Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/01846

 


 

 

  2020           07            02                                                183/ШШ2020/01846

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А, иргэдийн төлөөлөгч Ж.Х, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна автомашины зогсоол дээр Б.А гэх үл таних эмэгтэйд зодуулж, толгойдоо гэмтэл бэртэл авсан билээ. Уг эмэгтэй автомашинаа тавих гэж байсан зогсоол дээр нь машин тавилаа гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож бэртэл учруулсан юм. Б.Аийн дээрх үйлдлийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолоор Б.Аийг бусдын бие махбодод хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Миний бие тухайн үед толгойн зураг авахуулахад 120.000 төгрөг, эмтэрсэн шүдээ засуулахад 500.000 төгрөг, 10 өдөр толгойгоо бариулахад 200.000 төгрөгийн зардал гаргасан. Мөн ажилдаа 15 хоног явж чадаагүйн улмаас /нэг өдрийг 52.000 төгрөгөөр тооцон/ олох байсан орлого 780.000 төгрөгөөр хохирсон. Иймд хариуцагч Б.Аээс гэм хорын хохиролд нийт 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Оийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь түүнийг 1.600.000 төгрөгөөр хохирсон болохыг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмтлийн улмаас толгойн зураг авахуулсан, толгойгоо бариулсан, шүдээ янзлуулсан болохыг нотлохгүй байх бөгөөд тэрээр нэг өдрийн 52.000 төгрөгийн цалин, орлоготой болохоо нотлоогүй байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Оийн нэхэмжлэлтэй, Б.Ат холбогдох, гэм хорын хохиролд 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолоор “...Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна автомашинаа ухрах үйлдэл хийж зогсоол руу орох гэж байхад нь С.Оийг өрсөөд автомашинаа оруулчихлаа гэж маргалдан, С.Оийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, зүүн гарын ядам хурууны хумс хуурч хөндийрсөн гэмтэл учруулсан байна” гэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.О нь эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохирлыг хариуцагч Б.Аээс шаардах эрхтэй хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч С.О нь “...толгойн зураг авахуулахад 120.000 төгрөг, эмтэрсэн шүдээ засуулахад 500.000 төгрөг, 10 өдөр толгойгоо бариулахад 200.000 төгрөгийн зардал гаргасан,  ажилдаа 15 хоног явж чадаагүйн улмаас олох байсан орлого 780.000 төгрөгөөр хохирсон” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул С.Оийн нэхэмжлэлтэй, Б.Ат холбогдох, гэм хорын хохиролд 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд хоёр баримт ирүүлсэн байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 120.000 төгрөгийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”-д байгууллагын нэр Натур гэх боловч Сорт чоно ХХК-ийн Санхүүгийн тэмдэг дарагдсан байна, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 500.0 төгрөгийн “Төлбөрийн баримт”-д Монсей шүдний эмнэлэг гэх боловч тамга, тэмдэг дарагдаагүй байх бөгөөд ямар учраас хэн шүдээ янзлуулсан болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй болно.

 

Шүүхээс нэхэмжлэгч С.Оөд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мөн шүүхэд хүрэлцэн ирж, эрх, үүрэг, хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн боловч тэрээр “...эзгүйд хэргийг хянан шийдвэрлэрлүүлэх хүсэлт”-ийг шүүхэд ирүүлсэн байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан С.Оийн нэхэмжлэлтэй, Б.Ат холбогдох, гэм хорын хохиролд 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

                                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД

 

                        ШҮҮГЧИД                                                                Н.ГЭРЭЛТУЯА

 

           Д.МӨНХЦЭЦЭГ