Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00272

 

С.Э, Ш.Д нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00176 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00015 дугаар магадлалтай,

С.Э, Ш.Д нарын нэхэмжлэлтэй,

С.М,, Н.Н, Ч.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон алданги С.М,аас 1,462,500 төгрөг, Н.Ноос 1,462,500 төгрөг, Ч.Цгаас 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Цгийн өмгөөлөгч Ц.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, Ш.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.М,аас 1,462,500 төгрөг, Н.Ноос 1,462,500 төгрөг, Ч.Цгаас 3,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э, хариуцагч С.М,, Н.Н нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 3,500,000 төгрөгийн, нэхэмжлэгч Ш.Дарханбат, хариуцагч Ч.Ц нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 300,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 220,000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1,300,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч С.М,, Н.Н нараас тус бүр 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож, тэдэнд холбогдох нэхэмжлэлээс үлдэх 925,000 төгрөгийн, хариуцагч Ч.Цгаас 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 177,700 төгрөгнөөс 154,050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 23,650 төгрөгийг орон нутгийн орлогоос нэхэмжлэгч нарт буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М,, Н.Н нараас тус бүр 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгохоор шийдвэрлэжээ.

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00015 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2020/00176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ноос 1,125,000 төгрөг, хариуцагч С.М,аас 1,125,000 төгрөг, хариуцагч Ч. Цэнгэлмаагаас 1,230,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,345,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,700 төгрөгөөс 124,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53,550 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Ноос 31,550 төгрөг, хариуцагч С.М,аас 31,550 төгрөг, хариуцагч Ч.Цгаас 34,070 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ч.Цгийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 216/МА2020/00015 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020.06.16-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа С.М, нөхөр Н.Н, худ Ч.Ц нар нь 2018.07.16-ны өдөр С.М,, Н.Н нарын өмчлөх эрхийн 000427245 дугаартай Говьсүмбэр аймаг дахь Шивээ сумын 1-р баг 13-р байрны 01 тоот /Ү-1903000497/ 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 5 хувийн хүүтэй 3,500,000 төгрөгийг зээлж авсан. /07/16-04 дугаарт барьцаат зээлийн гэрээ бичсэн/ 2018.07.16-нд зээлийн 3,500,000 төгрөгийн 3,350,000 төгрөгийг Хаан банкны 5992023839 тоот Н.Нийн дансанд, 150,000 төгрөгийг бэлнээр олгосон. Тухайн үед Г.Давааням манай ангийн хүүхэд /Ч.Ц/-д туслаад зээл олгооч гэж гуйсан бөгөөд 2018.07.16-ны өдөр Ч.Ц нь худ болох Н.Н, С.М, нартай ирж дээрх зээлийг авсан. Зээл авах тухайн үед болон зээл нэмж авах бүртээ Ч.Ц нь “Би энэ зээлийг бүрэн хариуцаад төлж барагдуулна” гэж надад болон хамт ажилладаг Ш.Дарханбатад хэлж байсан. Зээл авснаас хойш 2019.01.24 хүртэлх 8, 9, 10, 11, 12, 1-р сарын нийт 6 сарын хүүг сар бүр, 2018.12.25-нд 1,500,000 төгрөг, 2019.01.23-нд 500,000 төгрөг Ч.Ц төлсөн. 2019.01.29-нд Ч.Ц нь зээлний үлдэгдэл 1,500,000 төгрөг дээр 300,000 төгрөг нэмж зээлсэн тул 1,800,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, гэрээний хуудсанд зай үлдээгүй тул 07/16-04 дугаартай гэрээний үргэлжлэл болгож 01/29-2 дугаартай барьцаат зээлийн гэрээ шинээр бичсэн. 2019.01.29-нөөс хойш 1-р сарын төлбөр хийгээгүй явж байгаад 2019.03.27-нд Ч.Ц нь зээлний үлдэгдэл 1,800,000 төгрөг дээр 500,000 төгрөг нэмж зээлсэн тул 2,200,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж 07/16-04, 01/29-02 дугаартай гэрээнүүдийн үргэлжлэл болгож 03/27-01 дугаартай барьцаат зээлийн гэрээг шинээр бичсэн. 2019.03.27-ноос хойш 4, 5 сарын хүүг төлж байгаад 2019.06.06-нд Ч.Ц нь зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг дээр 1,300,000 төгрөг нэмж зээлэн 3,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон тул 07/16-04, 01/29-02, 03/27-01 дугаартай гэрээнүүдийн үргэлжлэл болох 06/06-02 дугаартай барьцаат зээлийн гэрээ шинээр бичсэн. 2019.06.06-нд нэмж зээлсэн 1,300,000 төгрөгийг “Хаан банк”-ны 5019186973 тоот Ч.Цгийн дансанд шилжүүлсэн. Сүүлийн авсан 2019.06.06-наас хойш 2019.09.24 хүртэлх /6, 7, 8, 9 сарын/ хүүг Ч.Ц төлж, 2019.09.24-нөөс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. С.М,, Н.Н, Ч.Ц нартай уулзаж болон утсаар зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн төлбөр хийгээгүй болно. 2019.09.24-нөөс хойш 2020.06.16-ны хүртэл 9 сарын хүү болох /1 сарын 175,000/ 1,575,000 төгрөг, зээлсэн 3,500,000 төгрөг, нийт 5,075,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 3,500,000 төгрөгийг зээлж, 1,000,000 төгрөгийн 2019.09.24-нөөс хойш хугацааны хүү болох 450,000 төгрөг, нийт 1,450,000 төгрөгийн Н.Ноос, нийт 3,500,000 төгрөг зээлж 1,500,000 төгрөгийн 2019.09.24-нөөс хойш хугацааны хүү болох 675,000 төгрөг нийт 2,175,000 төгрөгийг Ч.Цгаас тус тус нэхэмжилсэн байна. 2020.08.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж С.М,, Н.Н нараас тус бүр 1,402,500 төгрөг, Ч.Цгаас 2019.09.24-нөөс хойш хугацааны хүү болох 900,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, зээлийн 2,000,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан С.Э, хариуцагч С.М,, Н.Н нарын хооронд 2018.07.16-ны өдөр байгуулагдсан 3,500,000 төгрөгийн, нэхэмжлэгч Ш.Дарханбат, Ч.Ц нарын хооронд 2019.01.29-ний өдөр байгуулагдсан 300,000 төгрөгийн 2019.03.27-ны өдөр байгуулагдсан 2,200,000 төгрөгийн 2019.06.06-ны өдөр байгуулагдсан 1,300,000 төгрөгийн зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч С.М, Н.Н нараас тус бүр 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Э, Ш.Д нарт олгож тэдэнд холбогдох нэхэмжлэлээс үлдэх 925,000 төгрөгийг хариуцагч Ч.Цгаас 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагч Ч.Цтай “Барьцаат зээлийн гэрээ” -нүүд байгуулагдаж байсан байх бөгөөд уг баримтанд бичигдсэн бичиглэл болон гарын үсгийн талаар маргаагүй байна. Мөн нэхэмжлэгч Ш.Дарханбат, хариуцагч Ч.Ц нар 2018.07.16-наас 4 удаа зээлийн гэрээ байгуулж 1,500,000, 300,000, 400,000, 1,300,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаагүйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ /хх 10-13/ гэх зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн талуудын хооронд ИХ-ийн 281-дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан хариуцагч нарын зээл авсан болон тооцоо хийж байсан гэх хүснэгтэн тэмдэглэл /хх-14/-ээс үзэхэд хариуцагч Ч.Ц нь зээлийн хүү гэж нийт 1,100,000 төгрөг төлсөн байх ба үүний 330,000 төгрөгийг нь зээлийн гэрээгээр тохирсон хүүнд төлсөн гэж, 770,000 төгрөг нь үндсэн зээлийн үүрэгт нь тус тус тооцож түүнээс зээлийн гэрээний үүрэгт 1,230,000 төгрөг /2,000,000-770,000 төгрөг=1,230,000/-ийг гаргуулах, Харин тэрээр зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүү гэх 900,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Ц нь 2018.07.16-ны өдөр болон бусад өдөр С.Э, Ш.Д нартай барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй болно. Энэ хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Цтай барьцаат зээлийн гэрээнүүд байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зохицуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, чанар хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон үед буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тооцож болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Ц нь нэхэмжлэгч нарын хэн альтай нь ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж, барьцаат зээлийн гэрээг байгуулаагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс анх зээл олгосноос хойш нэмж зээл олгох нэрээр бусдын өмчлөлийн, байрыг барьцаалж авсан зээл дээр өмчлөгчийн С.М,, Н.Н нарын зөвшөөрөлгүйгээр Ч.Цд 4 удаа зээл олгож байсан нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагч нарын мэдүүлэг тайлбараар хангалттай нотлогддог. Мөн С.Э, Ш.Д нар нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулах чиглэлээр хуулийн этгээд байгуулаагүй нь тэдний тайлбар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.08.12-ны өдрийн 20457 дугаартай албан бичгээр нотлогддог. Ч.Ц нь: 2018.07.16-ны өдөр 1,500,000 төгрөг /бичгийн гэрээ байхгүй хэдий ч С.М,, Н.Н нарын зээлсэн 3,500,000 төгрөгөөс авсан/ 2019.01.29-нд 300,000 төгрөг /1,800,000 төгрөгийн зээл олгосон гээд 1,500,000 төгрөгийг зээлэнд суутгаж 300,000 төгрөгийг бэлнээр авсан/ 2019.03.27-нд 2,200,000 төгрөгийн зээл олгосон гээд 1,980,000 төгрөг зээл, зээлийн хүүнд суутгаж бэлнээр 220,000 төгрөг авсан. 2019.06.06-нд 1,300,000 төгрөг /3,500,000 төгрөгийн зээл олгосон гээд зээл, зээлийн хүүнд 2,200,000 төгрөг суутгаж бэлнээр 1,300,000 төгрөг авсан. Нийт 3,320,000 төгрөгийг зээлж авсан байна. Зээл, зээлийн хүүд 2018.08.21-ний өдрөөс 2019.09.24-ний өдрийг хүртэл нийт 3,955,000 төгрөгийг бодитоор төлсөн нь нотлогддог. Өөрөөр хэлбэл Ч.Ц нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч талаас хүлээж авсан төлбөрөө бүрэн төлсөн буюу 635,000 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны үндэслэлгүй магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.М,аас 1,462,500 төгрөг, Н.Ноос 1,462,500 төгрөг, Ч.Цгаас 3,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э, хариуцагч С.М,, Н.Н нарын хооронд байгуулсан 2018.07.16-ны өдрийн, мөн нэхэмжлэгч Ш.Дарханбат, хариуцагч Ч.Ц нарын хооронд байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч С.М,, Н.Н нараас тус бүр 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, үлдэх 925,000 төгрөгийн шаардлага болон Ч.Цд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулсан байна.

8. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ. 

8.1. Хариуцагч Н.Н, С.М, нарт холбогдох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нь хариуцагч С.М,, Н.Н нараас, тус бүрээс үндсэн зээлд 750,000 төгрөг, 2019.09.24-ний өдрөөс хойших хугацааны хүүнд 337,500 төгрөг, алдангид 375,000 төгрөг, нийт 2,925,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг тус тус хуульчилсан.

Хариуцагч С.М,, Н.Н нар нь 2018.07.16-ны өдөр С.Этэй зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байх ба зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг зээлдэгчийн банк дахь данс руу шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-40, 41, 92/

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зохигч хүү тогтоож зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн гэрээний 2.7-д алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүү, алданги нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Н.Ноос үндсэн зээлд 750,000 төгрөг, алдангид 375,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөг, С.М,аас үндсэн зээлд 750,000 төгрөг, алдангид 375,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.

8.2. Хариуцагч Ч.Цд холбогдох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ч.Ц нь нэхэмжлэгч Ш.Дарханбаттай 2018.07.16-ны өдрөөс хойш 4 удаа зээлийн гэрээ байгуулж, 1,500,000, 300,000, 400,000, 1,300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлдүүлэгч зээлсэн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн байна.

Нэхэмжлэгч С.Э, Ш.Д нар нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Ч.Цгаас үндсэн зээлд 2,000,000 төгрөг, 2019.09.24-ний өдрөөс хойш хугацааны хүүд 900,000 төгрөг, алдангид 1,000,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч  анз шаардах эрхгүй... гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд анз төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжилсэн алдангийн 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч Ч.Ц нь хүүнд 1,100,000 төгрөг төлсөн, тэрээр гэрээний дагуу хүүнд 330,000 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх түүний хүүнд төлсөн 1,100,000 төгрөгөөс 770,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцож, нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,230,000 төгрөг /2,000,000-770,000/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

9. Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, төлбөрийг тооцоолсон нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.   

10. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...Ч.Ц нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч талаас хүлээж авсан төлбөрөө бүрэн төлсөн буюу 635,000 төгрөгийг илүү төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цгийн өмгөөлөгч Ц.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цгийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН