Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00654

 

Л.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1941 дүгээр магадлалтай,

Л.М нэхэмжлэлтэй,

Оюу толгой ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 17,246,332 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, Б.Өлзийцэрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оюу толгой ХХК-д өрмийн оператораар анх 2011 оноос эхлэн ил уурхайн өрмийн тэсэлгээний хэлтэст ажиллаж эхэлсэн. Өмнө 2019.03.15-ны өдөр онгоц хойшлуулсан шалтгаанаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ч гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийг 2020.03.03-ны өдөр шууд удирдлага болох ээлжийн ахлах С.Болорхүү тандагч багажаар шалгаж үлээлгэхэд ямар ч асуудал гараагүй, ажлын нарядаа аваад дуусаж байтал аюулгүй ажиллагааны ажилтан болон Бамбай хамгаалалтын баг орж ирэн тест авахад эхний үлээлтээр 0.014 хувьтай, дахин үлээлгэхэд 0.008 хувьтай гарсан. Миний бие хоёр удаа шалгахад хоёр өөр гарч байгаа, мөн тандагч багажаар хэвийн гарсан тул төхөөрөмжид итгэхгүй гэдгээ хэлэхэд хүлээж аваагүй. Тэр өдөр миний бие орой 19 цагт ажилтай тул ямар нэгэн архины зүйл хэрэглээгүй. Надад 2020.03.05-ны өдөр ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, 2020.03.13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг надад гардуулж өгсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т давтан зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна. Гэрч нарын мэдүүлэг болон тодорхойлолтоор тухайн үед архи уусан байдал ажиглагдаагүй, тандагч багажаар үлээлгэхэд хэвийн буюу ногоон гэрэл асч байсан гэж дурддаг. Нэхэмжлэгч шалгалтын явцад би архи, дарс уугаагүй, би зөвхөн Н.Батцэнгэл, Н.Бямбадорж хоёртой хамт байсны улмаас л сэрдэгдээд байна. Тухайн үед дарстай чихэр, тамедин байсан, түүнийг хураан авсан байдаг. Энэ нь С.Болорхүү, Д.Батболд нарын мэдүүлэг, тухайн үеийн шалгалтын хуудсаар нотлогдож байгаа. Хэрэгт баримтаар ирүүлсэн Мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журамд ямар тохиолдолд ажилтнаас сорилыг хэрхэн, хэн, ямар журмаар авах, хэрхэн танилцуулж баталгаажуулах талаар тухайлан заасан. Гэтэл журамд заасны дагуу сорилыг явуулаагүй, хэлтсийн менежер эсхүл хариуцсан удирдах ажилтан бус хамгаалалтын ажилтан явуулж, хавсралтад заасан маягтын дагуу баримтжуулаагүй буюу журмаа мөрдөөгүй. Иймд урьд эрхэлж байсан өрмийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт нийт 17,246,332 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Мөнхбаяр Оюу толгой ХХК-тай 2014.10.09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, өрмийн операторын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Түүнд 2019.03.15-ны өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Л.Мөнхбаяр 2020.03.03-ны өдөр оройн ээлжид гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журмын 3.1-д ...Оюу толгой ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа авчирсан, хэрэглэсэн, хадгалсан этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулна, 8.2-т Бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0.00 хувьтай байхыг шаардана гэсэн заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын зөрчлийг давтан гаргасан..., Хөдөлмөрийн гэрээний 10.4.1.2-т ...хэрэв ажилтан сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцална гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2020.03.13-ны өдрийн Б/3298 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нэхэмжлэгчийн хувьд 2020.03.03-ны өдөр түүний амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээг Оюу толгой ХХК-д ашиглагдаж буй 6820 загварын драгер багажаар шалгаж тогтоосон. Эхний үлээлтээр 0.014 хувь, 10 минутын дараа дараагийн үлээлтээр 0.008 хувьтай гарсан. Энэ багажийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Тухайн багаж Стандарт хэмжил зүйн газрын гэрчилгээгээр баталгаажсан, баталгаажуулалт хийгдсэн баримтуудыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч гэрч С.Болорхүү, Д.Батболд нарын тандагч багажаар үлээлгэхэд ногоон гарсан гэсэн мэдүүлгийг үндэслэх боловч тандагч багаж хувь заадаггүйгээс гадна хэрэгт авагдсан баримт, гэрч У.Алдар, Ц.Батболд нарын мэдүүлгээр дээрх мэдүүлгүүд бүрэн үгүйсгэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Мөнхбаярыг Оюутолгой ХХК-д өрмийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,844,944 /арван дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Мөнхбаярт олгож, үлдэх 2,401,388 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Оюутолгой ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 232,175 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1941 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Л.Мөнхбаярын хариуцагч Оюутолгой ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Оюу толгой ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Энэхүү магадлалын тогтоох хэсгийн 1-т шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Уг магадлалыг гаргахдаа хариуцагч байгууллагын Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3.1-д Ажлын байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэлийг ногдуулна гэж, 8.2-т Бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0,00 хувьтай байхыг шаардана гэж ажил үүрэгтэй нь холбоотойгоор онцлогтой зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл спиртийн агууламжийн хэмжээг ямар байхаас үл хамааран эерэг гарсан тохиолдолд зөрчилд тооцогдох, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байна. Ажил олгогчийн зүгээс хүнд машин механизм дээр ажилладаг болон ажилладаггүй ажилтнуудад ажлын онцлогийг харгалзан ялгамжтай журам тогтоосныг буруутгах боломжгүй, иймээс хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020.03.13-ны өдрийн Б/3298 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Ээлжийн амралт олгох зааврын 15 дугаар зүйлийн 15.6, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6, 10 дугаар зүйлийн 10.2, 10.4.1.2, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам"-ын 3.1, 8.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэлийг зөвтгөхдөө Б/3298 тоот тушаалд заагдаагүй үндэслэлийг буюу Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.6-д заасан зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт дээр үндэслэх, нотлох баримтын хүрээнээс халихгүй байх зарчмуудыг баримтлах ёстой байтал, шүүх өөрөө тушаалд заагдаагүй өөр заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тушаалд үндэслэл болгож заасан заалт нь хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт. Уг заалтыг харвал дотроо 10.2.1, үүний дотор нийт 15 зөрчлийг заасан байдаг бөгөөд эдгээр 15 зөрчлийн яг аль зөрчлийг гаргасныг тодорхой баримтлаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа яг ямар үндэслэлээр, ямар зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхой байх ёстой. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, ямар зөрчлийн улмаас халсан нь тодорхой бус байхад шүүх үүнийг 10.2.1.6-д заасан зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. /согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн./ Магадлалын хянах хэсэгт ажил олгогчийн зүгээс хүнд машин механизм дээр ажилладаг болон ажилладаггүй ажилтнуудад ажлын онцлогийг харгалзан ялгамжтай журам тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнээ үүнтэй холбоотой ажил олгогчийн баталсан Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ыг үнэлэхдээ буруу үнэлж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд дурдсан Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3.1-т согтууруулах ундаа авч явах, эзэмших тухай зохицуулалт байгаа. Мөн журмын 8 дугаар зүйлийн 8.2-т амьсгал дахь спиртийн агууламжийн сорилын эерэг үр дүн 0,00 гэсэн хэдий ч машин механизм жолоодох буюу ажиллуулж буй хүмүүст амьсгал дахь спиртийн агууламж эерэг үедээ машин механизм барьсан, ингэхдээ машин механизм жолоодох, ажиллуулж буй хүмүүсийн амьсгал дахь спиртийн агууламж 0,02%-иас илүү бол гэсэн зохицуулалтыг заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 0,008% буюу маш бага хэмжээтэй байсан. Мөн шүүх ариутгагч бодис болон чихэр байх эсэх нь хамаагүй, зөвхөн тухайн спиртийн агууламжийн хувь нь 0,00 байх гэсэн заалтыг баримталсан байгаа нь өөрөө архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан заалтыг мөн зөрчсөн дүгнэлт болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцлага тооцох үндэслэл болгоод байгаа зохицуулалт нь согтууруулах ундааны зүйлтэй холбоотой гэж хариуцагч тайлбарладаг. Тийм бол архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундаа гэдэгт уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан. Мөн хариуцагчийн өөрийн батлан мөрдүүлж буй Кемпийн дотоод журмын 16.2.1.11-т согтууруулах ундаа, айраг, бүх төрлийн исгэсэн ундааг хориглоно гэсэн байгаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундаа гэдэгт хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдсэн спирт, бүх төрлийн архи, 2% дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архийг хэлнэ гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд эдгээрийн алийг хэрэглэснээрээ буруутгагдаж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагчийн үндэслэл болгож буй журмаас үзвэл согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэрэглэснээс үүдэлтэй амьсгал дахь спиртийн агууламжийн талаар яригдах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам-ыг батлан гаргасан, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг журмаар тандагч багаж буюу ногоон, улаанаар үзүүлдэг багаж, мөн Драгер буюу согтуурал шалгах багажийг хэрэглэнэ. Журмын 2.5-д шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан. Хэдийгээр хариуцагч нь өөрийн үйл ажиллагаанд нийцсэн дүрэм, журам баталж мөрдүүлэх эрхтэй боловч байгууллагын мөрдөх журам нь дээрх хамтарсан тушаалд мөн нийцэх ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Мөнхбаяр нь Оюу толгой ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэгийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, өмнө нь зөрчил гаргаснаа маргаагүй боловч 2020.03.03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй тул давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ариутгагч бодисоор амаа зайлсан үндэслэл заан маргасан боловч уг нөхцөл ач холбогдолгүй, ...холбогдох журамд спиртийн агууламж 0.00 хувьтай байх шаардлагатай, ...нэхэмжлэгч дарстай чихэр идсэнээ хүлээн зөвшөөрсөн тул давтан зөрчил гаргасан гэж маргааны үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журамд нийцээгүй, улмаар тус шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.

Нэхэмжлэлийг хангахдаа хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

а/. Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал 2020.03.13-ны өдөр БЗ298 тоот тушаал гаргаж Ил уурхайд өрмийн оператораар ажиллаж байсан Л.Мөнхбаярыг ажлаас халахдаа ..2019.03.15-ны өдрийн бичгээр сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /амьсгал дахь спиртийн агууламж 0.014 хувь болон 0.008 хувь байсан/ буюу 2020.03.03-ны өдөр оройн ээлжинд ажилдаа ирж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8б, 10.2, 10.4.1.2, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3.1, 8.2-т заасныг баримталжээ.

БЗ298 дугаар тушаалд заасан Хөдөлмөрийн гэрээний 8б-д ажилтан Компанийн дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй-г, 10.4.1.2-т ажилтан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш гаргасан бол гэрээг шууд цуцлах-ыг, тус байгууллагын Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам-ын 3.1-д ажлын байранд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулна гэж, 8.2-т бүх ажилтнууд ажлын байрандаа амьсгал дахь спиртийн агууламж 0.00 хувьтай байхыг шаардана гэж тус тус заасан байна.

б/. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг заажээ.

Нэхэмжлэгч өмнө нь 2019.03.15-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээснээ маргаагүй ба сахилгын шийтгэлтэй гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэнтэй нийцнэ.

Харин нэхэмжлэгчийг 2020.03.03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн нь тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Тухайлбал, 2020.03.03-ны өдөр Л.Мөнхбаяр оройн ээлжийн ажилд гарахад тогтоосон журмын дагуу, эрх бүхий этгээд тандагч багажаар шалгахад эрүүл, /ногоон/ гэж гарсан, өөр багажаар шалгахад 0.014 болон 0.008 хувь гарсан болохыг зохигч маргаагүй боловч уг спиртийн агууламжийн хувь гарснаас өөр нотлох баримт ажил олгогчоос явуулсан шалгалтын явцад илрээгүй тул нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн идсэн гэх дарстай чихэр, тамедины уусмалыг ажил олгогч хураан авсан, гэрч нар тухайн ариутгагч бодисыг хэрэглэхэд спиртийн агууламж илрэх боломжтойг мэдүүлжээ.

Иймээс Л.Мөнхбаяр нь ажилдаа ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримт бүрэн нотлогдоогүйгээс ажлаас халах үндэслэл болсон давтан зөрчлийг гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1941 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

                                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                               ШҮҮГЧИД                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ