Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 107

 

“Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00392/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г-,

                  Б.Б- нарт холбогдох

“40.326.658.1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарын захирал П.Л-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, Ш.К- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г-, Б.Б- нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 140800344424 тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулан 40.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний 6.2.12 дахь заалт болон зээлийн эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлөхүйц бусдад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №4406 тоот захирамж гарсан, зээлдэгчийн Т- Б- дахь харилцах дансууд битүүмжлэгдсэн. С.Г-, Б.Б- нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4/4-91 тоот тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай Ү-2003009328 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж авсан. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү.

Иймд иргэн С.Г- болон хамтран зээлдэгч Б.Б- нараас үндсэн зээл 38.152.152,52 төгрөг, хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.294,4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 40.326.658,10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот хаягт байрлах Ү-2003009328 тоот улсын бүртгэлийн дугаартай, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Г-, Б.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн С.Г- би Т- Б-наас гэр бүлийн хүн болох нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс сар бүр 1.280.000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир нөхөр бид хоёрын хувьд ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир төлөх ямар ч боломжгүй байна. Мөн банкны гаргасан тооцооллоор хүү, алдангийг хэтэрхий өндөр гаргасан байх тул үүнийг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Мөн засгийн газраас нийт зээлдэгч нарт хөнгөлөлтөд хамруулж байгаа тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Т- Б-инд хандаж зээлийн эргэн төлөлтийг зогсоох бодолтой байна. Энэ хугацааны дараа зээл, хүү, алдангийг зохих журмын дагуу үнэн зөв гаргаж ирсэн тохиолдолд үйл ажиллагаа хэвийн явагдах үед үлдэгдэл зээлээ ямар нэг байдлаар төлж барагдуулна гэсэн бодолтой байна гэжээ.

Хариуцагч С.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т- Б-наас гэр бүл нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс сар бүр 1.280.000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарын дуустал төлсөн. Энэ хугацаанд гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир зээл төлөх боломжгүй байна. Т- Б-наас нэхэмжилж байгаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 40.326.658,10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбар, хариуцагч С.Г-, Б.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Г-, Б.Б- нараас үндсэн зээл 38.152.152,52 төгрөг, хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.294,4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 40.326.658,1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот, 39,0 м.кв талбайтай, Ү-2003009328 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429.784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 429.784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г- давж заалдсан гомдолдоо:

            Дархан -Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 950 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Миний хувьд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 сая төгрөгийг 4 жил буюу 48 сарын хугацаатай зээлж авсан. 2019 он дуустал эргэн төлөлтөө дуусгасан. 2020 оны нэг сараас нөхрийн ажил зогсоод, би өөрөө хүүхэд гаргаад бизнесийн үйл ажиллагаа зогссон. Улс орон даяар онцгой нөхцөл байдал үүсээд зээлийн эргэн төлөлт хийхэд байдал хүндэрсэн. Цар тахал гарсантай холбогдуулж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөхийг хүсэхэд боломж олголгүйгээр үндсэн зээлийн хугацаа дуусаагүй байхад ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрээс хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3294,4 төгрөг, нотариатын 9000 төгрөг нийт 2.174.505,58 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бусад үндсэн зээлийг зөвшөөрч байна. улсын тэмдэгтийн хураамжинд илүү мөнгө тушаасан тул буцаан олгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 2.174.505,58 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т- Б-ны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдох зээл, зээлийн хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2.174.505,58 төгрөгийг хасуулахыг хүссэн  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч шүүхэд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэг түүний хүүг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байх нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох талаар талууд гэрээгээр тохиролцсон бөгөөд гэрээгээ биелүүлэлгүй гэрээний үүрэг зөрчсөн талаар талуудын хооронд маргаан үүсээгүй байна.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 225, 451-453 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн  байна.

Иймд зээлийн гэрээгээр оногдуулсан хүү болон гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээгээр тохиролцсон нэмэгдэл хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч тал нийтийг хамарсан цар тахал, өвчин, хорио цээртэй холбоотой төлбөрийн чадвар буурч, бизнес зогссон гэж тайлбарласан хэдий ч энэ талаар гэрээний нөгөө талтай зээл эргэн төлөх хугацааг хойшлуулах,  зээлийг зогсоох талаар ямар нэгэн тохиролцоо хийж байгаагүй байна.

Иймд гэрээний талуудын гэрээгээр тохиролцох асуудлыг шүүх шийдвэрлэх нь гэрээний чөлөөт байдлын  болон хөндлөнгөөс хувийн хэрэгт оролцохгүй байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд хариуцагчийн татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо зөвхөн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрсөн өөрөөр хэлбэл 2.174.505  төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан тул  дээрх үнийн дүнд тохирсон тэмдэгтийн хураамж төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан  “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэсэн заалтад нийцнэ.

Иймд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.784 төгрөгөөс илүү төлсөн 380.042 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож үлдэх 49.742 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээвэл зохино гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагчаас төлсөн 49.742 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж үлдэх 380.042 төгрөгийг төрийн  сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.МӨНХДАВАА

                                                      ШҮҮГЧИД                                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ