Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2020/01804

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                     2020         08          27

            182/ШШ2020/01804

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: В. М

Хариуцагч: “МШ” ХК

 

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,668,777 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: В.М нь "МШ" ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг бүх шатны шүүхүүд, тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоолоор тус тус ханган шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоон 2018 оны 07 сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 131 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4,569,767 төгрөгийг гаргуулах болсон. Гэвч гурван шатны шүүхийн шийдвэрийг "МШ" ХК сайн дураар биелүүлээгүй, ажилд аваагүй, цалингийн олговор олгоогүй өдийг хүрч байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гомдлоо шүүхэд гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын дотор гаргах ёстой хөөн хэлэлцэх хугацаа зогссон үйл баримт буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэж дууссан, ажилд томилогдоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа учир хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй гомдлоо гаргасан гэж үзэж байна. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилд авсан тушаал гаргасан. “МШ" ХК-аас 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 сарын 09-нийг хүртэл ажилгүй байсан 16 сар 19 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт (нэг сарын үндсэн цалин 750,000 төгрөг) 12,668,777 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй холбогдуулан үүссэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн маргаан нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох талаар хүсэлт гаргахгүй явсаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүрсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилд эгүүлэн тогтоож тухайн өдөр гүйцэтгэх захирлын Б/181 дугаар тушаал гарган ажилд томилсон. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажилд эргүүлэн тогтоосон гэдгийг ажил олгогч ажилд авсан шийдвэр гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийг буцаан ажилд авсан ажил олгогчийн шийдвэр 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Тэгэхээр үүнээс өмнө олговор гэж шаардах эрх ажилтанд үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч “МШ” ХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт “МШ" ХК-аас 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан 15 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт (нэг сарын үндсэн цалин 750,000 төгрөг) 11,250,000.00 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажил олгогч түүнийг ажилд томилсон 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэмэгдүүлж, нийт 12,668,777 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй,  ажил олгогч түүнийг ажилд томилсон 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө олговор гэж шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж марган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч В.М нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр "МШ" ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж шийдвэрлэгдсэн байна.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байх ба ажил олгогч ажилтныг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тушаал гарган ажилд нь буцаан томилжээ.

В.М 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,250,000 төгрөг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэртээ бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлага гаргасан ба уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Урьд ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс 750.000 төгрөг болох нь урьдах шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь В.Мийн буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй: 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заажээ. В.Мийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 01 сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг харж, ажил олгогч түүнийг ажилд буцаан аваагүй, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй тул олговроо хариуцагчаас нэхэмжилж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан заалтуудад нийцжээ.

Харин нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,418,777 төгрөг нэмж нэхэмжилсэн шаардлагыг бичгээр, бүрдүүлбэрийг хангаж гаргаагүй тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

           

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “МШ” ХК-аас 11,250,000 төгрөгийг гаргуулж В.Мт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 1,418,777 төгрөг нэмж нэхэмжилсэн шаардлагыг хүлээн  авахаас татгалзсугай.

2. В.Мт олгох ёстой 11,250,000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 194,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД