Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 948

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                                          Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух, овогт М.Д ын  нэхэмжлэлтэй                                                                                                                              Хариуцагч: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох”ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.                                                              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д , өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номингоо нар оролцов.                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:  Нэхэмжлэгч М.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            

М.Д  миний бие Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Баянхонгор аймгийн Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няраваар 2016 онд ажилд орж 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 жил гаруй үр бүтээлтэй ажилласан. Гэтэл надад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 15- ны өдөр гардуулсан бөгөөд ажлаас чөлөөлөхдөө Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 Гамшгаас хамгаалах бэлэн байдлын удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих, 30.2 орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга энэ хуулийн 30.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 30.3 орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 26.1 3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.4 Сонсох ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 2020 онд байгуулсан ажилтны Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Надтай 2020 онд байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ надад байхгүй бөгөөд гарын үсэг зуруулаад буцаагаад авсан надад хөдөлмөрийн гэрээний нэг хувь байхгүй уншиж танилцаагүй болно. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш байгууллагаас хөдөлмөрийн гэрээгээ авъя гэхээр өгөхгүй байгаа бөгөөд уг тушаал дээр дурдснаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 05 дугаар сарын 27-нд Заг сумын шуудангаар гомдол гаргаж явуулсан боловч одоо хүртэл хариу өгөхгүй байна.           Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбарын ажилтан дэслэгч Тэгшжаргал гэх хүн миний гомдлыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авлаа хариуг нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор багтааж өгнө гэсэн боловч өгсөнгүй. Миний бие Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тушаал дээр дурдсан цаг хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажпын байран дээр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй болно.                                                        Энэ өдөр би Баянхонгор аймгийн Жаргалант сумын засаг даргын орлогч Н.Ганжаргалаар ахлуулсан ажпын хэсэг манай ажил дээр ирэн Заг сум дахь улсын нөөцийн өвсний фондоос 2 машинтай ирж 500 боодол буюу 10 тн өвс авсан, Дээрхи 500 боодол буюу 10 тн өвс авч явсны дараа би үлдэгдэл өвсөө янзалж хог шороогоо цэвэрлэж, сумын иргэдэд өвс тэжээл өгч ажилласан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа тул Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, Заг сумын улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.. Миний бие 2020 оны 05 сарын 06, 07-ны өдрүүдэд огт архи уугаагүй, ажлын байран дээрээ ажлаа хийж байсан. Цагдаагийн тайлбар, гэрэл зураг нь өмнө нь би хүнд зодуулчихаад хүний машинд явж байхад цагдаа таараад авсан зураг, баримт юм. Даргын зөвлөлийн хурлаар намайг дуудаад 2 минут орчим болоод “Чи архи уусан, гар, ажлаас хална” гэсэн надаас өөр зүйл асуугаагүй. Хүний нөөцийн ажилтан Дуламсүрэн нь намайг дуудаад өрөөндөө оруулаад загнаад, гарын үсэг зуруулж, тайлбар бичүүлсэн, би сандраад тийм юм бичсэн. Би энэ ажлыг аваад 4 сар цалингүй ажиллаж байсан, одоо Заг сумын улсын нөөцийн цэгийн ажил их цэгцэрсэн, би энэ ажлыг маш сайжруулсан..гэв.                                                                           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                       М.Д  нь 2020 оны 05 сарын 07 ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч энэ зөрчил нь нотлогдохгүй байна. Цагдаагийн алба хаагч Э.Балжиннямын тайлбарыг 2020 оны 05 сарын 06 ны өдөр авсан байх бөгөөд гэрэл зургаар 3.13 хувийн согтолттой гэх баримт авагдсан байна. Энэ баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэтэл ажил олгогчийн Дарьбатыг ажлаас чөлөөлсөн тушаалд 2020 оны 05 сарын 07 ны өдөр ажлын байранд, ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолтын зэрэг 3.70 хувьтай байсан гэж зөвлөлийн хурлаар хэлэлцсэн боловч энэ үндэслэл нь нотлогдоогүй байна.             Түүнчлэн Онцгой байдлын даргын зөвлөлийн хурлыг 2020 оны 05 сарын 11 ний өдөр хийсэн атлаа, 12 ны өдрөөр тэмдэглэлийг бичсэн, М.Д ын тайлбар нь он сар, өдөргүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй, баримтанд гарын үсэг зур гаж шаардсанаар нэхэмжлэгч нь айж сүрдэн гарын үсэг зурсан асуудал тогтоогдож байна.                                                                                                                                              Иймд нэхэмжлэлийг хангаж, Онцгой байдлын даргын 2020 оны 05 сарын 12 ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.Д ыг Заг сумын Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн томилж өгнө үү..гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:                                                                                                                               Нэхэмжлэгч М.Д  нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын албан тушаалд Онцгой байдлын газрын даргын 2016 оны 05 сарын 12 ны өдрийн Б/12 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 05 сарын 07 ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч баримтжуулан согтолтын зэргийг тодорхойлоход 3.14 гарч, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн, 2002 оны 05 сарын 11 ний өдөр сонсох ажиллагааг газрын даргын 3 дугаар хурлыг зохион Дарьбат нь “Гэртээ байж байтал өглөө нэг залуу орж ирээд тэжээл авъя гээд тэгээд нэг дэх өдөр хүртэл зээлээр өгөөч гэсэн тэгээд зээл өгнө гэж байхгүй ээ гэсэн чинь нэг шил архи аваад ороод ирсэн. Тэрийг хувааж уусан. Өлөн элгэн дээрээ уусан болохоор тэгсэн байх. Урьд орой нь уусан байсан. Тэгээд шараа тайлаад уусан юм. Уусан минь үнэн..гэсэн тайлбарыг амаар болон бичгээр өгсөн бөгөөд захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудастай танилцуулж, гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрснөөр Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 сарын 12 ны өдрийн Б/50 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30.1.5, 30.2, 30.1, 30.3, Захиргааны Ерөнхий хуулийн 26.1, 27.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр М.Д ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Онцгой байдлын газрын даргын тушаалд дурдсаны дагуу ОБЕГ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 05 сарын 27 нд Заг сумын шуудангаар гомдол гаргаж, 2020 оны 06 сарын 03 ны өдөр ОБЕГ ын дэргэдэх салбар зөвлөл хүлээн авсныг мэдэгдсэн бөгөөд өргөдлийн хариу 2020 оны 07 сарын 23 ны өдөр шуудангаар ирсэн. Тухайн албан бичигт тус гомдлыг хүлээн авч хянаад Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны актыг бичгээр гаргах шаардлагад нийцэж байгаа тул таныг хууль бусаар чөлөөлсөн гэх үндэслэлгүй болохыг үүгээр уламжилж байна гэсэн байна.               Иймд М.Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                                                                                                                                 Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М.Д  нь 2020 оны 05 сарын 06, 07 ны өдрүүдэд ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо Онцгой байдлын зөвлөлийн хуралд орохдоо өөрөө хүлээн мэдүүлж, тайлбараа бичиж, гарын үсэг зурсан. Тус газраас М.Д ыг дарамталж, сүрдүүлж хүчээр тайлбар авч, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Сонсох ажиллагааг 2020 оны 05 сарын 11 ны өдөр явуулж, байгууллагын ёс зүйн хурлаар мөн өдөр авч хэлэлцээд, даргын зөвлөлийн хурлаар 2020 оны 05 сарын 12 ны өдөр асуудлыг хэлэлцээд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. М.Д  нь ажлын байран дээр архи уудаг тухай нутгийн хүмүүс ярьж байсан, өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан юм. Цагдаагийн байгууллагаас 2020 оны 05 сарын 06 ны өдөр М.Д ын архи уусан асуудлыг шалгаж, баримтуулсан, 07 ны өдөр архи уусан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Хөдөлмөрийн гэрээг жил бүр байгуулдаг, 2020 оны гэрээг 2 хувь үйлдэж өөрөөр нь гарын үсэг зуруулсан, хэрэгт гаргаж өгсөн.                                   Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.Д  нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоогох”ыг хүсэн шаардсаныг хариуцагч байгуулагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.                                                                        М.Д  нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 05 сарын 15 ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Заг сумын Улсын нөөцийн цэгийн няраваар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.                            Улмаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 д заасан “ хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан буюу 2020 оны 05 сарын 07-ны өдөр ажлын байран дээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон” үндэслэлээр М.Д ыг ажлаас чөлөөлсөн байна.                        Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2020 оны 05 сарын 15-ны өдөр гардан авч тушаалын 3 дахь хэсэгт зааснаар ОБЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 05 сарын 27-ны өдөр гомдол гаргаснаар, ОБЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс М.Д ын гомдлыг хянаад 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 02 дугаар албан бичгээр өргөдлийн хариуг шуудангаар  ирүүлжээ.                                                                                                                                         Ингэснээр нэхэмжлэгч нь тус шүүхэд 2020 оны 07 сарын 06-ны өдөр нэхэмжлэл, гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн гэх үндэслэл байх тул шүүх энэ хуулийн 129.3-д зааснаар шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээн тогтоосон байна.                                                                                            Иймд нэхэмжлэгч М.Д  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаарджээ.                                                                                                         Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогчийн М.Д ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, нотлох баримт, үйл баримтанд тулгуурласан эсэхийг хянахад М.Д  нь 2020 оны 05 сарын 07-ны өдөр Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэж, ажлын байранд согтуугаар ирж, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2020 оны 05 сарын 11-ний өдрийн “Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас, М.Д ын өөрийн гараар бичсэн илтгэх хуудас 2 ш, ОБЕГ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 02 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байна гэж үзэв.                                                                    Тодруулбал: М.Д  нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн даргын зөвлөлийн хурал, Онцгой байдлын газарт өөрийн гараар бичсэн тайлбарууддаа “2020 оны 05 сарын 07-ны өдөр Н.Эрхэмбаяртай 1 шил архи уусан, 0.75 гр архи өлөн дээрээ уусан, урьд орой нь ууж, тэгээд шараа тайлсан” гэж мэдүүлсэн бол, хуралд оролцсон албан тушаалтнууд болох Л.Баянмөнх, Э.Батбаяр, А.Алтанбагана, Т.Дуламсүрэн нарын хүмүүс энэ байдлыг нотолж, түүнийг ажлаас халах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.                        Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Би энэ өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗД-ын орлогч Н.Ганжаргалаар ахлуулсан ажлын хэсэг манай ажил дээр ирэн Заг сум дахь Улсын нөөцийн өвсний фондоос 2 машинтай ирж, 500 боодол буюу 10 тн өвс авсан, би үлдэгдэл өвсөө янзалж хог шороог цэвэрлэсэн” ..гэсэн бол Жаргалант сумын ЗДТГ-ын даргын 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 2/127 дугаар албан бичгээр 2020 оны 05 сарын 07-ны өдөр Тамгын газрын 9 албан хаагч Заг сумын Улсын нөөцийн фондоос 500 боодол өвсийг 2 машинтай очиж авсан тухай тодорхойлсон байна.                                                                                                         Дээрхээс дүгнэвэл 2020 оны 05 сарын 07-ны өдөр М.Д  нь согтуурсан үедээ ажлын цагаар, ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байна.                                                                                                                                              Иймд ажил олгогчоос М.Д ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй, тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэв.                                                                                              Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “2020 оны 05 сарын 07-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэх боловч энэ байдлаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж, няцаалт хийгээгүй” байгааг дурдав.                              Шүүх хуралдаанаар хариуцагч талаас гаргаж ирүүлсэн “Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн цагдаа Э.Балжиннямын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн тэмдэглэл, 3 ширхэг гэрэл зураг” зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан  нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй болохыг тайлбарлав.

Албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдол, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:             

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д ын Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Заг сум дахь Улсын нөөцийн цэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.