг хөдөлмөрийн гэрээнд ажилтан Ц.Н-ийн гарын үсэг зурагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргийг хүлээх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

“БСБ к” ХХК-аас Ц.Н-тэй байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээнд ажилтан Ц.Н-ийн гарын үсэг зурагдаагүй байх тул талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээнд ажилтны гарын үсэг зурагдаагүй явдалд Ц.Н-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасныг зөрчсөн, Ц.Н-ийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Ц.Н-ийг “БСБ к” ХХК-ийн БСБ Өмнөговь дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

           

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Ц.Н-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын цалингийн дундаж цалин 985,028 төгрөгийг ажлын 21,5 хоногт хуваахад 1 өдрийн дундаж цалин 45,815 төгрөг байх ба 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 824,670 төгрөгийг хариуцагч БСБ к ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-т олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч “БСБ к” ХХК-нд нэхэмжлэгч Ц.Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нийг “БСБ к” ХХК-ийн БСБ Өмнөговь дэлгүүрийн худалдааны зөвлөх-кассчин ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “БСБ к” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 824,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ц.Н-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “БСБ к” ХХК-нд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “БСБ к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 24,342 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ