Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02018

 

 

 

 

 

 

 

 

 

“Ү-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ү-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К-” ХМХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 412 390 889.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “К-” ХМХ-тэй 2017 оны 4 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд 2017 оны 11 сарын 30-ны өдөр тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2017 оны 4 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2018 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2017 оны 4 сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй, 3 өрөө орон сууц, “Лексус ар экс 400 эйч” маркийн, мөнгөлөг ногоон өнгийн автомашин, гэрэл зургийн студи болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардлага хүргүүлсэн болно. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр огт төлөөгүй, үндсэн хүүгийн төлбөрт 23 597 887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264 812.32 төгрөг буюу нийт 23 862 700 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул зээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Иймд 2019 оны 3 сарын 25-ны өдрийн байдлаар тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11 714 804.12 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100 676 084.92 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 300 000 000 төгрөг буюу нийт 412 390 889.04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Зээлдэгч авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэх асуудал нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй, зориулалтын дагуу зарцуулах үүрэг нь гэрээ болон хуулиар хариуцагчид хамаарна, зориулалтаар нь ашигласан эсэхээс үл хамааран буцаан төлөх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлээс төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэх хэсгийг зөвшөөрнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл болно. Учир нь дээрх зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан мэт зээлийн гэрээ байгуулсан боловч бид зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй бөгөөд банкинд 2017 оны 7 сарын 03-ны өдөр буцаан тушаасан байдаг. “Ү-” ХХК нь 2011 оны 11 сарын 09-ний өдөр “Ирмүүн мальтимедиа” ХХК-тай ТЗ-11/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас 300 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан. Ирмүүн “Мальтимедиа” ХХК нь үйл ажиллагаа нь доголдож цаашид зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болоход “Ирмүүн мальтимедиа” ХХК өөр аж ахуйн нэгж дээр зээлээ үргэлжлүүл гэж шаардсаны дагуу “К-” ХМХ-ийн нэр дээр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний 1.1-т “зээлийн гэрээний зорилго нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, банкны зээлийн үйл ажиллагааны тухайд нийцүүлэн банкнаас зээл олгох, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад хяналт тавих, талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан атлаа “К-” ХМХ-д олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө зээлдүүлэгч банк буцаан авсан байгаа нь дээрх зээлийн гэрээний зорилгод нийцэхгүй байна. Мөн тус гэрээний 3.1.5-д зааснаар зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч зээлийн мөнгө зориулалтын дагуу ашиглагдаагүй буюу “Ү-” “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн хооронд 2011 оны 11 сарын 09-ний өдөр байгуулагдсан ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний 500 000 000 төгрөгийн үлдэгдэл 300 000 000 төгрөгийн төлбөрт төлөгдсөн. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 13 дугаар зүйлийн 13.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24, 26 зөрчсөн, мөн нэхэмжлэгч банкны зээлийн бодлогын журмын 3.9.1, 3.9.4 дэх заалтыг зөрчсөн. Нэг зээлийг өөрийн банкны эх үүсвэрээс олгосон зээлээр хаасан үйл баримт харагдаж байгаа. Ийм учраас зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан “К-” ХМХ-ээс 412 390 889.04 төгрөгийг гаргуулан “Ү-” ХХК-д олгож, 99-95 УНТ улсын дугаар бүхий “Лексус ар икс 400” маркийн автомашин, “К-” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг нэр бүхий 95 төрлийн эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “К-” ХМХ нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байр, 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 290 104.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 219 904.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээнд “К-” ХМХ-ийг төлөөлж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бус харин үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа гарын үсэг зурсан байх боловч хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, энэ үйл баримтад маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзсэн болно гэжээ. Иргэний хуулийн дээрх заалт нь хэлцэл хүчин төгөлдөр байх эсэхийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалт болохоос хэлцлийн хэлбэрийг нарийвчлан зохицуулсан заалт биш юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Зээлдэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субъект зээлийн гэрээнд биечлэн гарын үсэг зураагүй бөгөөд уг зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй, зээлийн хэлцэл байгуулагдсан байх тул “К-” ХМХ зээлийн хүүг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Мөн үндэслэх хэсэгт гэрч Б.Ичинхорлоогийн гаргасан мэдүүлгийг тусгасан бөгөөд уг мэдүүлэгт тэрээр Би А.Дэлгэржаргал захирлаас итгэмжлэл авч, чек хийлгэж банкин дээр очиж данснаас мөнгө авч, “Ирмүүн мальтмедиа” ХХК-ийн зээлийг хаасан. А.Дэлгэржаргал захирал зээлийг аваад нөгөө зээлээ хаахгүй бол болохгүй гэж надад хэлсэн бөгөөд банк надад бэлэн мөнгө өгөөгүй, гүйлгээний баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Өөр данс руу гүйлгээг хийлгэсэн. Захирал утсаар мэдэгдсэн бөгөөд зөвшөөрсөн учраас би гүйлгээг хийсэн. Зээл хаасан баримт дээр А.Дэлгэржаргал захирлын гарын үсгийг би зурсан гэж мэдүүлсэн байдаг. А.Дэлгэржаргалын зүгээс Б.Ичинхорлоод зээлээр орж ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авах, захиран зарцуулах ямар нэгэн итгэмжлэл олгоогүй бөгөөд түүнд бичиж өгсөн чекэнд зөвхөн 2900012958 тоот данснаас 298 495 000 төгрөгийг хүлээн авах эрхийг олгосон болохоос тэр мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй болно. Банкинд чэкээр гүйлгээ хийх эрх олгохоос өмнө түүнд эрх олгосон итгэмжлэл давхар байх ёстой тэрхүү итгэмжлэл, банкинд хадгалагдах ёстой, тийм итгэмжлэл олгоогүйг А.Дэлгэржаргал хэлдэг. Мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээд бичгээр зөвшөөрөл олгоогүй байхад “Ү-” ХХК нь тухайн зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүйгээр дур мэдэн гүйлгээг хийж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэг, Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т тус тус заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заажээ. “К-” ХМХ-д 300 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж үзэж байгаа тул хүү 100 676 084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 714 804.12 төгрөг, нийт 112 390 889.04 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 412 390 889.04 төгрөгөөс 112 390 889.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ү-” ХХК нь хариуцагч “К-” ХМХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 412 390 889.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 4 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ү-” ХХК нь 300 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч “Космополитан” ХМХ нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар талууд 2017 оны 11 сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 3 сараар буюу 2018 оны 7 сарын 24-ний өдөр хүртэл сунгасан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 17-р тал/

 Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, А.Дэлгэржаргалын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 116 дугаар байр, 257 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт бүртгэлтэй, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 99-95 УНТ улсын дугаар бүхий “Лексус ар экс 400 эйч” маркийн автомашин, “К-” ХМХ-ийн өмчлөлийн 95 төрлийн тоног төхөөрөмжийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 13-16-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийж, зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ... үүргийг хүлээнэ” гэж,

26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж тус тус зааснаас гадна талуудын байгуулсан гэрээний 3.1.5-д зээлийн мөнгөн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай байхаар тохиролцжээ.

 

Гэвч зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний заалтад нийцээгүй буюу “Ү-” ХХК, “Ирмүүн мальтмедиа” ХХК-ийн хооронд 2011 оны 11 сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу олгогдсон зээлийг төлүүлэх зорилгоор 2017 оны 4 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрч Б.Ичинхорлоогийн мэдүүлэг, “Ү-”-ны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, чек, “Ирмүүн мальтмедиа” ХХК-ийн зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 39-41, 45-46, 79-80, 197-198-р тал/

Тодруулбал, нэхэмжлэгч “Ү-” ХХК нь 2017 оны 7 сарын 03-ны өдөр 300 000 000 төгрөгийг хариуцагч “Космополитан” ХМХ-ийн дансанд шилжүүлж, мөн өдөр хариуцагч байгууллагын нягтлан бодогч тус банкинд 286 838 625.50 төгрөгийг буцаан төлж, “Ирмүүн мальтмедиа” ХХК-ийн зээлийг хаасан болох нь дээр дурдсан дансны хуулга, орлогын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. 

 

Иймд зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн мөнгөн хөрөнгө дансанд орсон өдрөө “Ирмүүн мальтмедиа” ХХК-ийн зээлэнд буцаан төлөгдсөн тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглагдаагүй, өөр компанийн зээлэнд төлөгдсөн байх тул талуудын хооронд 2017 оны 4 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул хариуцагч “К-” ХМХ-д гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Түүнчлэн, уг зээлийн гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болох нь тус байгууллагын дүрэм, гэрээнд үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа гарын үсэг зурснаар тогтоогдож байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

 

Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч “Космополитан” ХМХ нь нэхэмжлэгч “Ү-” ХХК-иас шилжүүлсэн 300 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 300 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Нөгөө талаар хариуцагч “К-” ХМХ нь нэхэмжлэгчид 23 862 700 төгрөгийг буцаан төлсөн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрт заасан 412 390 889.04 төгрөгөөс 300 000 000 төгрөгийг зөвшөөрсөн агуулгаар гомдол гаргасан байх тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч “Космополитан” ХМХ-ээс 300 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 112 390 889.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ. 

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд анхан шатны шүүх А.Дэлгэржаргалын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 116 дугаар байр, 257 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт бүртгэлтэй, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 99-95 УНТ улсын дугаар бүхий “Лексус ар икс 400 эйч” маркийн автомашин болон “К-” ХМХ-ийн өмчлөлийн 95 төрлийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй байна.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д ...” гэснийг,

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэж,

“ ... “К-” ХМХ-ээс 412,390,889.04 төгрөгийг гаргуулан “Ү-” ХХК-д олгож, ...” гэснийг,

““К-” ХМХ-ээс 300 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ү-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 112 390 889.04 төгрөгт холбогдох хэсгийг болон” гэж,

            3 дах заалтын “ ... 2,219,904.45 ...” гэснийг “1 728 150” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 719 905 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                        ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                            Г.ДАВААДОРЖ