Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02049

 

 

 

 

 

 

 

    2020        8           10  

            181/ШШ2020/02049

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:  “У” ХМХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 412,390,889.04 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, Г.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, гэрч Б.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус банк нь “У” ХМХ-тэй 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ТС-ХЭ- 17/007-01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот барьцааны гэрээ, мөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж дараах эд хөрөнгийг барьцаалсан.

Үүнд: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 116 дугаар байрны 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 99-95 УНТ улсын дугаартай “Лексус А-Икс400” маркийн, мөнгөлөг ногоон өнгийн автомашин, гэрэл зургийн студи болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд, тоо ширхэг жагсаалтын дагуу багтсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардлага хүргүүлсэн болно.

Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр огт төлөөгүй, үндсэн хүүгийн төлбөрт 23,597,887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264,812.32 төгрөг буюу нийт 23,862,700 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул зээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,714,804.12 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,676,084.92 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Зээлдэгч авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэх асуудал нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй, зориулалтын дагуу зарцуулах үүрэг нь гэрээ болон хуулиар хариуцагчид хамаарна, зориулалтаар нь ашигласан эсэхээс үл хамааран буцаан төлөх л үүрэгтэй гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлээс төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэх хэсгийг зөвшөөрнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй.

“Ү” ХХК-тай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл болно. Учир нь, дээрх зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг 1 жилийн 24 хувийн хүүтэйгээр 1 жилийн буюу 12 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан мэт зээлийн гэрээ байгуулсан боловч бид зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй бөгөөд “Хөрөнгө оруулалтын банк”-нд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр буцаан тушаасан байдаг.

“Ү” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Ирмүүн Мальтимедиа” ХХК-тай ТЗ-11/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар зээлсэн. ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас 300,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан. “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь үйл ажиллагаа нь доголдож цаашид зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болоход “Ирмүүн Мальтимедиа” ХХК өөр аж ахуйн нэгж дээр зээлээ үргэлжлүүлчих гэж хүсэж шаардсаны дагуу бид 2011 оны ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 300,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох орон сууцны хамт “У” ХМХ-ийн нэр дээр шилжүүлэн буцаан барьцаалж “У” ХМХ-ийн нэр дээр “Ү”-тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.

ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээний 1.1-т зээлийн гэрээний зорилго нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухайд нийцүүлэн банкнаас зээл олгох, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад хяналт тавих, .... талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан атлаа “У” ХМХ-д олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө зээлдүүлэгч банк буцаан авсан байгаа нь дээрх зээлийн гэрээний зорилгод нийцэхгүй байна.

Мөн тус гэрээний 3.1.5-д зааснаар зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч зээлийн мөнгө зориулалтын дагуу ашиглагдаагүй буюу “Үндэсний хөрөнгө оруулалтын” банк “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан ТЗ-11/006 тоот зээлийн гэрээний 500,000,000 төгрөгийн үлдэгдэл 300,000,000 төгрөгийн төлбөрт төлөгдсөн.

Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 13 дугаар зүйлийн 13.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24, 26 зөрчсөн, мөн нэхэмжлэгч банкны зээлийн бодлогын журмын 3 дугаар зүйлийн 3.9.1, 3.9.4 дэх заалтыг зөрчсөн. Нэг зээлийг өөрийн банкны эх үүсвэрээс олгосон зээлээр хаасан үйл баримт харагдаж байгаа.

Ийм учраас зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна. Бид аль болох маргаангүйгээр асуудлаа шийдвэрлэх зорилгоор албан бичгүүд явуулж байсан. Жилийн 7 хувийн хүүтэй зээлийг жилийн 24%-ийн хүүтэй зээлээр сольсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг зөрчсөн. Зээлийг олгосон мэт боловч яг олгоогүй. Зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй, зорилго хангагдаагүй. Зээлийг ашиглаагүй учир хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч “У” ХМХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрөөс буцаан төлсөн, дансны хуулгаар баталгаажсан дүнг хасаж, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрч, ашиглаагүй зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж зээлийн төлөгдсөн хэсэг болоод шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн ТС-ЭХ-17/007 тоот гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Ү” ХХК нь 300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч “У” ХМХ нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд сар бүр зээлийн бодогдсон хүүг төлөх, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд сар бүр бодогдсон хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ТС-ХЭ-17/007-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл сунгасан байна.

 

Үүнээс гадна “Ү” ХХК болон “У” ХМХ, А.Дэлгэржаргал нар 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, 

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

“Ү” ХХК болон “У” ХМХ нар 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, 

-99-95 УНТ улсын дугаар бүхий А.Дэлгэржаргалын эзэмшлийн “Лексус А-Икс400” маркийн автомашин,

-“У” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг нэр бүхий 95 төрлийн эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч одоо гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаа /хэтэрсэн хугацаа/-ны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хэмжээгээр тооцож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээг “Ү” ХХК-ийн зээлийн бодлогын 3.9.1, 3.9.4 дэх заалтууд, Иргэний хуулийн  13 дугаар зүйлийн 13.3, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24, 26 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж маргаж, үндсэн зээлээс төлөгдсөн төлбөрийг хассан дүнг зөвшөөрч, ашиглаагүй зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.

 

Нэг. “У” ХМХ-ээс зээлийн гэрээний үүрэгт 412,390,889.04 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

 ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээнд “У” ХМХ-ийг төлөөлж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бус харин үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа гарын үсэг зурсан байх боловч хариуцагч нь зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, энэ үйл баримтад маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг үндэслэн зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзсэн болно.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч Б.Ичинхорлоогийн шүүх хуралдаанд гаргасан “...“Ү” ХХК-аас манай компани 300,000,000 төгрөгийн зээл авч байгаа гэж захирал А.Дэлгэржаргал хэлсэн. Би А.Дэлгэржаргал захирлаас итгэмжлэл авч чек хийлгэж банкан дээр очиж данснаас мөнгө авч, “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн зээлийг хаасан. Зээлийг аваад нөгөө зээлийг хаахгүй бол болохгүй гэж А.Дэлгэржаргал захирал хэлсэн бөгөөд банк надад бэлэн мөнгийг өгөөгүй, гүйлгээний баримт дээр гарын үсэг зуруулж, өөр данс руу гүйлгээ хийлгэсэн. Энэ тухай би захирал А.Дэлгэржаргалд утсаар мэдэгдсэн бөгөөд зөвшөөрсөн учраас л тэр гүйлгээг хийсэн байх. Зээл хаасан баримт дээр А.Дэлгэржаргал захирлын гарын үсгийг би зурсан. Энэ бүхнийг би захирлын зөвшөөрлөөр л хийсэн гэж бодож байна. Тухайн үед ингэж байна гэж утсаар яриад л үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь зээл 300,000,000 төгрөгөөс шимтгэл хассан дүн 298,495,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17701 тоот чекээр хариуцагч “У” ХМХ-ийн ня-бо Б.Ичинхорлоод гүйлгээ хийн олгосон, Б.Ичинхорлоо нь “У” ХМХ-ийн эрхлэгчийн даалгасны дагуу уг мөнгөний 274,979,226.45 төгрөгөөр нь мөн өдөр “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн зээлийг төлж хаасан үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнээс үзвэл хариуцагч нь зээлийг зориулалтын дагуу буюу хөрөнгө оруулалтад ашиглаагүй болох нь нотлогдож байна.

 

Гэхдээ зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй байдал нь нэхэмжлэгчийг буруутгах бус, харин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл болох тул энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

Харин зээл олгох ажиллагаа “Ү” ХХК-ийн зээлийн бодлогод нийцээгүй тохиолдолд хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байж болохуйц юм.

 

“Ү” ХХК-ийн Зээлийн бодлогын “Хориглох үйл ажиллагаа” гэсэн 3.9 дэх заалтын 3.9.1-д “Тус банканд болон бусад банк, санхүүгийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчид нэмж зээл олгох замаар өмнө олгосон зээл, зээлийн хүүг төлүүлэхийг хориглоно”, 3.9.4-т “Банкнаас өмнө авсан зээл, зээлийн хүү нь хугацаа хэтэрч гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй, зээлийг үр ашиггүй зарцуулсан нь нотлогдсон бол зээл олгохыг хориглоно” гэж тус тус заажээ.

 

“У” ХМХ нь “Ү” ХХК-аас урьд авсан хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, ТС-ЭХ-17/007 тоот зээлийн гэрээгээр авсан 300,000,000 төгрөгийн зарим хэсгийг “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн авсан зээлийн төлбөрт төлсөн болох нь тогтоогдсон тул Зээлийн бодлогын 3.9.1, 3.9.4-т заасан хориглосон заалтыг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ... зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй...” зохицуулалтыг зөрчсөн гэж буруутгах нотлох баримт байхгүй байна.

 

Зээлийн гэрээ Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24-т заасанд нийцсэн, зээлийг ашиглаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул бусдын зээлийн төлбөрийг төлөх замаар ашигласан зээлийг тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцагч заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч харилцан биелүүлэх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлийн гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан байхад хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 23,862,700 төгрөгийг буцаан төлсөн байх тул шүүх хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь үндсэн зээлийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээлийн гэрээний дагуу, энэ хугацаанаас хойших буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээгээр тохирсон хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хуулийн дагуу шаардах эрхтэй байна.

 

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлд 300,000,000 төгрөг, зээлийн хүүд 100,676,084.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,714,804.12 төгрөг буюу нийт 412,390,889.04 төгрөг төлөх үүрэгтэй гэсэн нэхэмжлэгчийн тооцоололд хариуцагч маргаагүй, тооцоолол үндэслэлтэй байх тул шүүх хариуцагчаас нийт 412,390,889.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

1. “У” ХМХ, А.Дэлгэржаргал нартай байгуулсан ТС-ЭХ-17/007 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д нийцсэн гэрээний дагуу үүсэж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, энэ барьцаагаар хангагдах үндсэн шаардлагыг шүүх хангасан тул “Ү” ХХК-ийн барьцааны шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагчийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2.“Ү” ХХК болон “У” ХМХ нар 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдөр ТС-ЭХ-17/007 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж,  99-95 УНТ улсын дугаар бүхий А.Дэлгэржаргалын эзэмшлийн “Лексус А-Икс400” маркийн автомашин, “У” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг нэр бүхий 95 төрлийн эд хөрөнгөнүүдийг тус тус барьцаалсан.

 

Энэ гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж барьцаа хөрөнгийн өмчлөгч А.Дэлгэржаргал оролцоогүй, “У” ХМХ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бус харин үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа төлөөлж гарын үсэг зуржээ.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ.” гэж заасан тул “Ү” ХХК-д 99-95 УНТ улсын дугаар бүхий А.Дэлгэржаргалын эзэмшлийн “Лексус А-Икс400” маркийн автомашинтай холбоотой барьцааны эрх үүсээгүй гэж үзнэ.

 

Харин “У” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэргийг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, “У” ХМХ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаад зөвшөөрөл олгосон бичгийн баримт хэрэгт авагдаагүй, барьцааны зүйлийн өмчлөгчийн эрх хөндөгдөх энэ тохиолдолд зээлийн гэрээнээс ялгаатай нь хэлцлийг Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар бус харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэл үүсэх тул барьцааны гэрээг хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлээгүй л бол шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлээс эрх, үүрэг үүсэхгүй тул шүүх хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан “У” ХМХ-ээс 412,390,889.04 төгрөгийг гаргуулан “Ү” ХХК-д олгож, 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан 99-95 УНТ улсын дугаар бүхий А.Дэлгэржаргалын эзэмшлийн “Лексус А-Икс400” маркийн автомашин, “У” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг нэр бүхий 95 төрлийн эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “У” ХМХ нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028363 дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,104.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,219,904.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА