Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 02132

 

 

 

 

В.М-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.М-ийн  хариуцагч холбогдуулан гаргасан, ажилгүй байсан хугацааны олговорт 12 668 777 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “МШ” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг бүх шатны шүүхүүд, тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоолоор тус тус ханган шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоон 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 131 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 569 767 төгрөгийг гаргуулах болсон. Гэвч гурван шатны шүүхийн шийдвэрийг “МШ” ХК сайн дураар биелүүлээгүй, ажилд аваагүй, цалингийн олговор олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын дотор гаргах ёстой хөөн хэлэлцэх хугацаа зогссон үйл баримт буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэж дууссан, ажилд томилогдоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа учир хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй гомдлоо гаргасан. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажилд авсан тушаал гаргасан. “МШ” ХК-аас 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугар сарын 09-нийг хүртэл ажилгүй байсан 16 сар 19 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нэг сарын үндсэн цалин 750 000 төгрөг 12 668 777 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй холбогдуулан үүссэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн маргаан нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох талаар хүсэлт гаргахгүй явсаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүрсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажилд эгүүлэн тогтоож тухайн өдөр гүйцэтгэх захирлын Б/181 дугаар тушаал гарган ажилд томилсон. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт баримтлан “МШ” ХК-аас 11 250 000 төгрөгийг гаргуулж В.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 1 418 777 төгрөг нэмж нэхэмжилсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

В.М-т олгох ёстой 11 250 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 194 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй холбогдуулан үүссэн ажилд эгүүлэн тоггоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн маргаан нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох талаар ямар нэг хүсэлт гаргаагүй мөртлөө 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажилд эгүүлэн тогтоон гүйцэтгэх захирлын Б/181 дугаар тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардах эрх үүсэх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу дүгнэсэн. Шүүх ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх, эсвэл ажил олгогч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ олговрын асуудлыг шийдвэрлээгүй бол ажилтны гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс өөрөөр буюу ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзэж, ажил олгогчийн ажилд томилох шийдвэрийг анхаарч үзэхгүйгээр олговрын асуудлыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн шийдвэр нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гарсан тул уг хугацаанаас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтыг үүсгэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч В.Мнь хариуцагч “МШ” ХХК холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 12 668 777 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоолоор В.М-гийг урьд эрхэлж байсан ажилд буюу “МШ” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нөхөн олговор 4 569 767 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-8-19/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч “МШ” ХК нэхэмжлэгч В.М-гийг “МШ” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эгүүлэн томилоогүй байна.

Иймд нэхэмжлэгч В.Мурьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн томилоогүйд В.Мөөрөө буруутай гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч В.М-т ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 11 250 000 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч “МШ” ХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 194 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                               ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                  Д.БАЙГАЛМАА