Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00865

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр                        Дугаар 102/ШШ2021/00865                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн гудамж,  тоотод байрлах, “Кэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, тоотод байрлах, “С” ХХК-д холбогдох

 

19,515,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 19,515,700 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодруулж, өөрчилсөн байгаа. Ингээд дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалттай “К” ХХК нь Монгол улсад гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, тоот хаягт байрлах барилгад барилгын өргөтгөл, засварын ажил хийлгэхээр болсон. Ингээд Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “С” ХХК, захирал КЁБ-тэй 2018 оны 7 дугаар сарын сүүлээр танилаараа дамжуулан танилцан харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Ингээд гэрээгээр тохирсон барилгын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хийлгэсэн ба бид төлбөр болох 224,539,000 төгрөгийг хариуцагчид дансаар болон бэлнээр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал, тоног төхөөрөмж болон ажилчдын хоолны зардал зэрэг барилгын ажлын хөлсөнд нийт 314,032,453 төгрөг зарцуулсан болно. Гэвч ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас барилга болон өргөтгөлийн ажлын 220 м2 талбайд болон барилгын засвар, заслын 300 м2 талбайд дараах доголдол, дутагдал үүссэн. Үүнд:

НЭГ. Өргөтгөлийн ажлын 220 м2 талбайн тухайд:

1/ Барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж барилгын 3 давхраас 2 давхар руу, 2 давхраас 1 давхар руу, 1 давхраас машины гарааш руу ус гоожсон.

2/ Үүдний довжоо, гарааш, 2 давхрын тагт зэргээс дотогшоо ус урсаж орж ирнэ.

3/ Шинээр суурилуулсан цонх цан татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орж ирэхийн зэрэгцээ цонхонд цууралт үүссэн.

4/ Дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алдсан.

5/ Барилгын 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтээц, чанарт илтэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн.

ХОЁР. Барилгын засвар болон дотор заслын ажлын 300м2 талбайн гол чанарын доголдлын тухайд:

1/ Барилгын 1, 2, 3 давхрын барилгын болон өргөтгөлийн хэсгийн тааз болон цонхонд хийсэн модон интерьерийн ажлын чанарын гологдол буюу модон хийцэд ан цав гарсан, эвдэрсэн, унасан.

2/ Барилгын 1 давхрын том өрөө болон 2 давхар руу гарах шатны ханын обой ус алдсаны улмаас хууларч унасан.

3/ Барилгын 1, 2, 3 давхрын хана талын өнгөлгөөний эмульс нь хагарсан, унасан.

4/ Барилгын 1, 2, 3 давхрын өргөтгөлийн хэсгийн цонхны амалгааны ажлыг дутуу гүйцэтгэсэн.

5/ 2, 3 дугаар давхрын модон дээврийн ажил чанаргүй муу хийгдсэний улмаас ан цав гарч унасан. Дээрх байдлаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь чанарын шаардлага хангахгүй байна. Манай компанийн хувьд барилгын ажлыг бүрэн хүлээн аваагүй учраас дээрх доголдлыг мэдэх буюу илрүүлэх боломжгүй байсан. Барилгын тухай хуульд заасан барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд дээрх доголдлууд илэрсэн ба манай компаниас хариуцагчид барилгын ажлын доголдлыг засаж сайжруулахыг 2018 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл хариуцагчаас удаа дараа шаардсан боловч хариуцагч “С” ХХК-ийн захирал КЕБ нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай компанийг дахин 100,000,000 төгрөг нэмж төлсөн тохиолдолд барилгын ажлын доголдлыг хийж гүйцэтгэх тухай хариуг гар утасны зурвас илгээх хэлбэрээр ирүүлсэн. Гэвч энэ нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт “Ажлын үр дүгнэлт доголдлыг арилгахад шаардагдах ажлын хөлс, материалын зардал г.м хариуцах” гэж заасан ажил гүйцэтгэгчийн хүлээх үүрэгтэй нийцэхгүй, үндэслэлгүй байна. Бид барилгын ажлын дээрх доголдол, дутагдлыг дахин засаж сайжруулан хэвийн байдалд оруулах зардлыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар буюу “Итгэлт эстимэйт” ХХК-иар 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийлгүүлэхэд “...барилгын ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлэх ажлын хөлс болон барилгын материалын зардалд нийт 18,515,700 төгрөг дахин зарцуулагдахаар байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн болно. Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,515,700 төгрөг, хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, нийт 19,515,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “С” ХХК-д холбогдуулан гаргаж байна. Хариуцагч нэг зүйлийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь анх ажил хийлгэсэн 314,032,453 төгрөгийн асуудал биш. Уг мөнгө ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гэхээр энэхүү барилгын ажлыг хийхэд зарцуулагдсан мөнгө юм. Ийм учраас энэ талаарх баримт байх шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж бид үзсэн гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “С” ХХК-ийг тодорхойлсон байдаг. Манай компани нэхэмжлэгчтэй амаар болон бичгээр ямар ч гэрээ, тэр дундаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаанд ороогүй. Хан-Уул дүүрэгт байрлалтай ямар ч орон сууцанд засвар үйлчилгээ хийгээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал манай компаниар ажил гүйцэтгүүлсэн, төлбөр төлсөн талаарх ямар ч баримт гаргаж өгөөгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээний баримтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднээр гүйцэтгүүлсэн, хийлгэсэн гэх ажлын алдаа, доголдлыг дурдсан байсан. Барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж, барилгын 3 давхраас 1 давхарт байрлах автомашины зогсоол руу ус гоожиж ордог, хонгил, гарааш, 2 давхрын тагт зэрэгт эсрэг талаас ус урсаж орж ирдэг, шинээр суурилуулсан цонх цана татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орохоос гадна цонхонд цууралт үүссэн, дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алддаг, барилгын 1,2,3 давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтээц, чанарт илтэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэсэн. Гэтэл энэ нь сантехниктэй холбоотой асуудал гэж үзэж байгаа. Манайх ямар ч сантехникийн ажил хийдэггүй. Мөн гарааш 2 давхрын шат зэрэг нийт 10 гаруй ажлын чанарын байдлыг дурдсан байдаг. “С” ХХК-иар барилгын өргөтгөлийн ажлыг хийлгүүлсэн юм бол ямар талбайд, ямар ажил хийлгүүлсэн нь тодорхойгүй байна. “С” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээнээс нь харахад барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компани байгаа юм. Нэхэмжлэгч талын дурдаад байгаа доголдлын 80-90 хувь нь сантехниктэй холбоотой асуудал харагдаж байна. Сантехникийн тусгай зөвшөөрөлтэй компани уг ажлыг хийх үүрэгтэй. Үүний дагуу н.Оюунбилиг гэх хүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ хүн өөрөө сантехник угсралтын компанитай, Солонгос улсын иргэн КЁБ гэх хүнээр дамжуулж, сантехникийн ажлыг хийсэн гэх гэрчийн мэдүүлэг өгдөг. Хэрэгт авагдсан баримтаас харахад тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын хуулийн этгээд сантехникийн ажлыг нь хийж гүйцэтгэсэн байхад юуг үндэслэж хариуцагчаас мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. “К” ХХК бэлнээр болон дансаар 224,539,000 төгрөг шилжүүлсэн байна. Уг мөнгийг шилжүүлсэн гэх дансны хуулга нь байхгүй байна. Ажил гүйцэтгэхэд шаардагдах барилгын тоног, төхөөрөмж, ажилчдын хоолны зардал зэрэг барилгын ажлын хөлсөнд 314,032,453 төгрөгийг зарцуулсан гэх боловч баримт огт байдаггүй. “К” ХХК Монгол улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг компани юм бол санхүүгийн тайландаа яагаад тусгаж, хэрэгт хавсаргаж өгөөгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан талаар баримт байхгүй байна. Хэрэгт ямар нэгэн байдлаар “С” ХХК-ийг ажил хийж, гүйцэтгэсэн талаар нотлох баримт хэрэгтэй. н.О гэх хүний гэрчийн мэдүүлэгт “захирлуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байх үед хамт байсан уу” гэж асуухад байгаагүй гэдэг хариу өгсөн. Энэ хүн “К” ХХК-д ажил эрхэлдэг тул ашиг сонирхлын зөрчилтэй болж байна. Одоо ажиллаж байгаа компанийн тухай мэдүүлэг өгөх нь зүй ёсны асуудал юм. Барилгын тухай хуульд зааснаар “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Тухайн барилга, байгууламжийг өргөтгөх ажлыг тодорхой тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хийх үйл ажиллагаа байгаа юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулж 19,515,700 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ /хх 1, 2, 228-230 хуудас/.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлээ “...нэхэмжлэгч ‘К’ ХХК  нь хариуцагч ‘С’ ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 22а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсэгт хийсэн ажлаа чанаргүй, доголдолтой хийснээс нэхэмжлэгчид хохирол учирсан. Уг үүссэн хохирлыг арилгуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “С” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч ‘К’ ХХК-тай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Зохигчид талуудын хооронд гэрээний харилцаа, тэр дундаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх дээр маргаантай байна.

 

Гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалт нь хэлцлийн ойлголттой шууд холбогдох бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд хэргийн оролцогчид гэрч асуулгах, шинжээч томилуулах, шүүхийн журмаар үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотлохоор шүүхэд “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №12/08 тоот “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г гарган өгчээ. “Итгэлт эстимэйт” ХХК-иас Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсан гудамжны тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай барилга, барилгын өргөтгөлийн хэсэгт үүссэн материаллаг хохирлыг арилгах зардлын хэмжээг тогтоох зорилгоор, “К” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх үнэлгээг хийсэн ба тухайн хөрөнгөд үүссэн хохирлыг арилгахад 18,515,700 төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж, харин үнэлгээг 1,000,000 төгрөгөөр хийжээ /хх16-31 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн татварын албанаас хариуцагч “С” ХХК-иас худалдан авалт хийсний улмаас төлсөн НӨАТ-ын баримтыг шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргуулсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/782 тоот албан бичигт “...тус хэлтэст бүртгэлтэй ‘К’ ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 2018-2019 оны жилийн эцсийн татварын тайлангуудаа татварын албанд ирүүлсэн байна. Тус компанийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн худалдан авалт хийсэн баримтыг ...программаас авч хүргүүлж байна” гэжээ. Харин хавсралтад “...Борлуулагч нэр: С, РД: 5115248, Үнийн дүн: 70,000,000, ...НӨАТ: 6,363,636” гэж тусгагджээ /хх 142, 143 хуудас/. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гэрчээр Ц.О-ыг, хариуцагчаас Д.О нарыг хууль сануулан гэрчээр асуулгасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ц.О нь “...би өмнө нь ‘С’ ХХК-ийн захирлыг таньдаг байсан. Тухайн компанийн захирал нь ‘…намайг ирж ажиллаач’ гэсний дагуу 2018 оны 07 сараас эхлэн тус компанид барилгын туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд өргөтгөл засварын ажил хийж байсан” гэж мэдүүлж байжээ.

 

Харин анхан шатны шүүх хуралдаанд асуугдсан гэрч Д.О “...Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, хотхонд байрлах тоотод өргөтгөл, засварын ажил хийсэн”, “...Ким захирал намайг таньдаг байсан учраас сантехникийн ажил хийж өгөөч гэж хэлсэн”, “...Ким захирлаас миний данс руу хийсэн” гэсэн мэдүүлгийг өгсөн байна /хх 151-153, 196 хуудас/. 

 

Мөн хэрэгт гэрч Ц.О-ын  дугаартай “Хаан” банкин дахь дансны хуулга авагдсан. Уг хуулгаас үзэхэд Ц.О-ын дансанд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд тоот данснаас “С” гэсэн утгаар мөнгөн гүйлгээнүүд буюу орлогууд хийгдэж байжээ. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 29/4489 дугаартай “Хаан” банкны албан бичгээс үзэхэд тус банкны  тоот дансыг регистрийн дугаартай КЁБ эзэмшдэг байна /хх 132, 162-180 хуудас/.

 

Хариуцагч “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь КЁБ болох нь хариуцагч “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх 34 хуудас/.

 

Гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан буюу дээр дурдсан бичгийн баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч “К” ХХК болон хариуцагч “С” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу хариуцагч “С” ХХК нь Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах үл хөдлөх хөрөнгийн өргөтгөл засварын ажлыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээхээс гадна ажил гүйцэтгэх гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж болно.

 

Мөн гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан. 

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагыг нотлохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №12/08 тоот “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г гарган өгсөн ба уг тайланд Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсан гудамжны тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай барилга, барилгын өргөтгөлийн хэсэгт үүссэн материаллаг хохирлыг арилгах зардлын хэмжээг 18,515,700 төгрөгөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтойг тогтоожээ. 

 

Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй тул энэ үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэйг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасан. Харин уг зардал ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад зайлшгүй шаардлагатай байх ёстой.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

 

Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №12/08 тоот “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г үгүйсгээгүй учраас уг хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан 18,515,700 төгрөг, үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзлээ.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 19,515,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 255,529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ