Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0472

 

2017 оны 06 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2017/0472 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Ё.О гэрч Ч.Э, Н.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 тоот тушаалын Д.Д миний биед холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох. Уг тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыншимтгэлүүдийг төлүүлэн бичилт хийлгүүлэх.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д миний биеийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/09 тоот тушаалаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Төрийн албаны зөвлөлд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №199 тоот албан тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад Б/09 дүгээр тушаалтай холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу албан бичиг ирсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 13 өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/09 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын ургамал хамгаалах, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн хүртэл хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стартеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн батлагдсан.

Шадар сайдын дээрх тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр тушаалыг батлан гаргаж, шинээр байгуулагдсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд албан хаагчдыг томилж, чөлөөлж, шилжүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт 9 албан хаагчийг харъяа нэгжүүдэд шилжүүлсэн бөгөөд албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд бууруулахгүйгээр олгохыг холбогдох нэгжийн дарга нарт үүрэг болгосон.

Хил, хорио цээрийн хяналтын газрын даргаас Төрийн албан хаагчийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээ D үнэлүүлсэн Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, хяналтын бодлого боловсруулах чадваргүй нь батлагдсан тул орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад байцаагчаар ажиллуулж, ур чадварыг нь сайжруулах арга хэмжээ авах саналтай гэсэн илтгэх хуудсыг Тамгын газарт ирүүлсэн байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д D үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэж заасан, болон нэгжийн менежерийн саналыг үндэслэн

Д.Дг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллуулж байна.

Д.Д нь одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсөө хэвийн авч ажиллаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.Д нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Х төрийн захиргааны 8-3 дугаар шатлалаар ажиллаж, цалинжиж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжсэн. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.*******ын оронд томилогдон төрийн захиргааны 7-3 дугаар зэрэглэлээр цалинжиж эрх зүйн байдал болон цалин буурсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/09 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд төрийн эрх бүхий байгууллагуудад хандсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б/09 дүгээр тушаал нь Монгол Улсын Шадар сайдын 129 дүгээр тушаал, төрийн албаны тухай болон хөдөлмөрийн тухай хууль Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/0 дугаар тушаалыг үндэслэн гарсан учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа энэ хүрээнд тайлбарлана. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 8 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагч гэдэгт ээлжийн амралттай, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаарна гэж заасан.

Өөрөөр хэлбэл өөрийн албан үүргээ гүйцэтгэхийн хажуугаар дээрх шалтгааны улмаас эзгүй байгаа албан хаагчийн үүргийг хамтран гүйцэтгэж болох тухай агуулгатай байна. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсвэл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг, үйл ажиллагаа нь өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байхад үл анзааран төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаар тушаалаас тодорхой харагдана. 2 тушаалын аль алинаар чиг үүрэг орон тоог шинэчлэн баталсан байхад ажлын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, орон тоо нь хэвээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хариуцагч үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд авч байсан цалин хөлсийг авч хуульд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсвэл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг байгууллагаас олгоно гэж заасан. Өөрчлөн байгуулагдаж, орон тоо нь цөөрөөд байгаа юм уу гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас 2 ажилтан томилогдож байгаа нь бүтцийн өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаагүй гэдгийг батална.

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 129, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэж Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг шинэчлэн баталсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.4-д экспорт, импорт хилийн хорио газрын чиг үүрэг орон тоог баталсан нь өмнөх 2015 оны 95 дугаар тушаалтай харьцуулахад хэвээр хадгалагдаж үлдсэн нь тодорхой байна. Хариуцагч хөдөлмөрийн тухай хуулийн хэд, хэдэн заалтыг үндэслэсэн байсан.

Энэ тушаал ганцхан Д.Дд хамааралтай биш учраас хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалт нь хөдөлмөрийн гэрээтэй хүмүүст хамааралтай байна. Д.Д нь төрийн жинхэнэ албан хаагч учраас энэхүү харилцааг тусгайлан зохицуулсан төрийн албаны тухай хуулийг хэрэглэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг нэхэмжлэгчид хамаарсан байж магадгүй гэж бид үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэсэн хуулийн заалтыгхэрэглээгүй мөртлөө шууд тушаалын үндэслэл хэсэгтээ оруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн боловч дагалдаж хэрэглэх ёстой байсан энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажиллагааг явуулаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбарт дээрх хуулийн заалтуудыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан мөртлөө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өөр зүйл бичсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар тушаалаар....., мөн үр дүнгийн гэрээтэй холбоотой зүйлийг дурдсан байсан. 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, D үнэлгээ авсан гэдэг. Хариу тайлбарт дурдсан дээрх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй. Цаг хугацааны хувьд харахад Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалыг дурдсан байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Цаг хугацааны хувьд дараа гарсан тушаалыг үндэслэх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална: 4.2.2-т ил тод байх, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах гэсэн зарчмуудтай нийцээгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ огт нотлохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн баталсан. Дээрх тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны Б/09 дүгээр тушаалыг баталж шинээр байгуулагдсан бүтцийн хүрээнд албан хаагчдыг чөлөөлж, томилж, шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт 9 албан хаагчийг харьяа дүүргүүдэд шилжүүлсэн бөгөөд албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд бууруулахгүй олгохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болгосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хийн Д.Д нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж D үнэлгээ авсан.

Цаашид үргэлжлүүлэн ажиллах чадваргүй нь батлагдсан тул орон нутгийн байгууллагад ажиллуулж ур чадварыг нь сайжруулах арга хэмжээ авах саналтай байна гэж хил хорио цээрийн хяналтын газраас санал ирүүлсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 131 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журамд зааснаар D үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах гэж заасан болон нэгжийн менежерийн саналыг үндэслэн Д.Дг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллуулж байгаа. Д.Д нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт одоогоор ахлах байцаагчаар, урьд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын 1 дэх заалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалын 2 дахь заалтаар шинээр батлагдсан бүтцийн дагуу ажилтнуудыг томилсон ба уг тушаалын 2 дахь заалтад нэхэмжлэгч Д.Д хамрагдаагүй байна.

Харин дээрх тушаалын 3 дахь заалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Дг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Б/100 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Дг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсий аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэст Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.*******ын оронд томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ... гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар тодорхой хуульчилсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай дугаар А/05 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаал болон уг албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай дугаар А/05 тоот тушаал, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №1/1386 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичиг[1] зэрэг баримтуудаар тодорхой нотлогдож байх ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болон уг албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болон албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд тайлбарлахдаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттгүй хэрэгжүүлж D үнэлгээ авсан, хяналтын бодлого боловсруулах чадваргүй нь батлагдсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч энэ шалтгаан, үндэслэлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалд заагаагүй тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй ба хариуцагч тушаалд заагаагүй үндэслэлээр маргаж байгаа нь буруу юм.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан байна.

Дээрхээс хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасан захиргааны актыг гаргах шалтгаан болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй захиргааны акт байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ, 14.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасан байна.

Дээрх үндэслэлүүдээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Дг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Дг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид албан тушаал буурсны цалин хөлсний зөрүүг 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин, хөлсийг бууруулаагүй олгож байсан гэж тайлбарлаж байгаа ба үүнийгээ холбогдох баримтаар нотолсны үндсэн дээр энэхүү шүүхийн шийдвэрт заасан цалин, хөлсний зөрүүг суутган тооцох, олгохгүй байх эрхтэй, боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын 3 дугаар хавсралтын Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Дг урьд эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Дд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны албан тушаал буурсны буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын У-ын хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсоны цалин, хөлсний зөрүүг зохих хууль, журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

[1] ХХ-ийн 52 хуудас