Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01946

 

 

 

 

 

 

 

 

 

 “Э”-ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э”-ЗГБХН-ийн хариуцагч “Э”- ХХК-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, Г.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Батсанаа нь цахилгаан эрчим хүч борлуулалтын үйлчилгээ, цахилгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан хэрэгслийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилготой “Э”-ЗБН-ийг 1999 оны 07 сарын 23-ны өдөр үүсгэн байгуулж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Батсанаа нь тус нөхөрлөлийг өөрийн төрсөн дүү Б.Галбаатар, Б.Батсайхан, Б.Эрдэнэдариймаа нарын хамт өргөжүүлэн хөгжүүлж, ажиллаж ирсэн. Улмаар нөхөрлөл өргөжин хөгжиж 2003 онд хуримтлуулсан туршлага гадаад, дотоод хамтын ажиллагаа, ашиг орлогын суурин дээр Б.Батсанаагийн дүү Б.Галбаатар нь “Э”- ХХК-ийг үүсгэн байгуулсан. Ингээд тус компанид нөхөрлөлийн хувьд шинэ санаа, зах зээлээ алдсан.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн А/1144 тоот захирамжаар нөхөрлөлийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801500597 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 8 094 м.кв газар дээр “Э”- ХХК нь үйлдвэрийн байр барьж ашиглаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан тул “Э”- ХХК-ийн эзэмшил хууль бус юм. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шударга эзэмшигч шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хууль ёсны эзэмшигч шаардлага гаргах боломжтой байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн А/1144 тоот захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801500597 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 8 094 м.кв газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр үйлдвэрийн байраа барьсан үйл баримттай маргахгүй. Харин нэхэмжлэгч нь үйлдвэрийн байр барихыг бүрэн дэмжиж, уг үйл ажиллагаанд нь бүхий л талаар оролцож байсан болно. Түүнчлэн, нөхөрлөлийн нэрийн өмнөөс шаардлагатай газрын төлбөрийг “Э”- ХХК-ийн данснаас гаргуулан авч олон жил төлсөн. Тухайн газрын эзэмшигч нь гэрээ, гэрчилгээний дагуу “Э”-ЗБН хэвээр байгаа бөгөөд “Э”- ХХК нь ямар нэг байдлаар газар эзэмшдэггүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэг этгээдийн зүгээс ямар нэг саад болоогүй тул үндэслэлгүй шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Э”- ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг хамтарч байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Б.Батсанаа нь тус компанийн менежерээр ажиллаж байсан бөгөөл хувьцаа эзэмшигч биш гэдгээ мэдэж байсан. 2019 оны захирамжийн дагуу эзэмшиж байгаа газар дээр хууль бусаар барилга барьсан гэж байна. 2019 оны 12 сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч авсан, үүнээс өмнө гэрчилгээ авсан байж нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байна гэдгээ нотолно, ийм нотолгоо байхгүй. “Э”- ХХК үүнээс өмнө 2014 онд энэ барилгыг барьж 2017 оны 12 сард улсын комисс хүлээн авсан. Н.Болорцогоогийн зүгээс Б.Батсанаад төрийн байгууллагад төлөөлөх итгэмжлэл олгосон хугацаанд уг барилгыг барьсан. Барилгыг барихдаа ус, цахилгаан, дулаан, холбооны, мэргэжлийн хяналтын гэх мэт зөвшөөрөл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ зэргийг заавал газар эзэмшигчийн кадастрын зураг дээр үндэслэж зөвшөөрөл авдаг. Б.Батсанаад итгэмжлэл олгосон нь тусгай зөвшөөрөл авах зорилго байсан. Уг итгэмжлэлийн дагуу н.Болорцогоо, н.Галбаатар нар хөөцөлдөж тусгай зөвшөөрөл авсан нь “Э”-ЗБН-ийн нэр дээр байсан учир шүүхэд баримт гаргаж өгөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл 60.1.4-т заасан зохицуулалт нь эд хөрөнгийн маргаанд хамааралтай. Газрыг хууль бусаар эзэмшээд байгаа гэж үзвэл Нийслэлийн Засаг даргад хандах байсан. Улсын тэмдэгтийн хураамжаас юунаас чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “Э”-ЗГБХН-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв талбай бүхий газрыг “Э”- ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э”- ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э”-ЗГБХН-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийг баримталж байгаа бол нэхэмжлэлийн шаардах эрхийн хугацаа Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасны дагуу дууссан байна. н.Батсанаа нь “Э”-ЗГБХН-д ажилладаг бөгөөд төлбөр төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. н.Батсанаагийн хүсэл зоригийн дагуу тус нөхөрлөлийн нэр дээр барилга баригдсан учир эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Тус маргаан урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэх ёстой байсан. Анхан шатны шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

           

Нэхэмжлэгч “Э”-ЗГБХН нь хариуцагч “Э”- ХХК-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр үйлдвэрийн барилга барьсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан бол, хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “...”Э”-ЗГБХН нь өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилга барихыг бүрэн дэмжиж байсан бөгөөд уг нөхөрлөлийн өмнөөс тухайн “газрын төлбөр”-ийг хариуцагч олон жил төлсөн...нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад болоогүй, газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандан гомдол гаргах хуулийн зохицуулалттайн гадна нэхэмжлэл хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй...” гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1-3, 27/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн А/1144 дүгээр шийдвэрийг үндэслэн “Э”-ЗГБХН-д Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд нэгж талбарын 1801500597 дугаар бүхий 8094 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2019 оны 12 сарын 05-ны өдөр 000013158 дугаар гэрчилгээ олгож, 2019 оны 12 сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдийг төлөөлж Б.Батбаяр, “Э”-ЗГБХН-ийн захирал Б.Батсанаа нар байгуулсан, улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эзэмшил газрын кадастрын зургийг баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 8-11/

 

Нэхэмжлэгч “Э”-ЗГБХН нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй.

 

Ийнхүү шаардлага гаргахад нэхэмжлэгч нь өөрөө тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байхаас гадна нөгөө тал буюу хариуцагчийн эзэмшил нь хууль бус гэдэг нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай. Уг урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүний эзэмшил бүхий газар дээр хариуцагч барилга барих явцад маргасан эсэх, уг барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай ус, цахилгаан, дулаан гэх мэт тусгай зөвшөөрлийг газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авах боломжтой эсэх, хариуцагч нь ямар учир шалтгааны улмаас газар эзэмшигчийн өмнөөс газрын төлбөр, бусад төлбөрүүдийг төлж байсан эсэх нь тодорхой бус байхад хариуцагчийн эзэмшлийн “шударга”, “шударга бус” байдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт зааснаар устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болох, түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байдаг. Талуудын хоорондын маргаан бүхий газар дээр баригдсан үйлдвэрийн зориулалттай объектыг газраас нь салгаж болох хөдлөх хөрөнгө буюу шууд чөлөөлөх боломжтой эсэх зэрэг нөхцөл байдлуудыг нотолж, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин хэргийн 43-44 дүгээр талд авагдсан 2014 оны 05 сарын 07-ны өдөр “Э”-ЗБГХН-ийн захирал Б.Батсанаагаас хариуцагч компанийн төлөөлөгч Б.Галбаатар, тус компанийн менежер Б.Болорцогоо нарт “Э”-ЗБГХН -ийг бүрэн төлөөлж төрийн болон бусад байгууллага, харилцагч нартай шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэлийг тус тус олгосон зэргээс нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихыг зөвшөөрч байсан болохоо бичгээр илэрхийлжээ гэж үзэхээр байна. Ийнхүү өөрийнх нь эзэмших эрхтэй газар дээр барилга барьж байгуулж, эзэмшихийг зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг үзэхэд нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, уг газрыг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг нөгөө талд олгосон, өөрөө зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшигч гэдэг нь тухайн газрыг эзэмшилдээ байлгах эрхгүй, эсхүл уг эрхээ хожим алдсан этгээд байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа хуульд заасан журмын дагуу дуусгавар болсон эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч тал энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э”- ХХК-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “Э”-ЗГБХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э”- ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                         ШҮҮГЧИД                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                 Д.НЯМБАЗАР