Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01983

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.А-, Н.У- нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.М-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дамбажийжин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М- миний бие 2014 оны 8 сараас Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 9-29 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2017 оны 7 сар хүртэл хөлсөлж, төлбөрт 19 180 000 төгрөг төлсөн. Ингээд би ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж группд орсон. Гэр бүлийн хүн И.Дашням хэвтэрт ороод 4 сарын мөнгөө төлж чадаагүй. Нөхөн олговроо орохоор өгье гэж гуйсан боловч эхнэр болох Н.У- нь нэг эмэгтэйн хамт 2017 оны 11 сарын 07-ны шөнө ирж, хэл амаар доромжлон хаалганы гол сольж байрнаас хөөж гаргасан. Ингээд өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа хөөгдсөн. 2018 оны 02 сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ аваагүй хариу мэдэгдэх хуудсыг 2018 оны 4 сарын 30-ны өдөр өгсөн. Х.А- руу ярихаар утсаа блоколчихоод авдаггүй. Эхнэр нь хэл амаар доромжилдог байсан. Бичиг баримт, эд хөрөнгөө хаана байгааг мэдэхгүй ачаад явсан гэж одоо түрээсэлж байгаа эмэгтэй хэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа авч чадаагүйн улмаас тэтгэмжээ авч чадахгүй, тэтгэврээ тогтоолгоход хүндрэлтэй болж байна. Иймд иргэн Х.А-ын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.А- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай орон сууцыг 3 жил гаруй хугацаанд тогтвортой хөлсөлсөн. Ингээд 2017 оны 4 сараас эхлэн төлбөрөө төлөөгүй ба шалтгаанаа хэлэхдээ манай нөхөр хувийн сургуультай, бид сургуулиа зарах гэж байгаа тул зараад танай төлбөрийг асуудалгүй төлнө гэж хэлэхэд нь итгэж хүлээсэн. Учир нь нэхэмжлэгч Г.М- гуайн хувьд урьд төлбөрөө хожимдуулсан ч нөхөж төлдөг байсан болохоор төлөхгүй зугтаана гэж бодоогүй. Манай эхнэр Н.У- нь хэд хэдэн удаа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь үнэн. Гэхдээ арай ч хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргасан асуудал байхгүй. Харин төлбөрөө төлөхгүй бол байр суллаж өгөхийг мэдэгдсэн байсан. Гэтэл 2017 оны 11 сард хамаг юмаа ачаад хаалга түгжээд явсан байсан. Тухайн үед нь бид хорооны цагдаад мэдэгдэж, цагдаагаар утас руу нь залгуулахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш Г.М- гуайн утас руу өөрийнхөө дугаараас удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд бид цоожоо эвдээд дахин шинээр гол солиулж хийлгэсэн. Хэл сураггүй явахдаа манай байранд ямар ч эд хогшил үлдээгээгүй байсан. Би Г.М- гуайн нэг ч бичиг баримтыг авсан зүйл байхгүй. Ямар учраас надаас бичиг баримт эд хөрөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд Г.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.У- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.М-тай орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ, хэлцэл байгуулах зэргээр эрх зүйн алив хэлбэрийн зүйн харилцаанд оролцож байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороолол, 9 дүгээр байр, 29 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь манай нөхөр Х.А- юм. Тиймээс ч Х.А- нь иргэн Г.М-тай уг орон сууцыг түрээслэх тухай хэлцэл байгуулж төлбөр мөнгийг тохирсон. Нөхөр Х.А-ыг гадаад улсад зорчих зэргээр эзгүй байх хугацаанд түүний зөвшөөрлөөр гэр бүлийн хэрэгцээнд шаардагдсан санхүүг хангах зорилгоор Г.М-аас түрээсийн үнэ /төгрөгөөр/-ийг миний дансанд шилжүүлэн авч, би зарцуулсан тохиолдол нэг биш удаа байсан. Нөхөр Х.А-ын надад тайлбарласнаар иргэн Г.М- нь зарим сарын түрээсийн болон СӨХ-ны төлбөрөө төлөхгүйгээр өөрсдийн өмч хөрөнгөө аваад, хог хаягдлаа үлдээгээд, түрээслэн амьдарч байсан орон сууцаа хүлээлгэн өгөлгүйгээр цоожлоод зугтаан гарсан. Одоо ямар эд хөрөнгө, хичнээн цаг хугацааны дараа Г.М- нь биднээс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар тус дүүргийн 13 дугаар хорооны цагдаагийн ажилтан мэдэж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч Н.Уянгын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Г.М- нь 2018 оны 2 сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дээрх маргаан бүхий асуудлаар гомдол гаргасныг хариу мэдэгдэх хуудсаар холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжгүй байх тул хүлээн авахаас татгалзаж иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Нэхэмжлэгч Г.М- нь Н.У-ас бичиг баримт болон эд хөрөнгө гаргуулахаар шаардсан шаардлагаа нотолж чадаагүй хавтаст хэрэгт ямар ямар эд хөрөнгүүд, бичиг баримт байсан талаар нотолж чадаагүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний зүгээс хангалттай нотлох баримт цугласан байхад хэрэгсэхгүй болгосныг дараах баримт материалуудаар няцааж байгаа болно. Үүнд: Байр түрээсэлсэн гэдэг нь тогтоогдсон тухай байранд байсан хөрөнгүүдээс болон солих эээлжийн хувцсаа ч авч чадаагүй 11 сарын 08-ны өдөр Х.А-ын эхнэр Н.У- нь найз хүүхнийхээ хамт ирээд хэрүүл маргаан хийж байгаад хаалганы голоо солиод нэг ч юмаа авч чадаагүй хөөгдсөн. Цагдаагийн байгууллагаар тус асуудлыг шалгуулах явцад хэсгийн байцаагчийн тэмдэглэлд “... байрны мөнгөө өгөөд эд зүйлээ ав” гэж хэлсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ баримтыг шүүгч анхаарч үзээгүй. Мөн гэрч А.Мөнхцэцэг, Ж.Идэрзаяа, Т.Сувдаа нарын өгсөн мэдүүлгийг дутуу судалсан. Мөн ноцтой зүйл нь эхний ээлжинд би Х.А-аас байрны эзэн гэдэг утгаар нь эд хөрөнгө бичиг баримтаа нэхээд хариуцагчаар шүүхэд хандахад хариуцагчаас 2019 оны 9 сарын 23-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд Х.А- миний бие Итали, Монгол хоёрын хооронд ажлын шугамаар ирэн, очин байдаг Г.М-ын хувьд настай хүн гэдэг үүднээс аль болох хүлээцтэй ханддаг байсан. 2017 оны 7 сараас хойш 4 сарын түрээсээ төлөөгүй удааширсан ингээд мөнгөний хэрэг гараад манай эхнэр Н.У- нь очиход хэл амаар доромжилсон байсан тэгээд хорооны цагдаа дуудаж ирээд нөхцөл байдлаа хэлэхэд та нар байр хөлсөлсөн төлбөрөө төлж чадахгүй бол байраа суллаж өгөх хэрэгтэй гэж хэлээд явсан байсан. Тэгээд маргааш нь дахин очиход тэр шөнөө хамаг юмаа аваад явсан байсан гэж гүтгэн худал бичсэн байсан. Зөвхөн дээрх баримтаас үзэхэд эхлээд хариуцагч Х.А- нь ийм мэдээлэл өгч шүүхэд миний эд хөрөнгийг аваагүй гэж худал мэдүүлж, явснаа Г.Өнөржаргал гэгч цагдаагийн тэмдэглэлийг үзсэнээс хойш тухайн үед Х.А- Монгол Улсад байгаагүй гэдгээ нотолж, хамгийн сүүлд Хил хамгаалах газраас хилээр орсон, гарсан байдлаа нотолж хэрэгт баримтаа хавсаргасан надад бүх учраа хэлсэн. Манай эхнэр авсан байх, би бол тухай үед Монголд байгаагүй таны хөрөнгө эд зүйлийг би аваагүй болоод би таниас 4 сарын төлбөрөө нэхэмжлэхээ болилоо. Би эд хөрөнгө аваагүй, манай эхнэр авсан байх, эхнэр бид 2 салж байгаа одоо хэрэг нь шүүх дээр явж байгаа болохоор би Н.У-тай уулзах боломжгүй байна гэсэн. Байрны голоо солиод надад нэг ч эд хөрөнгө, хувцас хунар, бичиг баримтыг минь авах боломжгүй болгосон хүн нь Н.У- учир түүнийг хариуцагчаар татан оруулах хүсэлтийг өгсөн боловч шүүгч түүнээс дээрх баримтын аль нь үнэн болохыг асуугаагүй байж шууд хам хум шийдвэр гаргасанд гомдолтой байна. Уянга нь миний эд зүйлийг өгөөгүй байж цагдаад болохоор мөнгөө өгөөд ав гэж хэлсэн байтлаа одоо шүүх дээр эд хөрөнгийг нь аваагүй гээд өнөөдрийг хүртэл миний эд хөрөнгө бичиг баримт, хувцас хунараас нэгийг ч өгөөгүй, хаашаа ачсан нь мэдэгдэхгүй алга болгочихоод, шүүхийг үл хүндэтгэн, намайг гүтгэж, худал яриад үнэнийг олоход шүүхийг төөрөгдүүлж, шүүгч нь сэтгэлээсээ үнэн мөнийг олох сэтгэл байхгүй. Илтэд 2 зөрүүтэй мэдүүлэг байхад цагдаагаас ирсэн гол тэмдэглэлийг үл ойшоон, нотолж чадахгүй байна гэж үзэж, хэргийн үнэн мөнийг олохыг хүсэхгүй хавтаст хэргийг тал бүрээс бүрэн судалж, үнэслэлтэй шийдвэр гаргахгүй намайг шүүхийн хаалга байн, байн татахад хүргэж, байгаад их гомдолтой байна. Миний бие насаараа багш, сурган хүмүүжүүлэх ажил хийж, түмний хүүхдийн төлөө явж ирсэн. Надад хүнийг аваагүй юмыг авсан мэтээр гүтгэж, шүүхэд худал мэдүүлэг өгөх ёс зүй байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Х.А-, Н.У- нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, эрдмийн ажлын гар бичвэрүүд болон жагсаалтад дурдсан нийт 76 нэр, төрлийн эд зүйлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х.А- нь орон сууц хөлсөлсний төлбөр 2 600 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 423 000 төгрөг, нийт 3 023 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А- нь сөрөг нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Х.А-д холбогдох шаардлагаасаа тус тус татгалзжээ. /хх-ийн 30, 162-163-р тал/

 

Зохигчид 2014 оны 8 сард орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Х.А-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 9-29 тоот, 2 өрөө орон сууцыг, сарын 650 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцон, 2017 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хөлсөлж байсан болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-11-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Н.У- нь орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй гэж, 2017 оны 11 сарын 7-ны өдөр орон сууцнаас хөөж гаргасан тул нийт 76 нэр төрлийн эд зүйл болон бичиг баримтыг гаргуулна” гэсэн бол хариуцагч Н.У- татгалзалдаа “би нэхэмжлэгчтэй аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч нь манай нөхөр Х.А-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, би нөхрийнхөө зөвшөөрлөөр нэг бус удаа орон сууцны түрээсийн төлбөрийг авч байсан, тэднийг орон сууцнаас хөөж гаргасан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ. /хх-ийн 147-р  тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.М- нь нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд өөрийн эд зүйлээ бусдаас шаардах эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, А.Мөнхцэцэг, Ж.Идэрзаяа Т.Сувдаа нараас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч Т.Сувдаа “... би тус байранд үйлчлэгч хийдэг, Г.М- байрнаасаа гарахдаа хамаг юм аа алдчихлаа, хамт ороод өгөөч гэж надаас гуйсан, шинээр нүүж орсон хүнээс нь асуухад хуучин айлын эд зүйлүүдийг ачаад явсан гэж хэлсэн, тагтан дээр ямар ч байсан бараан өнгийн шкаф байх шиг байсан” гэж,

гэрч А.Мөнхцэцэг “... Г.М- ажил дээр ирчихээд манай гэрийн эд зүйлүүдийг ачаад явчихсан юм биш биз дээ гээд ажлынхандаа хэлж байсан, 2018 оны 3 сарын 06-ны өдөр такси барих гээд зогсож байхад манай тагтан дээр байсан хивс байхгүй байна гэж байсан” гэж,

гэрч Ж.Идэрзаяа “ ... орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүй учраас эд зүйлүүдийг нь барьцаалж авсан гэж бодсон, Г.М- 29 тоот руу ороод үзээч гээд байхаар нь ороход настай хүн түрээсэлсэн байсан, тагтан дээр нь өмнөх хүнийх нь хуучин юмнууд байсан, саарал хөргөгч, хивс, шарах шүүгээ байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим эд зүйлсийг шууд нэрлэн зааж тус тус мэдүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах юм. /хх-ийн 100-101-р тал/.

 

Мөн нэхэмжлэгч Г.М- нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... манай эд хогшил болох хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин зэрэг эд зүйлүүд үлдсэн” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 120-121-р тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхөд худал мэдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дах хэсэгт зааснаар хариуцлага хүлээх учиртайг нэхэмжлэгч Г.М-т танилцуулсан байх учиртай.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Г.М-ын эд зүйл болон бичиг баримтыг аваагүй гэх хариуцагч нарын тайлбар нь хэрэгт авагдсан 2018 оны 02 сарын 08-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчийн хариуцагч Х.А-тай утсаар ярьсан тэмдэглэл гэх бичгийн баримтаар няцаагдаж байна. Тус тэмдэглэлд “байрны мөнгөө өгөөд эд зүйлээ ав гэсэн, сүүлдээ юмнуудыг нь өгмөөр байгаа ч наад эмэгтэй чинь өөрөө утсаа авахгүй байсан, одоо юмнуудыг нь өгөөд шүүхэд хандаж, мөнгөө гаргуулж авна” гэж Х.А- хэлсэн талаар тэмдэглэжээ. /хх-ийн 123-р тал/

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл хариуцагч нарын эзэмшилд саарал өнгийн хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин, хивс болон шарах шүүгээ зэрэг 7 төрлийн эд зүйл үлдсэн болох нь тогтоогдож байна. Харин жагсаалтад дурдсан бусад эд зүйл болон бичиг баримтыг хариуцагч нарын эзэмшилд үлдээсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах боломжгүй юм. Жагсаалтад дурдсан бусад эд зүйл болон бичиг баримтыг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч Г.М- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй байх тул зөвхөн нэг талын тайлбарт үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Уянгын хууль бус эзэмшлээс саарал өнгийн хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин, хивс, шарах шүүгээ зэргийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-т олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

             Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Уянгын хууль бус эзэмшлээс саарал өнгийн хөргөгч, хөлдөөгч, ор, хувцасны шкаф, угаалгын машин, хивс, шарах шүүгээ зэргийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У-ас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                                        ШҮҮГЧИД                         Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                 Г.ДАВААДОРЖ