Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2020/00015

 

С.Э, Ш.Д нарын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00176 дугаар шийдвэртэй, С.Э, Ш.Д нарын нэхэмжлэлтэй С.М, Н.Н, Ч.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон алданги С.М 1 462 500 төгрөг, Н.Н 1 462 500 төгрөг, Ч.Ц 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  өмгөөлөгч П.Н давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч С.М, Н.Н нарын өмгөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М, нөхөр Н.Н, худ Ч.Ц нар нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр С.М, Н.Н нарын өмчлөх эрхийн 000427245 дугаартай Говьсүмбэр аймаг Шивээговь сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 01 тоот, Y-1903000497 дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан сарын 5 хувийн хүүтэй, 3 500 000 төгрөгийг зээлж авсан. 07/16-04 дугаартай барьцаат зээлийн гэрээ бичсэн. 2018 оны 07 дугаар сарын 16-нд зээлийн 3 500 000 төгрөгийн 3 350 000 төгрөгийг ХААН банкны 5992023839 тоот Н.Н дансанд, 150 000 төгрөгийг бэлнээр олгосон. Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн Г.Д би анд нөхдийн холбоотой байдаг бөгөөд тухайн үед Г.Д манай ангийн хүүхэд Ч.Ц туслаад зээл олгооч гэж гуйсан учир зээл өгсөн. Зээл авсан тухайн үед болон зээл нэмж авах бүртээ Ч.Ц нь би энэ зээлийг бүрэн хариуцаад төлж барагдуулна гэж надад болон надтай хамтран ажилладаг Ш.Д хэлж байсан. Зээл авснаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 24 хүртэлх /8,9,10,11,12,1/- сарын нийт 6 сарын хүүг сар бүр, 2018 оны 12 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөгийг Ч.Ц төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 29-нд Ч.Ц нь зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөг дээр 300 000 төгрөг нэмж зээлсэн тул 1 800 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, гэрээний хуудсанд зай үлдээгүй тул 07/16-04 дугаартай гэрээний үргэлжлэл болгож 01/29-02 дугаартай барьцаат зээлийн гэрээ шинээр бичсэн. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2 сарын төлбөр хийгдээгүй явж байгаад 2019 оны 03 дугаар сарын 27-нд Ч.Ц нь зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг дээр 400 000 төгрөг нэмж зээлсэн тул 2 200 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, 07/16-04, 01/29-02 дугаартай гэрээнүүдийн үргэлжлэл болгож 03/27-01 дугаартай барьцаат зээлийн гэрээ шинээр бичсэн. 2019 оны 03 дугаар сарын 27-оос хойш 4,5 дугаар сарын хүүг төлж байгаад 2019 оны 06 дугаар сарын 06-нд Ч.Ц нь зээлийн үлдэгдэл 2 200 000 төгрөг дээр 1 300 000 төгрөг нэмж зээлэн 3 500 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон тул 07/16-04, 01/29-02, 03/27-01 дугаартай гэрээнүүдийн үргэлжлэл болгож 06/06-02 дугаартай барьцаат зээлийн гэрээ шинээр бичсэн. 2019 оны 06 дугаар сарын 06-нд нэмж зээлсэн 1 300 000 төгрөгийг ХААН банкны 5019156973 тоот Ч.Ц дансанд шилжүүлсэн. Сүүлд зээл авсан 2019 оны 06 дугаар сарын 06-аас хойш 2019 оны 09 дүгээр сарын 24 хүртэлх 6, 7, 8, 9 сарын хүүг Ч.Ц төлж 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс хойш ямар нэгэн төлбөр хийгдээгүй. С.М, Н.Н, Ч.Ц нартай уулзаж болон утсаар зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан, мөн хугацаа тохирч төлбөр хийх талаар тохиролцсон боловч ямар нэгэн төлбөр хийгдээгүй болно. Одоо 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс хойш 2020 оны 06 дугаар сарын 16 хүртэл нийт 9 сарын хүү болох нэг сарын 175 000 төгрөг, 1 575 000 төгрөг, зээлсэн 3 500 000 төгрөг нийт 5 075 000 төгрөгийн үлдэгдэл байна. Иймд нийт 3 500 000 төгрөгийн зээлийн 1 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс хойш хугацааны хүү болох 450 000 төгрөг, нийт 1 450 000 төгрөгийг С.М, нийт 3 500 000 төгрөгийн зээлийн 1 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс хойш хугацааны хүү болох 450 000 төгрөг, нийт 1 450 000 төгрөгийг Н.Н, нийт 3 500 000 төгрөгийн зээлийн 1 500 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-өөс хойш хугацааны хүү болох 675 000 төгрөг, нийт 2 175 000 төгрөгийг Ч.Ц тус тус нэхэмжилж байгаа. Хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцоогүй болно гэжээ.

Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ломбардны ажилтан зээлээ хамт бичүүл гэж шахсан, мөн зээл аваад хүүнд нь өг гэж шахаж шаардсан юм шиг яриад байна. Тийм юм байхгүй. Н.Н, С.М нарын хувьд 3 500 000 төгрөгийг өөрсдийнхөө данс руу авсан байгаа. Аваад хэдэн төгрөгийг яаж зарцуулсан нь бид нарын асуудал биш. Манайх орон нутгийн холбогдох байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн этгээд бол биш. Бусад хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлаж, иргэнээрээ зээлийн гэрээ хийж, зээл олгодог. Энэ мөнгө нь бидний хуримтлуулсан дундын мөнгө, хамтарч ломбард ажиллуулдаг. 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа, Сүмбэр суманд 2 салбартай, Ч а ломбард гэдэг. Ломбард ажиллуулах зөвшөөрөл бол Улаанбаатар хотод Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас олгодог. Орон нутагт бол тийм юм байхгүй. Иймд зээлийн гэрээний дагуу С.М, Н.Н нараас тус бүр 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс хойш хугацааны хүү болох 337 500 төгрөг, алданги 375 000 төгрөг, үндсэн зээл 750 000 төгрөг нийт 1 462 500 төгрөгийг, хариуцагч Ч.Ц 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс хойш хугацааны хүү болох 900 000 төгрөг, алданги 1000 000 төгрөг, зээлийн 2000 000 нийт 3 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас барьцаанд байгаа байрыг булааж авах хүсэл байхгүй. Өгсөн мөнгөө, хохирсон хугацааны хүү, алдангийн хамт буцааж авъя гэж нэхэмжилсэн байгаа гэжээ.

Хариуцагч С.М, Н.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөгийг авсан нь үнэн. 1 500 000 төгрөгийг нь Ч.Ц, 2 000 000 төгрөгийг нь хүү, бэр хоёртоо өгсөн. Тухайн үед бичгээр гэрээ хийсэн. Яагаад гэхээр манай хүү Н.Б, бэр хоёр зээлээ төлөх гэсэн юм, байраа барьцаанд тавиад 1 500 000 төгрөг зээлээд өгөөч гэхээр нь ломбарднаас мөнгө авсан. Бид нарт бол мөнгөний хэрэгцээ байгаагүй. Хүнд тус болох зорилгоор байраа барьцаанд тавьсан. Тэгээд энэ хүмүүсийг хүүгээ төлөөд байгаа байх л гэж бодсон. Ш.Д надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Ч.Ц ярьж байсан байх. Тэр үед Ч.Ц хүү, бэр хоёртой хамт амьдардаг, худ ураг байсан. Хэн нь хэрхэн, яаж зарцуулсныг нь мэдэхгүй байна. Зээл авч өгсөн нь үнэн. С.Э нотариат дээр л уулзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээл гаргуулсан байдаг. Тухайн үед надад 3 500 000 төгрөгийн зээл гаргуулах хэрэгцээ шаардлага байгаагүй. Манайх Улаанбаатар хотод амьдарч байгаад 2018 оны 07 дугаар сарын 01-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүж ирээд байр түрээсэлж амьдарч байсан. Энэ шалтгаанаараа өөрийн найз Д баяр өнгөрөөгөөд надад 1 500 000 төгрөг зохицуулж өгөөрэй гэж захисан байсан. Гол нь би 07 дугаар сарын 16-нд энэ мөнгийг авна гэж тооцож ирээгүй. Манай охин тухайн үед Н.Н бэр байсан. Төрөх гээд Чойр дээр эмнэлэгт байсан. Хүүхэддээ хоол, цай хүргэж ирэхэд Н.Н, С.М нар нь зээл хөөцөлдөөд явж байсан. Тэгээд Н.Н байхад манай найз Д над руу утсаар яриад нөгөө асуудлыг чинь зохицуулсан шүү 88019598 гэдэг утсаар яриад очоод аваарай. Гэхдээ бага зэргийн хүүтэй байгаа шүү гэж надад хэлсэн. Ингээд би очиход ломбард байсан. Д намайг явууллаа гээд ломбардны ажилтанд хэлсэн. Тэгэхэд Н.Н, С.М хоёр байрны бичиг баримтаа үзүүлээд 2 000 000 төгрөг авах шаардлагатай байна гээд байж байсан. Тэгээд ноториат дээр очоод гэрээгээ батлуулаад ирсэн. Зээл олгох үед та нар худ ургууд, дээр нь та барьцаагүй авч байгаа юм чинь нэг барьцаан дээр нийлүүлээд биччихье, зохицоод мөнгө төгрөгөө төлчихөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед ямар ч гэрээ хэлцэлгүйгээр найз нөхдийн журмаар итгэлцлийн үндсэн дээр 1 500 000 төгрөг авахаар тохирсон байсан. Энэ гэрээн дээр гарын үсэг зураагүй. Байрны бичиг баримтыг ч мэдэхгүй. Зээлсэн 3 500 000 төгрөгнөөс надад 1 500 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хэрхэн яаж зохицуулсныг мэдэхгүй. Тухайн үед хүргэн Б цалингийн зээлтэй мөнгөний асуудалтай байсан. Мөн нэг өрөө байраа хоёр өрөө байраар сольж зөрүү 300 000 төгрөгийн урьдчилгаа өгнө гэж байсан. Төрөхийн бэлтгэл хийнэ гэхэд аав болох Н.Н нь бэрдээ АТМ-аас 350 000 төгрөг авч өгсөн. Бусад мөнгийг нь өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулсан байх. Би өөрийнхөө 1 500 000 төгрөгийг аваад гэрт хаягдсан байсан гэрээг нь харахад эцсийн хугацаа 06 сард гэсэн байсан. Би хүүхдүүдээ бодоод хүүг нь төлөөд явсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүү 200 000 төгрөг, үндсэн төлөлт 1 500 000 төгрөгийг Ш.Д данс руу шилжүүлсэн байдаг. Зээлийн хугацаа 1 сар үлдлээ шүү энэ хугацаанд барьцаанд байгаа байрны эзэдтэй холбогдоорой гэж ломбардны хүнд хэлж байсан. 01 дүгээр сарын 20-нд ломбарднаас холбогдоод та ирээд уулзаад өгөө ч ээ нөгөө хүмүүстэй холбоо барьж чадахгүй байна гэж байсан. Тухайн үед манай охин Н.Н хүүгээс салсан байсан. Үр хүүхдээ бодоод буцаад эвлэрэх үед орон гэргүй болчих байх гэж бодоод зээлийн хүүг төлж байсан. Бага багаар төлж дуусгах уу гэж ярилцаад 01 дүгээр сарын 23-нд би 500 000 төгрөгийг өгсөн. Би үндсэн мөнгөнөөс нь 1 500 000 төгрөг үлдээгээд боломж бололцоогоороо өгөөд дуусгаарай гээд утсаар ярихад Н.Н, С.М нар юу яриад байгаа юм бэ чи тэр байрны бичиг баримт авч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би илүү юм хийсэн юм байна гэж бодоод ломбардны хүн дээр очоод эгч нь илүү төлсөн 500 000 төгрөгөө авъя анхнаасаа чи намайг 1 500 000 төгрөг авсныг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд энэ хүмүүс чинь зээлнээсээ төлөөгүй хугацаа нь хэтрээд алданги тооцсон байгаа гэж хэлсэн. Тэгээд би 300 000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгийг илүү төлсөн 500 000 төгрөгнөөс өгч байна гэж бодсон, тэгэхэд надад зээл хэлбэрээр гаргасан байсан. Анхнаасаа би зээлийн гэрээ байгуулаагүй. Би байр нь хураагдвал хүүхдүүдэд минь хэцүү байх гэж бодоод төлж байсан. Би 4 сарын хүүнд 175 000 төгрөгийн хүүг төлсөн. Тэгээд дараа нь дахиад хүргэнтэйгээ холбогдоод өгөө ч ээ гээд манай найз Д нэрийг бас хэлээд байсан учраас би найз нөхдийнхөө итгэлийг алдчих вий гэж бодоод дахин зээл авч хүүг нь төлж явж байсан. Цэцэрлэг, сургууль эхлээд би дахиж хүү төлөхгүй гэдгээ ломбардны хүнд хэлээд хүргэн байсан Н.Б утасны дугаарыг өгсөн. Түүнээс хойш төлөлт хийгээгүй. Тэгээд 9 сарын дараа надад 3 900 000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Авсан өдрөөсөө хойш би нийт 3 955 000 төгрөг шилжүүлсэн. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э, хариуцагч С.М, Н.Н нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 3 500 000 төгрөгийн, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Ч.Ц нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 300 000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 220 000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1 300 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

хариуцагч С.М, Н.Н нараас тус бүр 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож, тэдэнд холбогдох нэхэмжлэлээс үлдэх 925 000 төгрөгийн, хариуцагч Ч.Ц 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 177 700 төгрөгнөөс 154 050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 23 650 төгрөгийг орон нутгийн орлогоос нэхэмжлэгч нарт буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М, Н.Н нараас тус бүр 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.12-ны 134/ШШ2020/00176 дугаар шийдвэрийг дүгнэлтийн хувьд логик зөрчилтэй, хуулийг буруу ойлгож тайлбарласан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар  гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч иргэн С.Э, иргэн Ш.Д нар нь хариуцагч С.М, Н.Н нараас тус бүр хүү, алдангийн хамт 1 462 500 төгрөг, Ч.Ц мөн хүү алдангийн хамт 3 900 000 төгрөг, хариуцагч нараас нийтдээ 6 825 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ч.Ц тодорхой төлбөрийн зээл, зээлийн хүүд эргэн төлсөн, харин зээлдэгч С.М, Н.Н нар нь огт төлөөгүй байна” гэсэн бөгөөд “... нэхэмжлэгч нар нь хууль зөрчиж, зээлийн үйл ажиллагаа явуулж, иргэнийхээ хувиар бусадтай зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56.1, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж дүгнэжээ.

Дээрх эрх зүйн дүгнэлт нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байна. Тодруулбал шүүх нэгэнт хийгдсэн бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн гэрээг хууль зөрчсөн байх үндэслэлгүй атал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т зааснаар “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл шаардагдана. Уг зөвшөөрлийг 7.1-д зааснаар төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно” гэснийг баримтлан хүчин төгөлдөр бус гэжээ.

Үүнээс хархад анхан шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т заасан “хадгаламж, зээлийн үйл ажиллагаа”-г Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан” барьцаат зээлийн үйл ажиллагаа”-тай хольж буюу андуурч ойлгосон нь илэрхий байна.

Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг банкны үндсэн үйл ажиллагаатай адилтгаж ойлгох ёстой болохоос биш зөвхөн хадгаламжгүй зээл, зээлгүй хадгаламж гэх маягаар салган ойлгох боломжгүй юм.

Харин барьцаат зээлийн үйл ажиллагаанд хадгаламжийн тухай мөн ярих боломжгүй.

Нөгөөтэйгүүр тус хэргийн хувьд барьцаалан зээлдүүлэх газар ямарч хамаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Ч а барьцаалан зээлдүүлэх газар биш иргэн С.Э, Ш.Д нар юм. Хариуцагч нартай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдан хүү төлбөр тооцооны баримт шаардлагатай болсон тул Ч-а гэсэн нэртэй барьцаат зээлийн гэрээний загварыг ашиглан тохиролцож, зээл өгч, буцаж төлсөн төлбөр, хүүг тэмдэглэсэн байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан асуудал нь хууль бус гэж үзвэл барьцааны гэрээ хүчингүй болохоос биш зээлийн гэрээ хүчингүй болохгүй. Талуудын хооронд хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийж, хүү алдангийг тогтоосон байна. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхийн үндсэн нөхцөл болно.

Анхан шатны шүүх хэргийн материал, шүүх хуралдааны явцад хариуцагч тус бүр зээлийн гэрээ байгуулж мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн мөн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх тухай гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдсон, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал хүү төлж 2019 оны 09 дүгээр сар хүртэл явсан нь гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэнийг нотлож байна.

Хэргийн нөхцөл байдал ийм илэрхий тодорхой байсаар байхад шүүх /шүүгч/ өөрийн субьектив хандлагаар хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй байна.

2. Шүүгч процессын маш том алдаа гаргасан. Тухайлбал: Тус шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч нь шийдвэрээ зөвлөгдөх тасалгаанд гаргаагүй буюу шүүх хуралдааны явцад ямар шийдвэр гарах нь илт тодорхой харагдаж байв. Учир нь: шүүгч Б.Н нь шүүх хуралдааныг эхлүүлээд нотлох баримт шинжлэж дуусаад нотлох баримттай холбоотой тайлбар хэлж байх үеэр хариуцагч нараас болон тэдгээрийн өмгөөлөгч Э.С өмгөөлөгч М нараас нэхэмжлэгч нарын  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн талаар нэмэлт лавлагаа, нотлох баримтыг гаргуулах хүсэлт байна уу? хэмээн асуув. Энэ үеэр хариуцагчийн өмгөөлөгч Э.С тийм лавлагааг шүүхээр гаргуулая гэв. Харин өмгөөлөгч М тийм лавлагаа шаардлагагүй гэв. Шүүгч шүүх хуралдааны явцад ийм асуулт асуух эрхгүй, ингэх ёсгүй. Ингээд өөрийнхөө хууль зөрчиж асуусан буюу гуйсаар байгаад гаргуулан авсан хүсэлтээ шийдвэрлэхээр хурлыг завсарлуулав. Ийнхүү шүүгч нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хурлаа 16:00 цаг хүртэл хойшлуулж, иргэн С.Э, Ш.Д нартай холбоотой хуулийн этгээд бүртгэлтэй эсэх, хуулийн этгээд бүртгэлтэй бол үйл ажиллагааны чиглэлд нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэл байгаа эсэх талаар лавлагааг гаргуулахаар шийдвэрлэв. Энэ хэргийн нэхэмжлэгч нь иргэн, гэрээний дагууд мөн л иргэн байсаар байтал хуулийн этгээдийн  лавлагаа авахаар хойшлуулсаныг ёстой яагаад ч ойлгох боломжгүй үйлдэл байлаа.  

Шүүгчийн энэ үйлдэл нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1-т заасан “...шүүх бүрэлдэхүүнд шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, 40.3-т заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн буюу шүүгч урьдчилаад гаргачихсан бөгөөд тэр нь хуулиа ойлгоогүй буюу буруу ойлголттой байгааг илтэтгэх тодорхой баримт болов. Үүнийг хэргийн оролцогчийн зүгээс шүүх нэгэнт гаргачихсан байсан шийдвэрээ нотлохын тулд шаардлагатай баримтыг бүрдүүлж буй ажиллгаа гэж үзэхээс өөр аргагүй.

Энэ бол шүүгчийн процессын хууль хэрэглээний маш том алдаа, субьектив хандлага мөн.

Мөн шүүгч 16:00 цагт хариуцагчийн өмгөөлөгчөөс гар утсаар авсан нэгэн зургийг бичгийн цаасан дээр хэвлэн шүүхэд гаргаж өгснийг хүлээн авч шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч нарын “... ломбарднаас зээл авсан” гэсэн тайлбар “Чойр-ажнай” гэсэн хаягтай гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэ зураг бол бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-т заасан “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тус шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэр энэ мэтчилэн маш олон ойлгомжгүй алдааг өөртөө агуулжээ.

Иймээс логик зөрчилтэй, хуулийг буруу тайлбарласан, хуулийг буруу хэрэглэсэн  анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны 134/ШШ2020/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өнгө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч  Н.Н, С.М ,Ч.Ц нарт холбогдуулан  анх шүүхэд  Н.Н, С.М нараас зээл, 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойшхи хугацааны хүү гэж тус бүрээс 1,450,000 төгрөг/нийт 2,900,000 төг/-ийг, Ч.Ц  зээл 1,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойшхи хугацааны хүү 675 000 төгрөг буюу  нийт 2,175,000 төгрөг, нийт 5,075,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Ш.Д татан оролцуулж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэн хариуцагч тус бүрээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги гэж хариуцагч Н.Н, С.М нараас тус бүрээс нь 1,462,500 төгрөг, хариуцагч Ч.Ц  3,900,000 төгрөг, нийт 6,825,000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. /хх-59/

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч П.Н давж заалдах гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв. 

Учир нь хэргийн материалд авагдсан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ/хх-7-8/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000427245 тоот гэрчилгээ/хх-9/, барьцаат зээлийн гэрээнүүд/хх-10-13/, хариуцагч нарын зээл авсан болон тооцоо хийж байсан гэх хүснэгтэн тэмдэглэл/хх-14/, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас  үзвэл :

            Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.Н, С.М нарын хооронд  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан,

            Хариуцагч Н.Н, С.М нар нь тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэсэн,

Нэхэмжлэгч Ш.Д,  хариуцагч Ч.Ц нарын хооронд 7/16-04, 01/29-02, 03/27-01, 6/06-02 дугаартай  “барьцаат зээлийн гэрээ”-үүд байгуулагдсан байх ба уг баримтуудаар 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүү төлөх  нөхцөлтэйгөөр 3 удаа зээл олгож, зээл тус бүрийг 2 сараар сунгасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар /ломбард/ нь зээл олгох үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлтэй”-ээр явуулахыг шаардаагүй гэж үзэхээр байна.  

Нэхэмжлэгч тал нь  нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүнээр  гаргасан, нэхэмжлэлд “барьцаалан зээлдүүлэх” журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулдаг талаарх ямар ч баримт хавсаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, улмаар хариуцагч Н.Н, С.М нартай байгуулсан “зээлийн гэрээ”-нд хувь хүний нэрээр буюу зээлдүүлэгч С.Э, зээлдэгч Н.Н, С.М гэсэн нэр бичигдэж,  талууд гарын үсэг  зурсан байна.

Хариуцагч Ч.Ц “Ч А” Барьцаат зээлийн гэрээ №...  гэх баримтаар зээлийн гэрээ байгуулсан байх боловч энэ нь “барьцаалан зээлдүүлэх“ журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэх үндэслэл болохгүй.

 1. Хариуцагч Н.Н, С.М нарт холбогдох шаардлагын хувьд:

             Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.Н, С.М нарын хооронд  байгуулагдсан зээлийн гэрээ болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт зэргийг судлахад нэхэмжлэгч тал нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд гэх  баримт  хэрэгт авагдаагүй байна.         

            Нэхэмжлэгч Ш.Д Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-41/ хэрэгт авагдсан байх ба үүнээс үзвэл “зарлага” гүйлгээгээр 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  5992023839 дугаар данс руу 3,000,000 төгрөг, 17-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч Н.Н данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн гэх тайлбар/хх-40/-ыг талууд үгүйсгэж маргаагүй, хариуцагч  Н.Н, С.М нар нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “3,500,000 төгрөг” зээлж авсан үнэн гэсэн тайлбарыг гаргасан байна. /хх-92/.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан /мөнгө зээлэх/  зээлийн гэрээний харилцаа үүссэн,  зээлийн гэрээ байгуулагдсан , улмаар талууд ”хүү” тогтоож  зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн гэрээний 2.7-д “алданги” тооцохоор тусгасан зэрэг нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Харин  нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.Н, С.М нарын хооронд  зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор “барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийгдсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.2, 6 дугаар зүйлийн 6.1, Эд  хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг тус тус  зөрчөөгүй  гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-7/-ээс үзэхэд  дээрх нэр бүхий хариуцагч нар нь 3,500,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн байх ба   нэхэмжлэгч тал нь үндсэн зээл 2,000,000 төгрөг,  зээлийн гэрээний хугацааны хүү зэрэг нь төлөгдсөн /уг зээлдэгч нарын өмнөөс хариуцагч Ч.Ц төлсөн гэх/  гэж  хариуцагч  С.М 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш хугацааны хүү гэж 337,500 төгрөг, алданги 375,000 төгрөг, үндсэн зээл 750,000 төгрөг, нийт 1,462,500 төгрөгийг,

хариуцагч Н.Н  2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш хугацааны хүү гэж 337,500 төгрөг, алданги 375,000 төгрөг, үндсэн зээл 750,000 төгрөг, нийт 1,462,500 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

Хэргээс үзэхэд хариуцагч Н.Н, С.М нартай байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүү төлөгдсөн байх тул  2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү гэх 675,000 төгрөг /337,500төг х 2 /-ийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч нараас алданги гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч Н.Н, С.М нараас үндсэн зээлийн үүрэгт  750,000 төгрөг, алданги 375,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөгийг тус бүрээс нь гаргуулах нь зүйтэй.

2. Хариуцагч Ч.Ц холбогдох шаардлагын хувьд:

Хариуцагч Ч.Ц “барьцаат зээлийн гэрээ”-үүд байгуулагдаж байсан байх бөгөөд уг баримтад бичигдсэн бичиглэл болон гарын үсгийн талаар талууд маргаагүй байна.

           Нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Ч.Ц нар 2018 оны 07 сарын 16-аас нийт 4 удаа зээлийн гэрээ байгуулж, 1,500,000, 300,000, 400,000, 1,300,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаагүйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан “барьцаат зээлийн гэрээ”/хх-10-13/ гэх зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

          Дээрх зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөх талаар гэрээнд заагаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй байна. 

Нэхэмжлэгч тал нь хариуцагч Ч.Ц 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш хугацааны хүү гэж 900,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан хариуцагч нарын зээл авсан болон тооцоо хийж байсан гэх хүснэгтэн тэмдэглэл/хх-14/-ээс үзэхэд хариуцагч Ч.Ц нь  зээлийн хүүд гэж нийт 1,100,000 төгрөг төлсөн байх ба үүний  330,000 төгрөгийг  нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүү-нд төлөгдсөн гэж,  770,000 төгрөгийг нь үндсэн зээлийн үүрэгт нь тус тус тооцож, түүнээс зээлийн гэрээний үүрэгт 1,230,000 төгрөг /2,000,000 төг – 770,000 төг=1,230,000 төг/ -ийг гаргуулах, харин тэрээр зээлийн гэрээгээр тохирсон хугацааны “хүү”-г төлсөн байх тул 2019 оны 09 сарын 24-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү гэх 900,000 төгрөгийг, алданги гэх 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй  гэж үзлээ.

Нэхэмжлэгч нарын нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан  нийт 6,825,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаас 3,480,000 төгрөг/6,825,000төг-3,480,000 төг=3,345,000 төг/ -ийг хангаж, үлдэх 3,345,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 134/ШШ2020/00176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1  дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Н 1,125,000 төгрөг, хариуцагч С.М 1,125,000 төгрөг, хариуцагч Ч. Ц 1,230,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,345,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,700 төгрөгөөс 124,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53550 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан  нэхэмжлэгч нарт буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Н 31,550 төгрөг, хариуцагч С.М 31,550 төгрөг, хариуцагч Ч.Ц 34,070 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгосугай” гэж тус тус  өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА