Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 20

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны  8 дугаар сарын 06-ны  өдрийн 131/ШШ2020/00948  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Д

Хариуцагч  Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газарт  холбогдох 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт  нэхэмжлэгч М.Д ын давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 8 дүгээр сарын 28-ны  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газрыг төлөөлж хүний нөөцийн ахлах мэргэжилтэн  Т.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн   нар оролцов. 

Нэхэмжлэгч М.Д аас   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Надтай  2020 онд  байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ надад байхгүй, гарын үсэг зуруулаад буцаагаад авсан. Надад  хөдөлмөрийн гэрээний нэг хувь  байхгүй уншиж танилцуулаагүй болно. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш байгууллагаас хөдөлмөрийн гэрээгээ авая гэхэд өгөхгүй байна. Миний бие Онцгой байдлын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тушаал дээр дурьдсан цаг хугацаа буюу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажлын байран дээр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй болно. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Онцгой байдлын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар тушаалыг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Д аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Намайг Онцгой байдлын газрын даргын өрөөнд ороход  5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Намайг ажлаас чинь хална гарч бай гэсэн.  Хүний нөөцийн ажилтан Т.Дуламсүрэн араас гарч ирээд  нөгөө талын өрөөнд ороод  наад цаасан дээрээ архи уусан гэдгээ бич гэсэн би бичиж  өгсөн. Тухайн үед би дарамт шахал танд орсон байсан учраас бичиж  өгсөн.  Ажлаас халсан тушаалыг  Заг суманд ажил хүлээлцэхээр очихдоо гардуулсан.  Онцгой байдлын газрын даргын 50 дугаар тушаалыг хүчингүй болгож,  Заг сумын Улсын нөөцийн цэгийн няравын ажилд  эгүүлэн томилж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газрыг төлөөлж хүний нөөцийн ахлах мэргэжилтэн  Т.Дуламсүрэнгээс  шүүхэд гаргасан тайлбартаа:  

М.Д  нь  Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Заг сум дахь  Улсын нөөцийн цэгийн няравын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд  2020 оны 5 дугаар сарын  7-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг   тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч баримтжуулж  согтолтын зэргийг тодорхойлоход  3.14 гарсан тул  Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж  үзэж  ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газрыг төлөөлж хүний нөөцийн ахлах мэргэжилтэн  Т.Дуламсүрэнгээс  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газар 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан.  М.Д  нь тэжээл авая гэж орж ирсэн залуу нэг шил архи бариад орч ирсэн, тэрийг нь хувааж  уусан. Өлөн дээрээ уусан болохоор тэгсэн байх.  Урьд орой нь уусан байсан. Тэгээд маргааш нь шараа тайлаад уусан юм гэж  тайлбарладаг. Иймд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл гэж үзэж  ажлаас чөлөөлсөн гэжээ.

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг  баримтлан нэхэмжлэгч М.Д ын Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож,  Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг  хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж  төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг  дурьдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Д аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Д  намайг Баянхонгор аймгийн Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Намайг ажлаас халах үндэслэл болсон 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би архи уугаагүй бөгөөд үүнийгээ нотлохын тулд ажлын байран дээр ажил үүрэгээ гүйцэтгэн Жаргалант сумын Засаг даргын орлогч Н.Ганжаргалаар ахлуулсан ажлын хэсгийн хүмүүст 500 боодол буюу 10 тн өвс өгч ажилласан бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үүнийг миний эсрэг ашигласан буюу ажлын байран дээр согтуурсан үедээ ажлын цагаар ажил үүрэг гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон гэж үзсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн гаргасан нотлох баримт болох миний гарын үсэгтэй тайлбар дээр бичсэн огноо байхгүй, мөн хурлын тэмдэглэл бичигдсэн буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хурал болоогүй байхад болсон мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн байсныг шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Учир нь намайг аашилж дарамтлан гарын үсэг зуруулсан болон шахалтаар тайлбар бичүүлсэн бөгөөд олон хүн зэрэг дарамтлаж дээрэнгүй харьцахаар тухайн үед зүрх өвдөж айж сандран балмагдан тэдний хүссэн зүйлийг бичсэн байдаг.

Миний хувьд жирийн нэгэн ажилчин бөгөөд цэргийн хувцас өмссөн гэхээрээ хүнтэй зүй бус харьцдаг урдаа номхон зогсоож, үг хэлүүлдэггүй, шахалт дарамт үзүүлдэг, өөрийн үзэл бодлоо тулгадаг Онцгой байдлын дарга болон холбогдох албан тушаалтан нарт  гомдолтой байна.

Намайг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр архи уусан талаар нотлох баримт хэрэгт байхгүй, харин намайг дарамталж бичүүлсэн тайлбар 2020 оны 05 дугаар сарын 12-нд хурал болоогүй байхад болсон мэтээр хурлын тэмдэглэл бичсэн баримт, согтолтын зэргийг өөр өөр бичсэн зөрүүтэй нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна..

Мөн хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлснийг мөн өдөр надад танилцуулан тухайн өдөр шүүх хурал болсон тул миний бие үүнтэй холбогдуулан тайлбар болон холбогдох гэрч асуулгаж чадаагүй өөр өөр хэлбэл шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь шүүх хурлаас хэд хоногийн өмнө харицагчийн хариу тайлбар, ирүүлсэн нотлох баримттай танилцсан бол өөрт олгогдсон эрхийн хүрээнд няцаалт тайлбар холбогдох баримт гаргах, гэрч асуулгах зэрэг ажиллагаа хийлгэх байсан. Иймд шүүх миний хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тул тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00948 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д аас  Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Д аас гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж хариуцагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын  газрыг төлөөлж хүний нөөцийн ахлах мэргэжилтэн  Т.Дуламсүрэнгээс 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар болон бусад  нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлжээ. 

   Нэхэмжлэгч М.Д ад  хариуцагч талын тайлбар болон бусад холбогдох нотлох баримт, хэргийн материалыг 2020 оны 8 дугаар сарын 05-ны  өдөр танилцуулсан бөгөөд  нэхэмжлэгчид  хариуцагчийн тайлбартай холбогдуулж  нотлох баримт гаргах, тайлбар, хүсэлт гаргах боломжийг  нь  олгохгүйгээр  маргааш нь буюу  2020 оны 8 дугаар сарын 06-ний өдөр хэргийг хэлэлэлцэж  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “…мэтгэлзэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ…”   6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар  “…Зохигч түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу  үгүйсгэх замаар мэтгэлцэнэ…”   гэж  заасныг болон  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “…эсрэг талын шаардлага, тайлбар, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх...”  гэсэн хэргийн оролцогчийн эдлэх эрхийг зөрчжээ.

Анхан шатны шүүх  хуралдаанаас шүүх  тухайн хэргийг шийдвэрлэсэн байдлыг  шүүх хуралдааны тэмдэглэлд заахдаа  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан  С.Мөнх-Өлзийгөөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 17.000.000 гаргуулахыг хүссэн В.Дашбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  гэж  тэмдэглэл үйлдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл нь  шүүхийн шийдвэртэйгээ зөрчилдсөн байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгч М.Д аас давж заалдах гомдол гаргахад   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид  олгох үндэстэй байна. 

            Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,   168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг  удирдлага болгон

                                             

 ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны  8 дугаар сарын 06-ний  өдрийн 131/ШШ2020/00948  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн     з59.3-д зааснаар нэхэмжлэгч М.Д аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг  төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Д ад      олгосугай.    

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.