Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01941

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.М-ын хариуцагч “О Т”- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 246 332 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, Б.Өлзийцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие “О Т”- ХХК-д өрмийн оператораар анх 2011 оноос эхлэн ил уурхайн өрмийн тэсэлгээний хэлтэст ажиллаж эхэлсэн. Өмнө 2019 оны 03 сарын 15-ны өдөр онгоц хойшлуулсан шалтгаанаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ч гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийг 2020 оны 03 сарын 03-ны өдөр шууд удирдлага болох ээлжийн ахлах С.Болорхүү тандагч багажаар шалгаж үлээлгэхэд ямар ч асуудал гараагүй, ажлын нарядаа аваад дуусаж байтал аюулгүй ажиллагааны ажилтан болон “Бамбай” хамгаалалтын баг орж ирэн тест авахад эхний үлээлтээр 0.014 хувьтай, дахин үлээлгэхэд 0.008 хувьтай гарсан. Миний бие хоёр удаа шалгахад хоёр өөр гарч байгаа, мөн тандагч багажаар хэвийн гарсан тул төхөөрөмжид итгэхгүй гэдгээ хэлэхэд хүлээж аваагүй. Тэр өдөр миний бие орой 19 цагт ажилтай тул ямар нэгэн архины зүйл хэрэглээгүй. Надад 2020 оны 03 сарын 05-ны өдөр ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, 2020 оны 03 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг надад гардуулж өгсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “давтан зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн өдөр Л.М- архи уусан гэдэг нь эргэлзээтэй. Гэрч нарын мэдүүлэг болон тодорхойлолтоор тухайн үед архи уусан байдал ажиглагдаагүй, тандагч багажаар үлээлгэхэд хэвийн буюу ногоон гэрэл асч байсан гэж дурддаг. Нэхэмжлэгч шалгалтын явцад би архи, дарс уугаагүй, би зөвхөн н.Батцэнгэл, н.Бямбадорж хоёртой хамт байсны улмаас л сэрдэгдээд байна. Тухайн үед дарстай чихэр, тамедин байсан, түүнийг хураан авсан байдаг. Энэ нь С.Болорхүү, Д.Батболд нарын мэдүүлэг, тухайн үеийн шалгалтын хуудсаар нотлогдож байгаа. Хэрэгт баримтаар ирүүлсэн Мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журамд ямар тохиолдолд ажилтнаас сорилыг хэрхэн, хэн, ямар журмаар авах, хэрхэн танилцуулж баталгаажуулах талаар тухайлан заасан. Гэтэл журамд заасны дагуу сорилыг явуулаагүй, хэлтсийн менежер эсхүл хариуцсан удирдах ажилтан бус хамгаалалтын ажилтан явуулж, хавсралтад заасан маягтын дагуу баримтжуулаагүй буюу журмаа мөрдөөгүй. Иймд урьд эрхэлж байсан өрмийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт нийт 17 246 332 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Л.М- “О Т”- ХХК-тай 2014 оны 10 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, өрмийн операторын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Түүнд 2019 оны 03 сарын 15-ны өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Л.М- 2020 оны 03 сарын 03-ны өдөр оройн ээлжинд гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу ажилдаа ирж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1-д “...”О Т”- ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл оногдуулна”, 8.2-т “Бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0.00 хувьтай байхыг шаардана” гэсэн заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “сахилгын зөрчлийг давтан гаргасан...”, Хөдөлмөрийн гэрээний 10.4.1.2-т “... хэрэв ажилтан сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцална” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн Б3298 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр түүний амьсгал дах спиртийн агууламжийн хэмжээг Оюу толгой ХХК-д ашиглагдаж буй 6820 загварын драгер багажаар шалгаж тогтоосон. Эхний үлээлтээр 0.014 хувь, 10 минутын дараа дараагийн үлээлтээр 0.008 хувьтай гарсан. Энэ багажийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Тухайн багаж Стандарт хэмжил зүйн газрын гэрчилгээгээр баталгаажсан, баталгаажуулалт хийгдсэн баримтуудыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч гэрч С.Болорхүү, Д.Батболд нарын тандагч багажаар үлээлгэхэд ногоон гарсан гэсэн мэдүүлгийг үндэслэх боловч тандагч багаж хувь заадаггүйгээс гадна хэрэгт авагдсан баримт, гэрч У.Алдар, Ц.Батболд нарын мэдүүлгээр дээрх мэдүүлгүүд бүрэн үгүйсгэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.М-ыг “О Т”- ХХК-д өрмийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 844 944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-т олгож, үлдэх 2 401 388 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “О Т”- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 232 175 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй гэж үзэж байна. ...Л.М- 2020 оны 03 сарын 03-ны өдөр оройн ээлжид гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу ажилдаа ирж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1-д “...”О Т”- ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл оногдуулна”, 8.2-т “Бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0.00 хувьтай байхыг шаардана” гэсэн заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “сахилгын зөрчлийг давтан гаргасан...”, Хөдөлмөрийн гэрээний 10.4.1.2-т “... хэрэв ажилтан сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцална” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн Б3298 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр түүний амьсгал дах спиртийн агууламжийн хэмжээг Оюу толгой ХХК-д ашиглагдаж буй 6820 загварын драгер багажаар шалгаж тогтоосон. Эхний үлээлтээр 0.014 хувь, 10 минутын дараа дараагийн үлээлтээр 0.008 хувьтай гарсан сорилын хуудсанд Л.М- гарын үсэг зурсан. Мөн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр зөрчил гаргасан үйлдэл нь давхар нотлогддог. Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журамд зааснаар ажилтан спиртийн агууламжийн хувь гарах бүтээгдэхүүн  хэрэглэхгүй байх үүрэгтэй, мөн спиртийн хольцтой эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд спиртийн агууламж тогтоох сорилын өмнө энэ талаараа мэдэгдэх, хэрэв амьсгал дахь спиртийн агууламж эерэг гарсны дараа эм, бэлдмэл хэрэглэж буй талаараа хэлсэн тохиолдолд мэдэгдсэнд тооцохгүй ба энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох юм. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч “О Т”- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын захиргаа ажилтанд 2019 оны 03 сарын 15-ны өдрийн НR2779 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд ажилтан гомдол гаргаагүй, сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 47/ Харин талууд 2020 оны 03 сарын 03-ны өдөр ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх, хэрэв сахилгын зөрчил гаргасан бол давтан зөрчил мөн эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч байгууллагатай 2014 оны 10 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, “О Т”- ХХК-ийн Ил уурхайд “өрмийн оператор”-аар ажиллаж байсан бөгөөд тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн БЗ298 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8-ын “б”, 10.2, 10.4.1.2, “Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам”-ын 3.1, 8.2-т заасныг баримтлан сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлжээ. /1хх 29, 48-60/

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн гэрээний 8 “б”-д “ажилтан Компанийн дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй” гэж, 10.4.1.2-т “ажилтан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш гаргасан бол гэрээг шууд цуцлах”-аар, 10.2.1.б.4-т “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирэх тохиолдолд ноцтой зөрчилд тооцон гэрээг цуцлах”-аар тус тус заажээ. Мөн тус байгууллагын “Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам”-ын 3.1-д “ажлын байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл оногдуулна” гэж, 8.2-т “Бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0.00 хувьтай байхыг шаардана” гэж уурхайн талбарт ажиллаж буй ажилтаны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байгаа онцлогтой нь хамааруулан тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл спиртын агууламжийн хэмжээг ямар байхаас үл хамааран эерэг гарсан тохиолдолд зөрчилд тооцогдох, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг тус тус зааж өгсөн байна./1хх 48-60/

Ажил олгогчийн зүгээс хүнд машин механизм дээр ажилладаг болон ажилдаггүй ажилтнуудад ажлын онцлогийг харгалзан ялгамжтай журам тогтоосныг буруутгах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн амьсгал дах спиртийн агууламжийн хэмжээг төхөөрөмжөөр шалгахад эхлээд 0.014 хувь, дараа нь 0.008 хувьтай гарсан болох нь тухайн өдрийн уурхайн аюулгүй байдлын шалгалтын хуудас, гэрч У.Алдар, С.Болорхүү, Д.Батболд нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /1хх 65, 171, 188-193, 199-207, 236-243/ Нэхэмжлэгч нь өмнө 2019 оны 03 сарын 15-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхдаа Хөдөлмөрийн гэрээний 8“б”, 10.4.1.2, 10.2.1.б.4, “Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам”-ын 3.1, 8.2-т заасныг тус тус зөрчсөн байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй болно. /хх 135-138, 139/

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг маргааны зүйлд хамааруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах шаардлагатай. Иймд энэ талаарх гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй, ариутгагч бодисоор амаа зайлсан зэрэг үндэслэл заан маргасан боловч уг нөхцөл байдал ач холбогдолгүй юм. Учир нь дээр дурдсанчлан холбогдох журамд “спиртийн агууламж 0.00 хувьтай байх” шаардлагатай талаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь дарстай чихэр идсэн гэх байдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Мөн тандагч багажаар үлээлгэхэд зүгээр байсан гэж нэхэмжлэгч маргах боловч тандагч багаж нь спиртийн агууламжийн хувийг тогтоохгүйгээс гадна стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулдаггүй учир холбогдох тайлбар үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Л.М-ын хариуцагч “Оюутолгой” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О Т”- ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР