Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 118/2017/0037/З |
Дугаар | 221/МА2017/0750 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2017/0750
2017 оны 10 сарын 25 өдөр Дугаар 221/МА2017/0750 Улаанбаатар хот
“Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “…хайгуулын тусгай зөвшөөрлийн сүүлийн 3 жилийн хугацаа сунгахыг үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг тогтоож, XV-013719 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү...” гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шийдвэр гаргуулахаас гадна XV-013719 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа хууль бус үйлдэхүйг тогтоолгох талаар шаардлага гаргасан байх атал шүүх нэхэмжлэгчийн XV-013719 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын талаарх шаардлагын тухайд дүгнэлт хийгээгүй байна.
Хавтаст хэрэгт Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн Баяннуур багийн иргэдийн гарын үсэг зурсан жагсаалт, Сантмаргаз сумын Баяннуур багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, Сантмаргаз сумын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот “Хориг тавих тухай” тогтоол, банкны дансны хуулгууд, Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоол гэх мэт нотлох баримтууд цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эдгээр нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан. Гэтэл шүүх шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “… “Ч ц” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д “уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх ...”, 48 дугаар зүйлийн 48.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1.2-д “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй, “Ч ц” ХХК нь үйлчилгээний хөлс, хайгуулын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлангаа ирүүлээгүй, түүнийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй тул тусгай зөвшөөрлийн сунгалт, 2017 оны байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй” гэж, харин нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэн, сумын Засаг даргад эдгээр эрх олгогдоогүй гэж мэтгэлцэж байсан.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ талуудын дээрх маргаан бүхий тайлбаруудад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Ч ц” ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх учиртай.
Хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 дугаар албан бичгээр “хайгуулын үйл ажиллагааг зогсоохыг шаардсан малчид, иргэдийн санал шаардлага болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол”-ыг үндэслэж нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудалд хориг тавьж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Хариуцагчаас дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлж ажилласан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан боловч тусгай зөвшөөрөл олгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах асуудлууд нь өөр хоорондоо ялгаатай, Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хориглоогүй байна.
Нөгөөтэйгүүр төлөвлөгөөг батлахаас татгалзсан албан бичигт тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэзээний, ямар тогтоолыг үндэслэн татгалзсан болохыг тодорхой заагаагүй төдийгүй хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн “Ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн Баяннуур багийн иргэдийн жагсаалт” гэх баримтад зурагдсан иргэдийн гарын үсэг нь хэзээ зурагдсан болох нь мөн тодорхойгүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагчийн татгалзлыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч ц” ХХК нь тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэх, менежментийн төлөвлөгөөний биелэлт болон хайгуулын ажлын жилийн тайланг жил бүр гарган хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, жил бүр төлбөрөө хэрхэн төлсөн нь тодорхойгүй” гэж татгалзсан хариу өгсөн 1/70 тоот албан бичигт заагаагүй шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган маргаж буй нь үндэслэлгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай.
Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлэх үүргээ 2008-2017 онуудад биелүүлж байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/3501, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/4317 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч нь 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шийдвэр гаргуулахаас гадна XV-013719 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа хууль бус үйлдэхүйг тогтоолгох талаар шаардлага гаргасан байх атал шүүх нэхэмжлэгчийн XV-013719 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын талаарх шаардлагын тухайд дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ““Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж тодруулан тодорхойлсон төдийгүй хариуцагч Сантмаргаз сумын Засаг даргатай уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргаж, мэтгэлцсэн байх тул шүүх Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргыг хариуцагчаар татаж, түүний “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэлтэй холбогдуулан нотлох баримтуудыг цуглуулж, дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл, заалт баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН