Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2020/02357

 

 

 

 

 

 2020            07             24                                                184/ШШ2020/02357

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Э” ЗГБХ-нөхөрлөл /РД:1111/

            Хариуцагч: “Б” ХХК /РД:2222 /

“Газар албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э ” ЗБН-ийн үүсгэн байгуулагч Б.Б цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан сүлжээ компанийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн салбаруудад инженер, борлуулалтын инженерээр ажиллаж байсан. 1999 онд тухайн үеийн Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газар нь менежмент, бодлогын хүрээнд 10кв болон 0,4кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалт болон цахилгааны борлуулалтыг инженерүүддээ хариуцуулан түрээслүүлсэн бөгөөд миний бие мөн тодорхой шугам, сүлжээг хариуцан ажиллаж, урамшуулал буюу орлого хүртсэн. Ингээд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу цахилгаан эрчим хүч борлуулалтын үйлчилгээ, цахилгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан хэрэгслийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилготой “Э ” ЗБН-ийг 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Э ” ЗБН-ийг миний бие “гэр бүлийн бизнес”, “ирээдүйд үр хүүхдүүдэд минь өв хөрөнгө” гэсэн сэтгэлээр өөрийн төрсөн дүү Б.Гал, Б.Бат, Б.Эрдмаа нарын хамт өргөжүүлэн хөгжүүлж, ажиллаж ирсэн. “Э ” ЗБН-ийн хамгийн анхны буюу Оросын холбооны улсаас цахилгааны кабель, бараа татан авалт хийх мөнгөн хөрөнгө 8 000 000 төгрөгийг миний бие дээр дурдсаны дагуу цахилгаан шугамын ашиглалт, цахилгаан эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлж төрсөн дүүдээ өгч байсан билээ. Анхны 100 хувийн хөрөнгө оруулалт болон 8 000 000 төгрөг нь эхний жилдээ 50 000 000 болж өссөн. Улмаар нөхөрлөл маань өргөжин хөгжиж 2003 онд “Э ” ЗБН-ийн хуримтлуулсан туршлага гадаад дотоод хамтын ажиллагаа, ашиг орлогын суурин дээр “Б” ХХК байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Э  ЗБН-ийн нэрээр явуулж байсан үйл ажиллагаагаа ХХК-ийн нэрээр үргэлжлүүлэн явуулж, төрсөн дүү нартаа тусалж дэмжин өөрийн хувь нэмрээ компанидаа оруулж ирсэн. “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь миний дүү Б.Галбаатар юм. Ийнхүү компани өргөжин хөгжиж дүү нар минь туршлагатай, хөрөнгөтэй болсны хэрээр мөн миний бие эрүүл мэндийн асуудал зэргээс болж компанид эзлэх байр суурьгүй болсон. Залуу насныхаа эрч хүчээр үүсгэн байгуулсан “Э ” нөхөрлөл маань “Б” нэртэй дүүгийн хувьцааг нь эзэмшдэг компанид шинэ санаа, зах зээлээ ч алдсан бөгөөд манай нөхөрлөлийн эзэмшлийн буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801500597 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв га газар дээр “Б” ХХК нь үйлдвэрийн байр барьж ашиглаж байна. Одоо миний бие өөрийн хувийн аж ахуйг эрхлэн явуулахад дээрх газар шаардлагатай болсон тул газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна.

Манай “Э ” ЗБН нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1144 тоот захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801500597 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв га газрын хууль ёсны эзэмшигч юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан тул “Б” ХХК-ийн эзэмшил хууль бус юм. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шударга эзэмшигч шаардах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Мөн хуулийн 106.2 дах хэсэгт “Өмчлөгч ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хууль ёсны эзэмшигч шаардлага гаргах боломжтой байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1144 тоот захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801500597 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас яаж хууль зөрчөөд байна вэ гээд байна. Ямар нэгэн байдлаар өөрийн эзэмшлийн газраа бодитойгоор эзэмшиж, ашиглах үүднээс энэ нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр нь хууль бусаар барилга барьсан. Тухайн газар дээрээ орох гэхээр оруулахгүй, нөгөө тал нь харуул хамгаалалттай болчихсон. Ийм байдлаас үүдэж нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг бодитоор эзэмших хүсэлт гаргасан. Б ХХК газрыг худалдаж авсан гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Б ХХК нь Э  ЗБН-ийн хөрөнгө мөнгө дээр байгуулагдсан, үйл ажиллагаа явуулах үндэс суурийг Б.Б гэх хүн тавьсан. Хариуцагч барилга барих зөвшөөрөл олгосон мэтээр тайлбарлаад байна. Хэрэгт байгаа баримтаар бол зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Б.Б нь тухайн компанид менежерээр ажиллаж байсан гэдэг дээр маргадаггүй. Ах дүү нар нь бүгд л энэ компанид ажиллаж байсан. Өөрийгөө энэ компанийн хувьцаа эзэмшигч гэж бодож явсан боловч өөрт нь ч мэдэгдэлгүй төөрөгдөх байдлаар хувьцаа эзэмшигч биш гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж цаашид үйл ажиллагаа явуулах газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-д холбогдуулан “Э ” ЗБН-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар үгүйсгэж, хариу тайлбарыг гаргаж байна.

1.“Э ” ЗБН-ийн эзэмшил газар дээр үйлдвэрийн байраа “Б” ХХК барьсан үйл баримттай маргахгүй. Харин “Э ” ЗБН-ийн зүгээс үйлдвэрийн байр барихыг бүрэн дэмжиж, уг үйл ажиллагаанд нь бүхий л талаар оролцож байсан болно. Түүнчлэн нөхөрлөлийн нэрийн өмнөөс шаардлагатай газрын төлбөрийг “Б” ХХК-ийн данснаас гаргуулан авсан мөнгөөр компанийн ажилтнууд олон жил төлж ирсэн байна.

                2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэснийг иш татаж, “Б” ХХК-ийн эзэмшил хууль бус юм гэжээ. Тухайн газрын эзэмшигч нь гэрээ, гэрчилгээний дагуу “Э ” ЗБН хэвээр байгаа бөгөөд “Б” ХХК нь ямар нэг байдлаар газар эзэмшдэггүй тул иш татсан уг хэсгийг зөрчих боломжгүй юм.

                3.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-ыг тус тус иш татсан байна. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэг этгээдийн зүгээс ямар нэг саад болоогүй тул үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Хууль бус эзэмшлээс шаардахын тулд “Б” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл /эзэмшил/-ийг нотлох шаардлага нэхэмжлэгч талд гарч ирж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндсэн нотолгоо энэ хүрээнд яригдана. Эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж байх боловч хууль бус эзэмшил гэдгийг нотолсны дараа энэхүү хэсгийг иш татах боломжтой.

                4.Газрыг үйлдвэрийн барилгаас чөлөөлүүлэх гэж байгаа бол “ямар үнэтэй барилга”-аас хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой ч хуульд заасан хэмжээгээр төлөөгүй байх тул нөхөн төлүүлэх ёстой.

5.Газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандан гомдол гаргах тухай хуулийн заалттай ба уг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, энэ компанийг хамтарч байгуулсан гэж байна. Энэ байгууллагыг хамтарч байгуулаагүй гэдэг нь Б.Б гэх хүн энэ компанийн менежерээр ажиллаж байснаар тогтоогдоно, хувьцаа эзэмшигч биш гэдгээ өөрөө мэдэж байсан. 2019 оны захирамжийн дагуу эзэмшиж байгаа газар дээр хууль бусаар барилга барьсан гэж байна. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч авсан, үүнээс өмнө гэрчилгээ авсан байж нэхэмжлэгч эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байна гэдгээ нотолно, ийм нотолгоо байхгүй. Б ХХК  үүнээс өмнө 2014 онд  энэ барилгыг барьж эхэлсэн.  2014 онд Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Болорцогоо гэдэг хүнд Б.Б  итгэмжлэл олгож төрийн байгууллын үйл ажиллагаанд оролцох эрхийг олгосон. Мөн 2017 оны 12 сард энэ барилгыг улсын комисс хүлээн авсан, Улсын комисс энэ барилгыг хүлээн авсан учир 2015 онд дахин итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл олгосон хугацаанд уг барилгыг барьсан. Барилгыг барихдаа ус, цахилгаан, дулаан, холбооны, мэргэжлийн хяналтын гэх мэт зөвшөөрөл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ зэргийг заавал газар эзэмшигчийн кадастрын зураг дээр үндэслэж зөвшөөрөл авдаг. Б.Б гэх хүн энэ итгэмжлэлийг олгосон нь энэ тусгай зөвшөөрлийг ав гэсэн санаатайгаар итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу Болорцогоо, Галбаатар нар хөөцөлдөж тусгай зөвшөөрөл авсан.  Энэ тусгай зөвшөөрөл бүгд Э  ЗБН-ийн  нэр дээр байсан учир шүүхэд баримт гаргаж өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ыг иш татаад байна, хууль бус эзэмшил гэдэг бол газар эзэмшигчийн эрхэнд хууль бусаар халдсан идэвхтэй үйлдэл байх ёстой. Тэр тусгай зөвшөөрлийг авахдаа хууль зөрчсөн тэр нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон ийм үндэслэлийг тогтоосны дараа тэр нотлох баримтаа гаргаж ирээд хууль бус эзэмшил гэх байсан. Ийм баримт байхгүй учир шаардлага үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл 60.1.4 дэх хэсгийг нэхэмжлэгч тал иш татаад байна, энэ бол эд хөрөнгийн маргаан. Миний газрыг хууль бусаар эзэмшээд байна гээд Нийслэлийн Засаг даргад хандах байсан. Улсын тэмдэгтийн хураамжаас юунаас чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл энэ баримтуудаар тодорхой бус учир миний тайлбар бас үндэслэл муутай байж магадгүй. Харин нэхэмжлэгч тал танайх хууль бус байна гэдэг дээр баримт гаргаж ирсэн бол би ийм, ийм журмаар энэ баримтаар үгүйсгэж байна гэдгээ нотлох байсан. Шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э ” ЗГБХН /зарим гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/ “газар албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Б” ХХК хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

“Э ” ЗГБХН-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал албан тушаалтай Б.Б /хх-6/ нь Ц.Эт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг итгэмжлэлээр /хх-28/ олгожээ.

“Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, захирал албан тушаалтай Б.Галбаатар /хх-19/ нь Б.Болорцогоод 2020 оны 06 сарын 09-ний өдөр /хх-20/, Г.Нацагдоржид 2020 оны 06 сарын 23-ны өдөр /хх-26/ тус тус итгэмжлэл олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж 2020 оны 06 сарын 23-ны өдөр хариу тайлбар гаргаж, 07 сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцогоог оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох  Б.Болорцогоо нэхэмжлэл гардан авах, Г.Нацагдорж тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зэргээр хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэстэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн А/1144 дүгээр шийдвэрийг үндэслэн “Э ” ЗГБХН-д Улаанбаатар, Сонгинохайрхан, 20 хороонд нэгж талбарын 1801500597 дугаар бүхий 8094 мкв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 000013158 дугаар гэрчилгээ олгож /хх-8/, 2019 оны 12 сарын 05-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээд, “Э ” ЗГБХН-ийн захирал Б.Б нар байгуулж /хх-9-10/, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба эзэмшил газрын кадастрын зураг /хх-11/ хэвлэсэн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох, газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр  эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжиж өгсөн гэрчилгээ, гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй буюу хуульд заасан журмын дагуу газар эзэмших гэрчилгээ авсан байна.

Нэхэмжлэгч “Э ” ЗГБХН-ийн эзэмшил газар дээр хариуцагч “Б” ХХК нь үйлдвэрийн барилга барьснаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байгаа тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч үйлдвэрийн барилга барьсан тухайд маргахгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “хариуцагч ... газар эзэмшдэггүй тул ... газар эзэмшихэд нь саад учруулаагүй, ... нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй, ... дээд шатны захиргааны байгууллагад хандаагүй нь ... урьчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө буюу газрыг эзэмших эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдож буй “Э ” ЗГБХН нь тухайн газрын шударга эзэмшигч бөгөөд хэн нэгэн этгээд буюу “Б” ХХК нь шударга эзэмшигчийн газар дээр барилга барьж, түүнийг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байх тул уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар барилга барьж нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй нэхэмжлэл гэж үзэх бөгөөд тухайн нэхэмжлэл Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-60.1.4 дэх заалтаар зохицуулсан маргаанд хамаарахгүй тул хариуцагчийн тайлбар /хх-27/ нотлогдохгүй байна.

Иймд “Э ” ЗГБХН-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8094 мкв талбай бүхий газрыг “Б” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлөх үндэстэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “Э ” ЗГБХН-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8094 мкв талбай бүхий газрыг “Б” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас  70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ЗГБХН-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР