Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01972

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01846 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ийн хариуцагч Б.А-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.О- нь 2019 оны 03 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төвийн гадна автомашины зогсоол дээр Б.А- гэх үл таних эмэгтэйд зодуулж толгойн хэсэгт гэмтэл авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-ийг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч С.О-ийг өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд тухайн үед толгойн зураг авхуулсан 120 000 төгрөг, эмтэрсэн шүдээ засуулсан 500 000 төгрөг, мөн 10 өдөр толгойгоо бариулсан 200 000 төгрөг, 15 өдөр ажилдаа яваагүй 1 өдрийн 52 000 төгрөгөөр тооцон олох байсан 780 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг хариуцагч Б.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч хариу тайлбартаа: С.О- өөрөө ёс зүйгүй харилцаатай, бүдүүлэг үйлдэл гаргасан атлаа үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна. Тухайн үед нь баримтаа бүрдүүлж ирээгүй, гэмтэл бэртэл авсан гэдэг нь үндэслэлгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлд бодитой гэх зүйл харагдахгүй байна. Толгой бариулсан баримтгүй, өдрийн 52 000 төгрөгийн цалинтай болох нь нотлох баримтгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-т холбогдох, гэм хорын хохиролд                       1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар С.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байх тул тухайн үед толгойн зураг авхуулсан 120 000 төгрөг, эмтэрсэн шүдээ засуулсан 500 000 төгрөг, мөн 10 өдөр толгойгоо бариулсан 200 000 төгрөг, 15 өдөр ажилдаа яваагүй 1 өдрийн 52 000 төгрөгөөр тооцон олох байсан 780 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан, гэм буруу нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон үндэслэлээр 1 600 000 төгрөгийг гаргуулахаар шаарддаг бол хариуцагч Б.А- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан гэм хорын хохирол баримтаар нотлогдохгүй учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

С.О-, Б.А- нар 2019 оны 11 сарын 28-ны өдөр автомашины зогсоолоос болж хоорондоо маргалдсан, улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 8-9/

 

Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан буюу гэм буруу болон хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй, хариуцагч нь түүнийг хариуцан арилгах үүрэгтээ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй боловч энэхүү хохирол баримтаар нотлогдсон байх учиртай.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолд “...С.О-ийн биед тархи доргилт, зүүн гарын ядам хурууны хумс хуурч хөндийрсөн гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” хэмээн дурджээ.

 

Нэхэмжлэгч С.О- нь эмтэрсэн шүдээ засуулсан гэж 500 000 төгрөг, ажилдаа явж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого гэж 780 000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй, Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас уг хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд эдгээр шаардлага баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

                                    

Харин шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд дурдагдсан “тархи доргилт” гэсэн гэмтэл, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн огноо, хэргийн 6, 7 дугаар талд авагдсан толгойн MRI зураг, түүнд тэмдэглэгдсэн “С.О-”, “2019 оны 03 сарын 27-ны өдөр” гэсэн тэмдэглэгээ зэргийг харьцуулан дүгнэхэд 2019 оны 03 сарын 27-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үнэн зөв гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний орлогын баримтыг тухайн байгууллага үйлдэж, олгосон буюу энэ нь үйлчлүүлэгчээс хамааралтай асуудал биш юм. Иймд нэхэмжлэгч С.О-ийн “толгойн зураг авхуулахад 120 000 төгрөгийн зардал гарсан” гэсэн тайлбар үндэслэлтэй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэдийгээр тархи доргисны улмаас бариа заслын эмчилгээ хийлгэж болох боловч нэхэмжлэгч 10 удаа бариулсан, үүнтэй холбоотой 200 000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогдоогүй тул уг шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч С.О- нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нотлох баримтууд хавсаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх эрхгүй тул тэдгээр нь ач холбогдолгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-ээс 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-өд олгож, үлдэх 1 480 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.О- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.О- давж заалдах журмаар гаргасан гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР