Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01998

 

2020 06 18

102/ШШ2020/01998

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо,Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 0 оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Ж овогт Э-гийн Б-д холбогдох 6 835 066 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л /үнэмлэх 0000/, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.Б нь манай компаниас 2019 оны 1-р сарын 7-нд 6 000 000 төгрөгийг, 2 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлэндээ барьцаа болгож Приус 20 маркийн 00е00 УБИ дугаартай машиныг барьцаалсан. Зээлдэгч нь 2019 оны 2-р сарын 22-ноос 2019 оны 10-р сарын 14-нийг хүртэл үндсэн зээлд 1 850 301 төгрөг, хүүнд 1 167 954 төгрөг, алданги 612.479 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд нийт 148 хоног хэтрүүлж манайхыг хохироосон. Одоо Э.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 4 149 690 төгрөг, хүү 610 517 төгрөг, алданги 2 074 849 төгрөг нийт 6 835 064 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн Приус 20 маркийн машиныг зарахаар зар тавьсан байсан. Зарын дагуу Дорнод аймгийн иргэн н.Б яриад урьдчилгаа 5 000 000 төгрөг өгөөд, үлдсэнийг нь банк буст машинаа тавиад зээл авч өгье гэсэн. Банк бус санхүүгийн байгууллага нь Б-г орон нутгийн хүн учраас зээл гарахгүй гэсэн, иймд би машиныг банк буст тавьж 6 000 000 төгрөгийн зээл авсан. Ингээд машиныг Б унаад явсан, Б эхний 1, 2 сар зээлийн төлөлт графикийн дагуу хийсэн, дараагийн сараас зээл төлөөгүй, асуухаар хүнээс мөнгө аваад өгнө гэсэн. Ингээд би дараагийн 3,4 сарын төлөлтийг төлсөн. Хэсэг хугацааны дараа фейсбүүкт миний машиныг зарах зар тавьсан байсан, гэтэл зар тавьсан хүн нь Б-аас авсан гэж хэлсэн. Гэтэл машины арал, номерыг сольсон байсан. Тэгээд би банк бусын ажилтанд мэдэгдээд, машин зарах гэж байсан хүнийг дагуулаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст очиж гомдол гаргасан. Б нь машин аваад задалж зардаг, Дорнод аймагт хэрэгт шалгагдаж байгааг мэдсэн. Гэхдээ Б машины мөнгийг төлж дуусгана гэж хэлсэн. Би мөнгө авсан гэдэгтээ маргахгүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь Э.Б-д холбогдох зээлийн гэрээ цуцалж 6 835 066 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 013 123 төгрөгийг хангаж, бусад 821 943 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ж ХХК нь 2019 оны 1-р сарын 07-ны өдөр Э.Б-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 8-9/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281, 286-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ж ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх ба зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хийсэн /хх 10-11/ байна. Харин гэрээний 1, 2 дугаар зүйлд зээлдэгчийн өмчлөлийн Toyota prius 20 маркийн 00?00 УБИ дугаартай машиныг өмчлөлдөө шилжүүлэх агуулгатай боловч гэрээний 3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, үүрэг, 4.Үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг хэсэгт барьцааны гэрээ-ний агуулгыг тусгаж, барьцааны зүйлийн талаарх эрх, үүргийг тохирсон байна.

 

Үүнээс дүгнэвэл, талууд эд зүйл өмчлөлд шилжүүлэх, эсхүл барьцаалахаар тохирсон нь тодорхойгүй, зээлдүүлэгч фидуцийн гэрээ, эсхүл барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй байна.

 

Зээлдүүлэгч нь Э.Б-д гэрээгээр тохирсон 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 850 301 төгрөг, хүүнд 1 167 954 төгрөг тус тус төлж, 2019 оны 10-р сарын 7-ноос хойш зээл, хүү төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан зээлдэгч гэрээний эргэн төлөх хуваарийг 148 хоног хэтрүүлсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээгээ цуцалж, хохирлоо гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Зээлдэгч нь 2020 оны 4-р сарын 7-нд гэрээ цуцлах хүртэл үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 2 250 000 төгрөг нийт 8 250 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 4 241 251 төгрөг төлсөн байх ба үлдэх 4 008 749 төгрөгийг, гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги 2 004 374 төгрөг нийт 6 013 123 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж ХХК, Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 01-р сарын 07-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, Э.Б-аас 6 013 123 /зургаан сая арван гурван мянга нэг зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 821 943 /найман зуун хорин нэгэн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 311 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 111 160 төгрөг гаргуулж Ж ХХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА