Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01943

 

 

 

 

 

 

 

 

 

“Т Е Э”- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т Е Э”- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Я Б”- ХХК-д холбогдуулан гаргасан  16 680 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, “Т Е Э”- ХХК-аас 6 454 470 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Т Е Э”- ХХК нь “Я Б”- ХХК-тай аймгийн төвийн харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээний дагуу “АПУ” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж, хамтран ажиллаж ирсэн. “Я Б”- ХХК нь 2018 оны 07 сарын 03-ны өдөр 11 120 180 төгрөгийн үнийн дүн бүхий  барааг 2018 оны 07 сарын 26-ны дотор үнийг нь төлөхөөр зээлээр худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд барааны үнэ 11 120 180 төгрөг, алданги 5 560 090 төгрөг, нийт 16 680 270 төгрөгийг “Я Б”- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Манай компани нь “Т Е Э”- ХХК-аас “АПУ” ХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 15 жилийн хугацаанд авч борлуулалт хийсэн.  “Т Е Э”- ХХК-нд төлбөр тооцоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. “Т Е Э”- ХХК нь манай борлуулсан барааны үнийн дүнгээс тооцон урамшуулал олгох ёстой байсан боловч олгоогүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: “Т Е Э”- ХХК нь хоёр талын тэгш байдлыг хангаагүй, гэрээгээр нийлүүлсэн барааны чанар байдал нь зарим талаар доголдолтой байсан ба энэ тухай хэлэхэд буцааж хүлээн аваагүй. 215 149 195 төгрөгийн борлуулалтад тооцогдох 3 хувийн урамшуулал 6 454 470 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын байгуулсан гэрээнд урамшуулал тооцож өгөх талаар тохиролцоо байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн “Хэрэгт шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Я Б”- ХХК-аас 11 120 180 төгрөгийг гаргуулан “Т Е Э”- ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5 560 090 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Я Б”- ХХК-ийн “Т Е Э”- ХХК-аас 6 454 470 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 351 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Я Б”- ХХК-аас 192 873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Е Э”- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхийн шийдвэрээр хангахаас татгалзсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд талуудын хооронд шилжүүлэгдсэн нийт         9 374 180 төгрөгийг НӨАТ-ын тайлангаар төлсөн нь тогтоогдож байхад үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Т Е Э”- ХХК нь хариуцагч “Ялгуумбилэгт” ХХК-д холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 11 120 180 төгрөг, алданги 5 560 090 төгрөг, нийт 16 680 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сүүлийн 3 жилд борлуулсан барааны үнийн дүнгийн 3 хувийн урамшуулал болох 6 454 470 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд харилцан маргажээ. /1хх1, 13/

 

Анхан шатны шүүх 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00237 дугаар шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. /1хх 233-252, 2хх 1-6/ Тодруулбал, шүүх хуралдаан хуулиар тогтоосон дэг, дараалал, журмын дагуу явагдах ёстой бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж байгаа нь буруу.

 

Хүсэлтийг шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд шийдвэрлэж, энэ талаар шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд  зааснаар гаргах учиртай ба уг захирамжид хүсэлтийн агуулга, хүсэлтийг хангасан, эсхүл хангахгүй орхисон үндэслэл, захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх нь тусгагдсан байх шаардлагатай.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 139/ШЗ2019/01087 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэсэн /1хх 130, 141-142/ атлаа хуульд заасан зохих ажиллагааг явуулахгүйгээр тухайн сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсан шүүгчийн захирамж гарсан бол тухайн сөрөг нэхэмжлэлийг гаргаагүйд тооцох бөгөөд хариуцагч хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахаар бол хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаж зохих журмын дагуу шинээр гаргах учиртай. Гэтэл хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулахгүйгээр сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсан захирамж хүчинтэй байхад “сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтээсээ татгалзсан” үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, улмаар хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг хангагдсан гэж үзэх боломжгүй.

           

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР