Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01971

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 835 066 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Зээлдэгч Э.Б- нь тус компаниас 2019 оны 01 сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 79-55 УБИ улсын дугаартай, “Тоёота Приус” 20 маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл үндсэн зээлээс 1 850 301 төгрөг, хүү 1 167 954 төгрөг, алданги 612 479 төгрөг төлж, 2019 оны 10 сарын 14-ний өдрөөс өдрийг хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, алдангиа төлөхгүй хуваарьт хугацаагаа 148 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Зээлдэгч нь үүргээ биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь илт байх тул зээлийн үлдэгдэл төлбөр 4 149 699 төгрөг, хүү 610 517 төгрөг, алданги 2 074 850 төгрөг, нийт 6 835 066 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: н.Баярмагнайд “Тоёота Приус” 20 маркийн автомашиныг худалдахаар болсон. Тэрээр урьдчилгаанд 5 000 000 төгрөг өгсөн ба үлдсэнийг нь банк бус санхүүгийн байгууллагад автомашиныг барьцаалж, зээл авснаар төлнө гэсэн. Ингээд н.Баярмагнай орон нутгийн иргэн байсан учраас Э.Б- нь өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллагад автомашиныг барьцаалж 6 000 000 төгрөг авч, автомашиныг н.Баярмагнай унаад явсан. Э.Б-ын хувьд мөнгө хүлээн авсан талаар маргахгүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар “Ж” ХХК, Э.Б- нарын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, Э.Б-аас 6 013 123 төгрөг гаргуулан “Ж” ХХК-д олгож, үлдэх 821 943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 111 160 төгрөг гаргуулан “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Э.Б- нь 2019 оны 01 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа 79-55 УБИ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг фидуцийн гэрээ байгуулсны дагуу “Ж” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэрээнд автомашины үнийг 8 500 000 төгрөгөөр тодорхойлсон. Нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан эд хөрөнгийн өмчлөгч нь болсон байхад маргааныг шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6 835 066 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 6 000 000 төгрөг хүлээн авсан боловч фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулсан гэх үндэслэл заан маргажээ. /хх 1-2, 32/

 

Талууд 2019 оны 01 сарын 07-ны өдөр 1900011 дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Э.Б-д 6 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.Б- нь зээл болон түүний хүүг гэрээгээр тохирсон нөхцөл, эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч нь өөрийн өмчлөлийн 79-55 УБИ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 8-11/

 

Хариуцагчийн зүгээс “дээрх зээл болон фидуцийн гэрээг бусдад өөрийн өмчлөлийн автомашиныг худалдсантай холбоотойгоор байгуулсан тул зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний дагуу 6 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар хариуцагч маргаагүй, мөнгөн хөрөнгө хүлээн авснаа зөвшөөрсөн. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

 

Харин фидуцийн гэрээний тухайд нэхэмжлэгч нь уг гэрээнд үндэслэн шаардлага гаргаагүй ч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлдээ фидуцийн гэрээний зүйлийг иш татаж татгалзлаа тайлбарласан байхад анхан шатны шүүх түүнд дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх боловч хариуцагч Э.Б- нь анхнаасаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зорилгогүй, харин өөрийн автомашиныг бусдад худалдан борлуулсан үнийг гаргуулан авах зорилготой байсан, улмаар фидуцийн зүйл нь бодитоор н.Баярмагнай гэх хүний эзэмшил, ашиглалтад шилжин, цааш дахин өөр этгээдэд шилжсэн гэх тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгч “Ж” ХХК нь фидуцийн гэрээний зүйлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бодитойгоор гаргуулан авах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор буюу биетээр гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэл хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд үндсэн үүрэг болох зээлийг төлүүлэх эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангуулах эсэхээ нэхэмжлэгч өөрөө шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн фидуцийн гэрээгээр үүрэг хангагдсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг биелүүлэх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж байсан учир нэхэмжлэгч “Ж” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-аас зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч аль гэрээний ямар хавсралт болох нь тодорхойгүй, огноогүй, тамга тэмдэггүй байхаас гадна зээлийн гэрээгээр талууд “1 сарын 2.5 хувийн хүү” тохиролцсон боловч “30 хоногийн 2.5 хувийн хүү” тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс уг баримт, түүний дагуу гаргасан тооцооллыг үндэслэх боломжгүй хэмээн үзэж, зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. Мөн хэрэгт хариуцагчийн төлсөн гэх төлбөртэй холбоотой санхүүгийн анхан шатны баримт, зээлийн дансны хуулга зэрэг авагдаагүй байх тул уг төлбөрийг зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт зөв хуваарилсан эсэх нь эргэлзээтэй юм.

 

Иймд зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр зээлийн гэрээний үүргийг тооцоход зээл, хүүгийн төлбөр 8 250 000 төгрөг болж байх ба үүнээс хариуцагчийн төлсөн гэх 3 630 734 төгрөгийг хасаж 4 619 266 төгрөгийг хариуцагч Э.Б-аас гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Зээлийн гэрээг цуцлах эсэхээ гэрээний талууд өөрсдөө шийдвэрлэх учиртай бөгөөд харин шүүхийн зүгээс гэрээ цуцалсан үндэслэл, журам хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйд нийцэх тул холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Б-аас 4 619 266 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, үлдэх 2 215 800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...111 160...” гэснийг “...88 858...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР