Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 021

 

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Хуанышын Дөрбетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Албан томилолтын зардал 1102000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2009 оноос эхлэн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сайлаубек нь намайг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулж буруутган 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Захиргааны хэргийн бүх шатны шүүхээс үндэслэлгүй гэдгийг тогтоож, намайг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гаргаснаар би ШШГА-аар дамжуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон. Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь дур мэдэн миний оронд зөрчилтэй өөр хүнийг томилон хууль бусаар ажиллуулснаас болж би 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл албан томилолтоор ажилласан томилолтын мөнгийг авч чадаагүй.

Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сайлаубекийн хувьд энэ мөнгийг оны эцсээр өгнө гэж хэлсэн боловч 2015 оны эцэс болоход 2016 он гараад өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд миний албан томилолтоор ажилласны томилолтын зардал 1102000 төгрөгийг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны төсөвт албан томилолтын зардалд 1076000 төгрөг, шагнал урамшуулалд 3,2 сая төгрөг батлагдаж ирсэн боловч албан томилолтын мөнгөнөөс зөвхөн 575700 төгрөгийг зарцуулах эрх олгосон. Уг албан томилолтод зарцуулах эрх олгосон 575700 төгрөгөөс 348000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Дөрбетхан, 199700 төгрөгийг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сайлаубек миний бие, 28000 төгрөгийг нягтлан бодогч К.Жамалхан нар тус тус албан томилолтын зардалд авсан. Иймд нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хаанаас ямар албан томилолтын мөнгө гаргаж ирээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Миний бие Улаанбаатар хотод удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцохоор явсан томилолтын мөнгийг ч гэсэн аваагүй байгаа. 2015 онд Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан томилолтын зардалд 575700 төгрөг хуваарилагдаж ирсэн гэдгийг нотолж, нягтлан бодогч К.Жамалхан тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа албан томилолтын мөнгийг төлж өгөх ямар ч боломжгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс албан томилолтын зардал 1102000 /нэг сая нэг зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулан Х.Дөрбетханд олгосугай;

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс 30998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны төсөвт албан томилолтын зардалд 1076000 төгрөг батлагдаж ирсэн боловч албан томилолтын мөнгөнөөс зөвхөн 575700 төгрөгийг зарцуулах эрх олгосон. Уг эрх олгосон 575700 төгрөгөөс 348000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Дөрбетхан, 199700 төгрөгийг хурлын дарга Д.Сайлаубек миний бие, 28000 төгрөгийг нягтлан бодогч К.Жамалхан нар тус тус албан томилолтын зардалд авсан. Иймд нэхэмжлэгч Х.Дөрбетханы нэхэмжилж буй албан томилолтын зардлыг гаргах ямар ч боломжгүй. 2016 оны албан томилолтын төсөвт 686.100 төгрөг тусгасан.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна мөн хуулийн 16.1.4.-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн мөн хуулийн 16.5.-т Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ мөн хуулийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т Аймаг нийслэл, сум, дүүргийн хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн нарийн бичгийн дарга захиран зарцуулна гэж тус тус заажээ. Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга нь тухайн хурлын төсвийн зарцуулалтын 1 дүгээр гарын үсгийг зурдаг. 2015 оны жилийн эцэст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байвал албан томилолтын зардлын мөнгөө авах нь Х.Дөрбетханы эрх юм. Х.Дөрбетханы төсвийг зарцуулах бүрэн эрхэд нь миний бие ямар нэгэн саад хийж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Ногооннуур сумын 2015 оны төсвийг баталсан. Уг тогтоолд албан томилолтын зардлыг нийт 1380.4 мянган төгрөг байхаар баталсан. Д.Сайлаубек төвлөрсөн төсвөөс 500.0 мянган төгрөг орж ирээгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Албан томилолтын мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын 2015 оны төсөвт тусган өгч, 2015 оны 01 дүгээр сараас эхлэн оны эцэс хүртэл төвлөрсөн төсвөөс сар бүр хуваарилан ирүүлж байсан бөгөөд уг мөнгийг аймгийн Төрийн сан төвлөрсөн төсөвт дахиж татаагүй. 2016 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан томилолтын зардалд 686.1 мянган төгрөг тусгаж, төсвийн тодотголоор 594.5 мянган төгрөг нэмж баталсан байхад Д.Сайлаубек 2016 онд хурлын байгууллагад албан томилолтын зардал тусгагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Д.Сайлаубек нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хурлын байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, миний хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд минь янз бүрээр саад хийж ирсэн. Д.Сайлаубек нь эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө байсан хүчингүй болсон тамга, тэмдгийг ашиглаж, тэргүүлэгчдийн өмнөөс дур мэдэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хурлын төсвийн гарын үсэг батлах тухай хууль бус тогтоол гаргаж, миний Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14.-т заасан бүрэн эрхэд халдаж, хурлын байгууллагын 1 дүгээр гарын үсгийг дур мэдэн өөртөө шилжүүлэн авч санхүүгийн албаны хүмүүстэй хуйвалдан хурлын төсвөөс 9 удаагийн үйлдлээр 12417704 төгрөг гаргуулж байсан нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Аудитын шалгалтаар тогтоогдож, цаашид хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дүгээр албан шаардлагаар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нийт 10 удаагийн албан томилолтын нөхөх олговорт 1102000 төгрөг гаргуулахаар шаардаж, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, албан томилолтын үнэмлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

Ажил олгогч ажилтан Х.Дөрбетханы 10 удаа албан ажлаар, томилолтоор өөр орон нутагт ажилласан талаар болон томилолтын мөнгөний хэмжээний талаар маргаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид олгох уг олговрыг төсвийн санхүүжилттэй холбогдуулан тухай бүр олгох боломжгүй байсан талаар шүүхэд тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхэд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргасан байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад 29.1.2.-т гэж бичиж, техникийн алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг баримтлан гэснийг Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1.-т заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК