Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01945

 

 

 

 

 

 

 

 

 

 “К”-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01933 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “К”-ХХК-ийн хариуцагч “С К”- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 515 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: БНСУ-ын хөрөнгө оруулалттай “К”-ХХК нь Монгол Улсад гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22А, Энхжин хаус 13 тоот хаягт байрлах барилгад барилгын өргөтгөл, засварын ажил хийлгэхээр 2018 оны 07 сард БНСУ-ын иргэн Ким Юн Бук /Kim Yong Bok/ захиралтай, Монгол Улсын хуулийн этгээд болох “С К”- ХХК-тай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь ажлын хөлс, материалын зардалд нийт 314 032 453 төгрөгийг төлж, хариуцагч компани нь барилгын ажлыг 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 10-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн.

Гэвч ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “С К”- ХХК нь гэрээгээр хүлээсэн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас барилга болон өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайд болон барилгын засвар, заслын 300 м.кв талбайд дараах доголдол, дутагдал үүсээд байна. Тодруулбал, өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайн тухайд, барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж барилгын 3 давхраас 1 давхарт байрлах авто машины зогсоол руу ус алдаж гоожиж ордог, хонгил, гарааш, 2 давхрын тагт зэрэгт эсрэг талаас ус урсаж орж ирсэн, шинээр суурилуулсан цонх цан татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орж ирэхийн зэрэгцээ цонхонд цууралт үүссэн, дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алдсан, барилгын 1,2,3 дугаар давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтэц, чанарт илт нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн. Барилгын засвар болон дотор заслын ажлын 300 м.кв-аас гол чанарын доголдлын тухайд, барилгын 1,2,3 дугаар давхрын барилгын болон өргөтгөлийн хэсгийн тааз болон цонхонд хийсэн модон интерьерийн ажлын чанарын гологдол буюу модон хийцэд ан цав гарсан, эвдэрсэн, унасан, барилгын 1 давхрын том өрөө болон 2 давхар руу гарах шатны ханын обой 1.1-ийн улмаас хууларсан, барилгын 1,2,3 дугаар давхрын хана талын өнгөлгөөний эмульс нь хагарсан, унасан, барилгын 1,2,3 дугаар давхрын өргөтгөлийн хэсгийн цонхны амлагааны ажлыг дутуу гүйцэтгэсэн, 2.5 2,3 дугаар давхрын модон дээврийн ажил чанаргүй муу хийгдсэний улмаас ан цав гарч унасан. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь чанарын шаардлага хангахгүй байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд барилгын ажлыг бүрэн хүлээн аваагүй учраас дээрх доголдлыг мэдэх буюу илрүүлэх боломжгүй байсан боловч Барилгын тухай хуульд заасан барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд дээрх доголдлууд илэрсэн. Хариуцагчид барилгын ажлын доголдлыг засаж сайжруулахыг 2018 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл удаа дараа шаардсан боловч хариуцагч “С К”- ХХК-ийн захирал нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр дахин 100 000 000 төгрөг нэмж төлсөн тохиолдолд барилгын ажлын доголдлыг хийж гүйцэтгэх тухай хариуг гар утасны зурвас илгээх хэлбэрээр ирүүлсэн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж заасан ажил гүйцэтгэгчийн хүлээх үүрэгтэй нийцэхгүй байна. Дээрх доголдол, дутагдлыг дахин засаж сайжруулан хэвийн байдалд оруулах зардлыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллага болох “Итгэлт-Эстимэйт” ХХК-аар хийлгүүлж, 2019 оны 02 сарын 03-ны өдөр барилгын ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлэх ажлын хөлс болон барилгын материалын зардал нийт 18 515 700 төгрөг болно гэсэн дүгнэлт гаргасан. Уг үнэлгээний ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн.

Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 18 515 700 төгрөг, хөрөнгө үнэлгээний зардал 1 000 000 төгрөг, нийт 19 515 700 төгрөгийг хариуцагч “С К”- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “К”-ХХК нь “С К”- ХХК-ийг хариуцагч гэж тодорхойлсон байх боловч талууд амаар болон бичгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хариуцагч компани нь Хан-Уул дүүрэгт байрлалтай орон сууцанд завсар үйлчилгээ хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн зүгээс манай компанийн захирал болох Ким Юн Буктай харилцсан зурвас бүхий гар утсанд үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Уг үзлэгээр 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хийгдсэн ажлын талаар яригдаж байгаа боловч “С К”- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар дурдагдаагүй. Иймд нэхэмжлэгчийг Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай талаар удаа дараа тайлбарласан ч нэхэмжлэгч талаас хариуцагчаа өөрөөр тодорхойлоогүй.

Монгол Улсын хуульд “С К”- ХХК-ийн захирлыг хувиараа үйл ажиллагаа явуулж болохгүй гээд хориглосон зүйл байдаггүй. Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй, хувьцаа эзэмшигчийн өмнөөс компани хариуцлага хүлээхгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргах нь илүүц гэж үзэж байна.

Иймд хариуцагч компани нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэх ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С К”- ХХК-аас 19 515 700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “К”-ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С К”- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 255 529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К”-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчаар “С К”- ХХК-ийг тодорхойлсон байх боловч “С К”- ХХК нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулаагүй. Нэхэмжлэлд дурдсан ажлыг “С К”- ХХК хийж гүйцэтгэсэн гэх баримтгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн нь үндэслэлгүй юм. Харин хариуцагч компанийн захирал Ким Юн Бук нь иргэний хувьд нэхэмжлэлд дурдсан ажлын тодорхой хэсгийг хийж гүйцэтгэсэн талаар тайлбарлаж, үүнийг гэрчээр оролцсон Д.Оюунбилэг нотолсон. Мөн гэрч Ц.Отгонлхагвын мэдүүлгээр нэхэмжлэлд дурдсан ажлыг ““С К”- ХХК хийж гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагддаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, 314 032 453 төгрөг, 19 515 700 төгрөгийн дүнг ямар баримтад үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Зүй нь, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдал энэ зарчмыг зөрчсөн.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан доголдол дутагдал үүссэн гэх ажлууд /өргөтгөл барих, сантехникийн холболт хийх, дулааны холболт хийх гэх мэт/ нь Барилгын тухай хуульд заасан барилгын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэх ажил байдаг. Манай компанийн зүгээс тус ажлыг хийх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажиллах боловсон хүчин ч байхгүй тул эдгээр ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нь тодорхой байснаас гадна хариуцагч биш гэдэг байр суурийг илэрхийлэн, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Гэтэл тусгай мэргэжил, мэргэшил шаардсан, мэргэжлийн хүмүүсийн хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг манай компанийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “К”-ХХК-ийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага /хх1-5/, тус хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх 7-13/ зэргээс үзвэл, нэхэмжлэгч компани нь 1 гишүүнтэй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн Жү Хэ Дун/Joo Hae Don/ байх бөгөөд тэрээр хариуцагч “С К”- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 19 515 700 төгрөг гаргуулах тухай Монгол хэлээр бичигдсэн нэхэмжлэлд өөрийн эх хэл болох Солонгос үсгээр гарын үсэг зурсан байна. Ийнхүү зурагдсан Монгол хэлээр бичигдсэн нэхэмжлэлийг баталгаат орчуулагч “Хан мон бридж” ХХК нь Солонгос хэл рүү орчуулсан байдлаар орчуулагчийн тамга Солонгос хэл дээрх нэхэмжлэлийн хувьд дарагдаж, уг хувьд нэхэмжлэгч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ утгыг тодруулж өөрчлөхдөө Солонгос болон Монгол хэл дээр бичигдсэн хувиар гаргаж, тэдгээр хувьд дээрх итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гарын үсэг зурсан байх боловч албан ёсны орчуулагчаар орчуулагдаагүй зөрчил тус тус тогтоогдож байна. /хх119-123/

 

Зүй нь, нэхэмжлэгч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн байгаа тохиолдолд тэрээр өөрийн эх хэл эсхүл мэддэг хэлээр нэхэмжлэлээ бичиж, уг нэхэмжлэлээ албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар Монгол хэл рүү хөрвүүлэн гаргаснаар шүүх хүлээн авах боломжтой. Гэтэл дээрх зөрчил бүхий нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэлээр шүүхэд хандах, ийнхүү өөрийн эх хэлээр хандсан байгааг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар Монгол хэл дээр орчуулуулсан байна гэсэнтэй нийцэхгүй байгааг анхан шатны шүүх тодруулаагүйн улмаас нэхэмжлэгч юуг, ямар үндэслэлээр хэрхэн шаардаж байгааг буюу талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлох боломжгүй байна. /хх 1-5/

 

Дээр тогтоогдсон нөхцөл байдал болон хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан “доголдол бий болсон гэх ажлыг гүйцэтгэхэд Барилгын тухай хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжоор тусгай зөвшөөрөл шаардлагатай” гэх үндэслэл зэргээс үзвэл, талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг тодруулах шаардлагатай байна. Ийнхүү тодруулаагүй тохиолдолд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн эсэх улмаар уг гэрээний үр дүнд бий болсон доголдлыг арилгах эсхүл түүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч компани хүлээх ёстой эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын үр дүнгийн доголдлын талаар мэдэгдэж байсан нь талуудын хооронд харилцсан гар утасны харилцан ярианд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон гэж дүгнэхдээ хуулиар тогтоосон журам зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор “К”-ХХК-ийн захирал Жү Хэ Дун/Joo Hae Don/-ы Самсунг эс 8 маркийн гар утасны Какао Ток чатанд “С К”- ХХК-ийн захирал Ким Ёнг Бок/Kim Yong Bok/-той харилцсан ярианд үзлэг хийлгэх тухай хүсэлт /хх 48/ гаргасныг, анхан шатны шүүх хангаж /хх 59/, үзлэг хийх ажиллагааг явуулж, “Үзлэгийн тэмдэглэл” /хх 61/ үйлдэн, Солонгос хэлээр бичигдсэн бичвэр, фото бүхий 53 ширхэг зураг хавсаргасан. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр /хх125-127/ тухайн хавсралтын зарим хэсгийг Монгол хэл рүү орчуулуулсан байна. /хх133-134/

 

Гэтэл дээрх үзлэгийн тэмдэглэлд, талууд хоорондоо юуны талаар харилцсан талаар тэмдэглэн баталгаажуулаагүй, харин “...нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэх хар өнгөтэй эс8 /s8/ гар утсан дээрх Talk гэх app орж какаоток мессеж, чатад үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлж авав...” гээд Солонгос хэлээр харилцсан зүйлийн гэрэл зургийг тэмдэглэлд хавсаргасан байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар Монгол хэл рүү хөрвүүлэх, улмаар үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тэмдэглэлд бичнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 51 дүгээр зүйлийн 51.3, 51.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. Мөн үзлэг хийх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон эрх, үүрэг тайлбарлан сануулаагүй, ийнхүү тогтоосон үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх талаар сануулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Ийнхүү үзлэг хийх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул уг үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг залруулах буюу нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг явуулах эрх хуулиар олгогдоогүй тул талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, улмаар түүнд хэрэглэх хуулийн зохицуулалтыг тодорхойлох боломжгүйн гадна хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 529 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                               ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР