Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01991

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02517 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч “К Р Э” ХХК-д холбогдуулан гаргасан 1 200 ам.доллар буюу 3 336 780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн төлөөлөгч П.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2019 оны 07 сарын 29-ний өдөр “К Р Э” ХХК-д Чех улсад урт хугацаагаар ажиллаж, амьдрах сонирхолтой иргэдийг ажилд бүртгэх хөдөлмөр зуучлалын дагуу очиж уулзахад анкет бөглүүлсэн. 2019 оны 08 сарын 19-ний өдөр 600 ам.доллар, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 600 ам.доллар тус тус бэлнээр төлсөн. Хариуцагчаас лавлахад Чех улсаас хариу ирээгүй байна, ирэхээр нь гэрээ байгуулна гэдэг байсан. Энэ хугацаанд миний бие өвдөж, онош тогтоогдсон тул энэ талаараа н.Туулд мэдэгдэж явах боломжгүй тухайгаа хэлж 1 200 ам.долларыг буцаан өгөхийг шаардсан боловч өгөөгүй.

Иймд хариуцагчаас 1 200 ам.доллар буюу 3 336 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь хариу тайлбартаа: Тус компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Чех улс, Унгар улс руу тодорхой шаардлага хангасан иргэдийг урт хугацааны албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр явуулах үйл ажиллагааг албан ёсоор эрхэлдэг. Нэхэмжлэгч Б.М- нь манай байгууллага дээр 2019 оны 08 сарын 07-ны өдөр ирж зуучлалын гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дагуу бүртгэлийн анкетыг өөрийн гараар бөглөн ярилцлагад орсон байдаг. Сонгон шалгаруулалтын хариу 12 хоногийн дараа гарч иргэн Б.М- тэнцсэн тул түүнд мэдэгдэн зуучлалын гэрээ байгуулж нийт төлбөрийн 50 хувийг төлөх шаардлагатай болохыг хэлсэн. Улмаар 2019 оны 08 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 08 сарын 26-ны өдөр Чех улсад хөдөлмөрийн эх гэрээ хийгдсэнийг хүлээн авч зуучлуулагчид танилцуулсан. 2019 оны 08 сарын 30-ны өдөр байгууллага үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан. 2019 оны 09 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн эх гэрээ, Монгол Улс дахь БНЧУ-ын Элчин сайдын яаманд цаг товлох албан хүсэлтийг ажил олгогч ирүүлснийг Б.М-т мэдэгдэж, гэрээтэй танилцуулсан. Хэдэн жилийн өмнө өвдөг, эмчлүүлж байсан өвчин сэдэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас явж чадахгүй болсон хэмээн мэдэгдэхэд компанийн зүгээс бүх ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн даатгал албан ёсоор төлөгддөг тул БНЧУ-д ажиллангаа эмчилгээнд хамрагдах боломжтойг зөвлөсөн ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байдаг. Мөн байгууллагын зүгээс Монгол дахь эмчилгээгээ дууссаны дараа хэдийд ч явах боломжтойг санал болгосон, нэхэмжлэгч хүлээн аваагүй. Байгууллагын зүгээс эмчилгээний онош, явц зэргийг батлах нотолгоо авч ирэхийг хүссэн боловч өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “К Р Э” ХХК-аас 3 336 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 339 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “К Р Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 68 339 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй, шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой боловч шүүх Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас ирүүлсэн албан бичгийн хариуг эцсийн шийдвэр буюу манай компанийг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэж дүгнэн шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй байгаа тухай албан бичгийг ирүүлснийг шүүх анхаараагүй.

Нэхэмжлэгч нь нотлох баримтгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, тус шүүхээс эмчилгээний талаар тодруулгыг эрүүл мэндийн хуулиар хүлээн зөвшөөрөгдөн үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас тодруулалгүй, эмчлэгч эмчийн гэрчийн мэдүүлэггүйгээр шийдвэр гаргасан тул тус хэрэгт авагдсан хэргийн материалыг дахин хянан үзэж, уг анхан шатны хэрэгт хамааралтай дээрх нотлох баримтуудыг шалган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “К Р Э” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу өгсөн 1 200 ам.доллар буюу 3 336 780 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талууд 2019 оны 08 сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулсан /хх 26-27/, Б.М- нь зуучлалын хөлс 5 000 ам.доллар төлөхөөс 1 200 ам.долларыг төлсөн /хх 4/ үйл баримтыг зөв тогтоож, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд БНЧУ-д 2 жилийн хугацаатайгаар хөдөлмөр эрхлэхэд зуучлах, зуучлуулах нөхцөлийг харилцан тохиролцсон байх ба энэхүү үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1-д “гадаадад ажиллах хүч гаргах, ... хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх” гэж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг... Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, ...эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд хамаарах ба гэрээ байгуулах үед хариуцагч “К Р Э” ХХК нь зохих тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь тогтоогдсон учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл”-д хамааруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Тодруулбал, зохигчид хуулиар тогтоосон зохих этгээдээс тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйл ажиллагааны хүрээнд хийх хэлцэл байсан байх бөгөөд зөвшөөрөл байхгүй байсан нь уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зөвшөөрөлгүй хэлцэл гэж үзэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар материал бүрдүүлж өгсөн боловч түр олгохгүй байгаа гэсэн хариуг өгсөн, мөн нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаантай болох нь баримтаар нотлогдоогүй гэж тайлбарладаг боловч энэхүү нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Учир нь аливаа аж ахуйн нэгж эхлээд үйл ажиллагаа явуулж, дараа нь холбогдох тусгай зөвшөөрлийг нөхөж авах бус харин эхлээд тусгай зөвшөөрөл авч, дараа нь холбогдох үйл ажиллагааг эрхлэх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай байсан эсэх нь талуудын байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийг зөвтгөх үндэслэл болохгүй буюу хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “К Р Э” ХХК-аас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 1 200 ам.доллараа буцаан шаардах эрхтэй, шүүх 1 200 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 780.65 төгрөгөөр тооцон 3 336 780 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын       09-ний 101/ШШ2020/02517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “К Р Э” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                      Д.НЯМБАЗАР