Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 307

 

Б.М Э.Э, Г.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Ц.Тодгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 264 дүгээр магадлалтай, Э.Э, Г.Ө, Б.М нарт холбогдох 1811020460707 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б.М,

2.Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Э овогт Э.Э,

3.Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.Ө.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Э, Г.Ө нар нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Э.Э, Г.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Э, Г.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Г.Х овогт Бийн Мыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Шүүгдэгч Б.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд” гэж,

2 дахь заалтад “Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Д.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Давж заалдах шатны шүүх ...Э.Э ... нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ” гэсэн атлаа гомдлын хүрээнд дүгнэлт хийж магадлалын тодорхойлох хэсэгт “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн тул дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх тогтоол гаргахад хангалттай нотлох баримтууд цугларч бүрдэл хангагдсан байх тул нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа болно.

Шүүгдэгч Э.Эын хувьд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, маргах зүйл байхгүй авч Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн аль заалтаар ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирох талаар буюу хэргийн зүйлчлэлийн хувьд шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс Э.Эт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Э.Э нь хохирогчид хэрхэн, яаж хүч хэрэглэсэн талаар дүгнээгүй. Дүгнээгүй гол шалтгаан нь Э.Эын хувьд хохирогчид огтхон ч хүч хэрэглээгүй байдаг.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэсэн хуулийн зохицуулалт байдаг атал яагаад энэ заалтаар Э.Эыг гэм буруутайд тооцохгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Гэтэл зүйлчлэлийн талаарх дүгнэлт хийх нь шударга ёсонд нийцэхээр байсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан атал шүүх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдэл оролцоог үл харгалзан хүч хэрэглээгүй Э.Эыг хүч хэрэглэсэн гэж үндэслэлгүйгээр буруутгасан.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 264 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Ц.Тодгэрэл хэлсэн саналдаа: “Г.Ө нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан ойлгож, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ мэдүүлсэн. Түүний ар гэрийн байдал хүнд, гэр бүлээ авч явдаг ганц хүн нь Г.Ө юм. Иймд шүүгдэгч Г.Өод Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Э нар нь бүлэглэн иргэн Д.Бт хүч хэрэглэн довтолж, түүний эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Э.Э нь Г.Ө хохирогчийг боож унагасан байхад нь гар утсыг нь авч түүний хүч хэрэглэсэн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон болох нь нотлогдсон гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                             

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Э, Г.Ө, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс оны 7 дугаар сарын 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Бт хүч хэрэглэн довтолж түүний Самсунг галагси эс-5 загварын гар утсыг дээрэмдсэн, шүүгдэгч Б.М нь уг хэргийг үйлдэхийг санаачлан, зохион байгуулсан, мөн насанд хүрээгүй Э.Эыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйл баримт тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Шүүгдэгч Э.Э, Г.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э, Г.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Д.Бын “...Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны үзүүр дээр явж байсан чинь араас гэнэт хоёр хүн гарч ирээд намайг хоолой боогоод газар унагаад миний халаасанд байсан Самсунг галакси эс-5 гар утас болон арын халаасанд байсан бэлэн 50.000 төгрөгийг аваад зугаачихсан...”, “...Тухайн үед ямар ч мөнгөгүй явж байсан бөгөөд зөвхөн Самсунг галакси эс-5 загварын гар утсаа л дээрэмдүүлсэн юм. Согтуудаа өөрөөсөө нуусан гэж мэдээгүй бусдад дээрэмдүүлсэн гэж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч Н.Отгонсүхийн “...Ганаа ах замын цаана зогсож байсан согтуу хүнийг хараад тэнд согтуу хүн байна, ах нь шартаж үхлээ ганц юм ууя л даа гээд Баяраа, Өнөрөө хоёрыг буугаач гээд байсан. Тэгээд Баяраа, Өнөрөө хоёр буугаад нөгөө согтуу хүнийг дагаад гудамж руу орсон. Бид нар хүлээж байтал Өнөрөө гүйж гарч ирээд машин руу далласан, би хэд машинтайгаа гудамж руу ортол...Ганаа ах гялс авчих гээд Ганаа машинаа эргүүлээд харахад Баяраа, Өнөрөө хоёр гар утсыг авсан байсан. Баяраа, Өнөрөө хоёрыг суулгаад сансар орж ломбарданд утсыг нь 80.000 төгрөгөөр зарсан... /хх-28-29/” гэх мэдүүлэг, гэрч Г.Хангайгийн “...тэр хүнийг анх Мөнх-Оргил хараад тэнд хүн согтуу тасарсан хэвтэж байна гээд түүн дээр очоод ойр хавиар нь эргэлдээд буцаж ирээд хажууд нь гайгүй үнэд хүрэх гар утас байна гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр надтай нэг нь явчих, очоод авъя гэж хэлэхэд Өнөрболд хамт явахаар болсон. Удалгүй согтуу залуу босоод харанхуй гудамж руу яваад орсон. ...удалгүй согтуу залуугийн гар утсыг аваад гараад ирсэн...” /хх-32-33/ гэх мэдүүлэг зэргийг няцаан үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн “...шүүгдэгч Энхбаярт оногдуулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 264 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН