Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01150

 

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00022 дугаар магадлалтай,

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид ИТХ гэх/ холбогдох

Урамшууллын мөнгө 337 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос эхлэн Ногооннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хурлын дарга Д.Сайлаубек намайг гүтгэж буруутган 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлж миний оронд зөрчилтэй өөр хүнийг томилон хууль бусаар цалинжуулсан буруутай үйлдлээс болж би 2015 оны 12 дугаар сарын эцэст ИТХ-аар шийдвэрлэсэн 400 000 төгрөгийн урамшуулал авч чадаагүй. Уг мөнгөнөөс би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлтээр 62 500 төгрөгийг авсан. Үлдсэн 337 500 төгрөгийг хурлын дарга Д.Сайлаубек шинэ он гарсны дараа өгнө гэж хэлээд өгөөгүй. Иймд урамшууллын 337 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ-ын санхүүд 2015 оны эцсээр хурлын төлөөлөгчдөд олгох шагнал урамшуулалтын зориулалттай 3 200 000 төгрөг аймгийн Төрийн сангаас шилжиж ирснийг ИТХТ-ийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор нарийн бичгийн даргыг оролцуулан 7 тэргүүлэгч нийт 8 хүнд тус бүр 400 000 төгрөгийн урамшуулал өгөхөөр шийдвэрлэсэн ч уг төсвийг Төрийн сан дахин төвлөрсөн төсөвт татсан учраас 62 дугаар тогтоол нь хэрэгжих үндэслэлгүй болсон. Харин Х.Дөрбетхан нь албан тушаалаа ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлтээр 62 500 төгрөгийг авчээ. Бусад тэргүүлэгч нар нэг ч төгрөг аваагүй. Түүнчлэн уг маргаан бүхий 3 200 000 төгрөгийг 2016 онд тус байгууллагын төсөвт цалин хөлс урамшуулалд дахин нэмж тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 337 500 төгрөгийг гаргуулан Х.Дөрбетханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 775 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00022 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасныг баримтлан” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.-т заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйг нотлох баримтаар тогтоогдсоор байхад хууль зүйн хувьд буруу дүгнэлт хийсэн. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэмжиж байна. 2016 онд тус хурлын төсөвт тус сумын хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт олгох ёстой 3 200 000 төгрөгийн шагнал урамшууллын мөнгө гэсэн зардал тусгайд нь тусгагдаагүй.

- Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.1.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны ИТХ-ын төсвийн”, 16.5.-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” 16.5.5.-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах“, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурал төсөвтэй байг бөгөөд түүний хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж тус тус заажээ. Ногооннуур сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нь тухайн хурлын төсвийн зарцуулалтын 1 дүгээр гарын үсгийг, нябо К.Жамалхан 2 дугаар гарын үсгийг зурж байсан. 2015 оны жилийн эцэст сумын ИТХ-ын төсөвт хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байвал шагнал урамшууллын 337 500 төгрөгийг сумын Төрийн сангаас авах нь Х.Дөрбетханы бүрэн эрхэд хамаарч байна.

- Х.Дөрбетханы төсвийг зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4., 16.1.4., 16.5., Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд миний зүгээс саад хийгээгүй байхад хоёр шатны шүүх буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.           

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан урамшууллын мөнгө 337 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сумын төсөвт тусгагдсан урамшууллын мөнгийг аймгийн Төрийн сан эргүүлж татсан учраас урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тогтоол хэрэгжих боломжгүй болсон, нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж  маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Х.Дөрбетханд 400 000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1.-д заасан зохицуулалтаар тодорхойлж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/ШШ2016/00022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сайлаубекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА