Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/02023

 

   2020         07             24

                   183/ШШ2020/02023

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах “Х Б”ХХК /РД000000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Зайсан, Цоглог хотхон, 21 дүгээр байрны 0 тоотод оршин суух Баруун жаргалант овогт Чулуунбаатарын Алтан-Очир /РД:УЕ78111311/,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоотод оршин суух  Б  жаргалант овогт Ж-н Ч /РД:00000000000/ нарт холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 104.430.310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.О, Б.М, П.О, хариуцагч нарын төлөөлөгч Ж.Э, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Б”ХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг  дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч Ч.А, Ж.Ч нар нь Х Б-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээл авсан. Банк нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч Ч.А-ын Х Б дахь дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүд 11.734.661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7613 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 135 хоног хэтрүүлээд байна. Х Б нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204073191 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 90.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүү 14.258.474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.836 төгрөг, нийт 104.430.310 төгрөгийг хариуцагч Ч.А, Ж.Ч нараас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар нь сайхан дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.А, Ж.Ч нарын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Ж.Ч, Ч.А нь Х Бны Долоон буудал тооцооны төвд хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах өөрийн 100 хувийн өмчлөлийн “Цээл мөрөн”ХХК-ийн Сонсголон авто центрийн обьектод хөрөнгө оруулалт хийх зорилготой санхүүжилтэнд 100.000.000 төгрөгийн зээл хүссэн. Уг хүсэлтийг хүлээн авч зээлийн гэрээг байгуулах шийдвэрийг тус төвөөс гаргасан. Уг гэрээ нь 36 сарын хугацаатай бөгөөд дуусах хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр юм. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, зээлийн хүүд 11.734.661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7613 төгрөгийг төлсөн. Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь жил бүрийн 11 дүгээр сарын 15-наар хууль журмын дагуу зогсдогтой холбоотойгоор орох орлогод шууд нөлөөлдөг. Ийм учраас өнгөрсөн оны сүүлээс зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэл гарч эхэлсэн. Дээр нь “ЭДТ”ХХК-д тус обьектыг түрээслэх гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 15-наар дуусгавар болж байгаатай холбоотой тус компани арилжааны гэрээ байгуулж худалдах, худалдан авах санал тавьсныг Х Бинд мэдэгдэж байлаа. Мөн зээл, зээлийн хүүгийн төлбөр болох ажиллагаа доголдож байгаа шалтгаан нөхцлийн талаар ч мэдэгдэж ирсэн. “ЭДТ”ХХК-иас түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа арилжааны гэрээ байгуулж Х Бны төлбөрийг бүрэн барагдуулах талаар идэвхтэй ярилцаж байсан боловч дэлхийн нийтийг хамран тархаж байгаа халдварт цар тахал короновирусын нөлөөллөөр хөрөнгө оруулалтынх нь шийдвэр гаргах явц удааширч бетон зуурмаг борлуулах ажилд шууд нөлөөлөхүйц саад учирав. Одоо харин бидэнтэй  арилжааны гэрээ байгуулах боломжгүй болсноо мэдэгдээд байна. Хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөрийг  төлөхгүй гэж хэлээгүй. Нэг жилийн хугацаатай хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргахад ямар ч хариу өгөөгүй. Уг өөрсдийн нь гаргасан дүрэм журмаар албан ёсоор хариу өгдөг юм билээ. Давагдашгүй хүчин зүйл болох  гоц халдварт  өвчин тархсанаас үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдаа зогссон тул бидний бизнест тулгарч байгаа короновирусын өвчлөлтэй холбоотойгоор учирч байгаа нөхцөл байдлаа банкинд танилцуулж ирсэн боловч амаар болон бичгээр гаргасан хүсэлтүүдээс татгалзаж ирэв. Мөн зээлийн төлбөр барагдуулах талаар өөрсдийн байр сав, барьцаа хөрөнгийг зарж борлуулах ажлыг ч банкинд тавьсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож байгаа бодит байдалд төр засгийн зүгээс болон Монгол банкны зүгээс гаргасан  шийдвэр, тушаалуудыг  үндэслэн олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр гарч байгаа журам, дүрмийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх ажиллагааг тодорхой хугацаагаар царцаах, боломжит хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Х Бинд цахим болон амаар, бичгээр тус тус хандаж гаргасан бидний хүсэлтийн хүлээн авсангүй. Иймд Х Бны долоон буудал тооцооны төвийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засгийн газар болон Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Н.Б-гийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Х Б”ХХК нь хариуцагч Ч.А, Ж.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104.430.310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 31.096.976 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 73.333.334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

         Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Ч.А, Ж.Ч нар нь 100.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд

Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 тоот дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.           

            Хариуцагч Ч.А, Ж.Ч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй, 5.1.4-т зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2020 оны 02 дугаар сарын 04-ний тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

            Гэвч хариуцагч Ч.А, Ж.Ч нар нь өөрсдийн эрхэлдэг бетон зуурмагийн үйлдвэрлэл зогссон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүссэн талаар банкинд удаа дараа мэдэгдэж, зээлийн нөхцөл буюу зээлийн төлбөр, хүүг болон төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг зээлдэгчээс зээлийн гэрээний 3.1.3, 3.2.4-т заасны дагуу хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй байна.

            Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу короновирусын улмаас 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл шинэ төрлийн коронавирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Банкны активын ангиллын журам, зээлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг дүгнэх журамд өөрчлөлт оруулснаар бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх буюу зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг хойшлуулах боломжийг санхүүгийн хүндрэлд орсон зээлийн хэвийн төлөх боломжгүй зээлдэгч нарт олгосон болох нь гэрч Н.Б-гийн мэдүүлгээр нотлогдож байна.

            Санхүүгийн тогтортой байдлын зөвлөлийн энэхүү шийдвэр нь бизнесийн зээлд хамаарч байх тул нэхэмжлэгч Х Б-наас зээлдэгч Ч.А, Ж.Ч нарын зээлийн гэрээний 3.2.4-т заасны дагуу гаргасан зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэсний дараа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулахаар  шаардах эрхтэй.

            Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх хэсэгт заасан  үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой тохиолдолд хамаарч байх тул зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзаж болохгүй.

            Иймд нэхэмжлэгч “Х Б”ХХК-иас зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

            Харин хариуцагч Ч.А, Ж.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар  зээлийн үндсэн төлбөрт 16.666.666 төгрөг, зээлийн хүүг 14.258.4714 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.836 төгрөг, нийт 31.096.976 төгрөгийг төгрөгийг төлж барагдуулаагүй, уг төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй тул хариуцагч Ч.А, Ж.Ч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.096.976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б д олгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750.302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 313.434 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

Нэхэмжлэгч “Х Б”ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хариуцагч нарын төлөөлөгчид шүүх хуралдаан дээр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                           ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А, Ж.Ч нараас 31.096.976 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73.333.334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 750.302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А, Ж.Ч нараас улсын тэмдэгтийн хураамжид 313.434 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б”ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.МӨНХБАЯР