Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2111

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК--ийн хариуцагч Ч.А-, Ж.Ч- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 104 430 310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ч.А-, Ж.Ч- нар нь Х- банктай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээл авсан. Банк нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч Ч.А-ын Х- банк дахь дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 11 734 661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 613 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 135 хоног хэтрүүлээд байна. Х- банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204073191 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 90 000 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүү 14 258 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171 836 төгрөг, нийт 104 430 310 төгрөгийг хариуцагч Ч.А-, Ж.Ч- нараас гаргуулж, зээлдэгч нар нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ж.Ч-, Ч.А- нь Х- банкны Долоон буудал тооцооны төвд хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах өөрийн 100 хувийн өмчлөлийн “Цээл мөрөн” ХХК-ийн Сонсголон авто центерийн объектод хөрөнгө оруулалт хийх зорилготой санхүүжилтэд 100 000 000 төгрөгийн зээл хүссэн. Уг хүсэлтийг хүлээн авч зээлийн гэрээг байгуулах шийдвэрийг тус төвөөс гаргасан. Уг гэрээ нь 36 сарын хугацаатай бөгөөд дуусах хугацаа нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр юм. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 11 734 661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 613 төгрөгийг төлсөн. Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөр хууль журмын дагуу зогсдогтой холбоотойгоор орох орлогод шууд нөлөөлдөг. Ийм учраас өнгөрсөн оны сүүлээс зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэл гарч эхэлсэн. Дээр нь “ЭДТ” ХХК-д тус объектыг түрээслэх гэрээ 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбоотой тус компани арилжааны гэрээ байгуулж худалдах, худалдан авах санал тавьсныг Х- банкинд мэдэгдсэн. Мөн зээл, зээлийн хүүгийн төлбөр болох ажиллагаа доголдож байгаа шалтгаан нөхцлийн талаар ч мэдэгдэж ирсэн. “ЭДТ” ХХК-аас түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа арилжааны гэрээ байгуулж Х- банкны төлбөрийг бүрэн барагдуулах талаар идэвхтэй ярилцаж байсан боловч дэлхийн нийтийг хамран тархаж байгаа халдварт цар тахал короновирусын нөлөөллөөр хөрөнгө оруулалтынх нь шийдвэр гаргах явц удааширч бетон зуурмаг борлуулах ажилд шууд нөлөөлөхүйц саад учирав. Одоо харин бидэнтэй арилжааны гэрээ байгуулах боломжгүй болсноо мэдэгдээд байна. Хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Нэг жилийн хугацаатай хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргахад ямар ч хариу өгөөгүй. Давагдашгүй хүчин зүйл болох гоц халдварт өвчин тархсанаас үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдаа зогссон тул бидний бизнест тулгарч байгаа короновирусын өвчлөлтэй холбоотойгоор учирч байгаа нөхцөл байдлаа банкинд танилцуулж ирсэн боловч амаар болон бичгээр гаргасан хүсэлтүүдээс татгалзсан. Мөн зээлийн төлбөр барагдуулах талаар өөрсдийн байр сав, барьцаа хөрөнгийг зарж борлуулах ажлыг ч банкинд тавьсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож байгаа бодит байдалд төр засгийн зүгээс болон Монгол банкны зүгээс гаргасан шийдвэр, тушаалуудыг үндэслэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа журам, дүрмийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх ажиллагааг тодорхой хугацаагаар царцаах, боломжит хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Х- банкинд цахим болон амаар, бичгээр тус тус хандсан боловч бидний хүсэлтийн хүлээн авсангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засгийн газар болон Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А-, Ж.Ч- нараас 31 096 976 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 333 334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-, Ж.Ч- нараас улсын тэмдэгтийн хураамжид 313 434 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК--д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

“Х” ХХК- нь СОVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээ тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, орлого нь буурсан зээлдэгчийн зээлийн гэрээний хугацааг 12 хүртэл сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн ажиллаж байгаа болно.

Монгол банкнаас 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр банкинд ирүүлсэн А-1/459 тоот албан бичигт банк болон зээлдэгч харилцан тохиролцож, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн санхүүгийн чадамжтай уялдуулах байдлаар нөхцөлийг нь өөрчлөх талаар мэдээлэл ирүүлсэн. Монгол банкны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А-120 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Өр, орлогын харьцааг тооцох аргачлалын 1.2.1-т заасны дагуу хэрэглээний зээл гэж банкнаас иргэнтэй шууд, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан харилцан тохиролцож, тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр, иргэдийн өрх гэр, хувийн хэрэгцээнд зориулан олгосон зээл, банкинд шаардах эрх үүссэн зээлтэй адилтгах бусад хэлцэл, санхүүгийн үйлчилгээг хэлэх бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-51 дугаартай тушаалд дурдсанчлан хэрэглээний зээл нь 30 хүртэлх сарын хугацаатай байна. Ч.А-, Ж.Ч- нарын банкнаас авсан зээл нь хэрэглээний зээлд хамаарахгүй бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэг нь 2013 оны 10 дугаар сараас эхэлж доголдсон байх тул СОVID-19 цар тахлын тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэж үзэх боломжгүй. Банкнаас зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус шаардах хуудас хүргүүлж байсан бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тул шүүхэд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин зээлдэгч Ч.А-ын хувьд банкинд анх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн нөхцөл өөрчлөх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд энэ өдөр банкнаас харилцагчийг хүлээн авч уулзан хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг амаар илэрхийлэн харилцагчид шаардах хуудас гардуулсан болно. Өөрөөр хэлбэл банкны хувьд харилцагчид шаардах хуудас гардуулсан гэдэг нь банкны ажилтан харилцагчтай биечлэн уулзсан, түүний хүсэлтийг сонсож, хариу өгсөн болохыг илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн зээлийн нөхцөл өөрчлөх тухай удаах хүсэлтүүдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд гаргасан бөгөөд банкнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохоо мэдэгдэж байсан атал шүүх банкны хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримтыг үл харгалзан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн нөхцөл өөрчлөх эсэх нь банкны эрх хэмжээнд хамаарах асуудал, энэ эрхэд төрөөс, Монгол банкнаас нөлөөлөх, оролцох эрхгүй болох нь гэрч Н.Б-гийн мэдүүлгээр мөн нотлогдож байх бөгөөд харилцагчийн гаргасан хүсэлтэд зайлшгүй бичгээр хариу өгөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт банкнаас зээлийн нөхцөл өөрчлөх эсэх шийдвэрийг зээлдэгчид гагцхүү бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж тайлбарлаж, бусад аргаар хүсэл зоригоо илэрхийлснийг, нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй энэхүү нөхцлийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухайн дүнд холбогдох хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байдлаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрт дурдсан дүнг банкинд төлөөгүй бөгөөд банк харилцагчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар бичгээр хариу өгсөн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн зээлийн үндсэн төлбөрт банк хүү тооцон хожим шаардах эрхгүй байх зэргээр банкны эрх, ашиг сонирхолд илтэд хохиролтой байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 73 333 334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Х” ХХК--ийн зүгээс харилцагч зээлдэгчийн гаргасан “гомдол, хүсэлт”-д хариу өгөөгүй, өгөхгүй байснаар Иргэний хууль болон Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Х- банкны Ерөнхий захирлын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/434 тушаалаар баталсан “Гомдол, талархлыг хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг биелүүлээгүй байна. Хариуцагч тал “Х” ХХК--тай байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний нөхцлийг өөрийн буруугаас шалтгаалан зөрчөөгүй, энэхүү “Зээлийн гэрээ”-нээс татгалзах, цуцлах хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, талууд гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хуулийн дагуу тэгш эдлэх, хэн алиныг нь хохироохгүй байх эрхэм үүргээ биелүүлэх зорилготой байсан. Иргэн Ч.А-, Ж.Ч- нар “Х” ХХК--тай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж, 2019 оны 12 сар хүртэл эргэн төлөлтийг зохих журмаар гүйцэтгэж байсан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарсантай холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний нөхцөлд өөрчлөлт оруулах, зээлийн гэрээний болон эргэн төлөлтийн хугацааг сунгах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч Х- банкны зүгээс тодорхойгүй байр суурьтай байснаас шалтгаалан 2-3 сарын хугацаа алдах үед гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл буюу гэрээ байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй, гэрээнд оролцогч талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур болсон онцгой нөхцөл байдал үүссэн болох нь иргэний шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харьцуулан хуулийн хүрээнд нийцүүлэн дүгнэлт хийхдээ хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүйг нотлон мэтгэлцсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасны дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК- нь хариуцагч Ч.А-, Ж.Ч- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104 430 310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1520021906 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч Ч.А-, Ж.Ч- нар нь 100 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж, мөн өдрийн барьцааны гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073191 тоот дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалжээ. /хх 13-15/ Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд шүүх зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зээлдүүлэгч “Х” ХХК--аас гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг зээлдэгч Ч.А-, Ж.Ч- нар хүлээн авсан, зээлийг гэрээгээр харилцан тохиролцсон хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүрэг үүссэн боловч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан зээлийг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгч талаас гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 10, 18, 22/

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоон, хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардсан мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус хариуцагч нарт хүргүүлснээ шүүхэд баримтаар гаргажээ. /хх 19-21/ Иймд зээлдүүлэгчээс үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг зээлдэгчид олгосон боловч үр дүн гараагүй гэж үзэх тул гэрээнээс татгалзаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрх үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч нар нь өөрсдийн эрхэлдэг бетон зуурмагийн үйлдвэрлэл зогссон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүссэн болон шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотой хөл хорионы дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон талаар банкинд удаа дараа мэдэгдэж, зээлийн нөхцөл буюу зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан талаар тайлбарлаж, холбогдох баримтыг гаргажээ. /хх 48-55/

 

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай зээлдэгчийн хүсэлтийг банк хүлээж аваагүйгээс зээлдэгчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ 24 сарын хугацаатайгаар байгуулагдсанаас хойш  зээлийн гэрээний хугацаа дуусах 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө буюу гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд дэлхий даяар шинэ төрлийн короновирусын өвчлөл цар тахлын хэмжээнд хүрсэн, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заагдсан дахин нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт юм.  

 

Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-72 дугаар тушаалаар Х- банкны активын ангилал хийх шаардлага, нөхцөлд түр хугацаагаар өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн болохыг нотлох баримт хэрэгт авагджээ. /хх 92-93/

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээ байгуулах үеийн бизнесийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь энэ талаар банкинд хандаж, гэрээний хугацааг сунгах, төлбөр төлөхийг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр банкинд гаргасан байна. /хх 54/

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг зээлдэгч шаардах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд зээлдүүлэгчийг гэрээ цуцлах талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шаардлага гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс бүхэлд нь татгалзаж болохгүй үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Учир нь гэрээг өөрчлөх боломжтой эсэх талаар тодорхой хариу аваагүй зээлдэгчийн хувьд цаашид гэрээг үргэлжлүүлэх, эсхүл гэрээг цуцлах талаар шийдвэрлэх боломж байгаагүй гэж үзнэ.

 

Иймд зээлдэгчийн зээлийг эргэн төлөлттэй холбоотой хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардсан “Х” ХХК--ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 73 333 334 төгрөгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4, 230 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх талаарх зээлдэгчийн хүсэлтийг зээлдүүлэгч шийдвэрлэсний дараа гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээс өмнө зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 16 666 666 төгрөг, зээлийн хүү 14 258 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171 836 төгрөг, нийт 31 096 976 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зөрчсөн. Энэ талаар зээлдүүлэгч нэмэлт хугацаа олгосон нь тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагч нараас шүүхийн журмаар гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 524 617 төгрөг, хариуцагч нараас 313 434.88 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ