Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2517

 

 

 

 

 

 

 

 

     2020       07           09                                   101/ШШ2020/02517          

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “К р э” ХХК -д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 1200 ам.доллар буюу 3,336,780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч П.Т, нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов. 

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Би, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн “К р э” ХХК /Climax recruiting agency/ гэсэн хаягтай Европын холбооны улс болох Чех улсад урт хугацаагаар ажиллаж амьдрах сонирхолтой иргэдийг ажилд бүртгэх хөдөлмөр зуучлалын дагуу очиж уулзахад анкет бөглүүлсэн ба 2019 оны 08 сарын 19-ний өдөр 600 ам.доллар, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 600 ам.долларыг тус тус бэлнээр төлж “Ди вай си” ХХК олон улсын тээвэр зуучлалын бэлэн мөнгөний орлогын санхүүгийн баримт дээр “К р э” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан баримтыг надад өгсөн. Энэ хугацаанд надтай тодорхой гэрээ байгуулаагүй бөгөөд 9907**91 утасны дугаартай н.Туул гэдэг ажилтантай би удаа дараа очиж болон утсаар холбогдож асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар асуудаг байсан.

 

Гэвч Чех улсаас хариу ирээгүй байна, ирсэн даруйд нь гэрээ байгуулна гэсэн хариулт өгч байсан. Дээрх хугацаанд миний бие өвдөж, онош тогтоогдсон тул энэ талаараа н.Туулд мэдэгдэж явах боломжгүй болсон тухайгаа хэлж удаа дараа утсаар ярьж мессеж бичиж 1200 ам.долларыг буцааж өгөхийг хүсч тухайн байгуулагад өргөдөл бичиж өгсөн боловч албан ёсоор хариу өгөөгүйгээс надад 1200 ам.долларын хохирол учирч байгаа болно. Гэтэл “К р э” ХХК бол гадаад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөл аваагүй байсан юм байна.

 

Иймд, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т заасны дагуу “К р э”                      ХХК-иас 1200 ам.доллар буюу 3,336,780 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “К р э” ХХК-ийн төлөөлөгч П.Тшүүхэд гаргасан тайлбартаа:

 

“К р э” ХХК нь 2018 онд байгуулагдсан. БНЧУлс болон Унгар улсад иргэдийг урт хугацааны /2-оос дээш жил/ албан ёсны хөдөлмөрийн гэрээнд тодорхой шаардлага хангасан иргэдийг зуучлан явуулах үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Гадаад улс орнууд руу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын газарт ажил олгогч нартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ болон бусад холбогдох бичиг баримтыг хавсарган бүртгүүлж, албан  ёсны үйл ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгч Б.М нь манай байгууллага дээр 2019 оны 08 сарын 7-нд зуучлалын гэрээ болон эрхлэх хөдөлмөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дагуу бүртгэлийн анкетыг өөрийн гараар бөглөн ярилцлаганд орсон байдаг. Ингэхдээ байгууллагын зүгээс тавигддаг үндсэн хоёр шаардлага болох а/ мэргэжлийн үнэмлэх, дипломтой, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх, б/ Архаг болон хууч, сэдэрдэг өвчингүй байх гэсэн шалгуурыг анкетаар үнэн зөв мэдүүлэн бөглөж, гарын үсэг зурсан. /Анкетын 5 дугаар хуудас буюу нэмэгдэл хуудасны №1/

 

Эхний шатны шаардлага хангасан иргэдийн материалыг /орчуулсан анкет, мэргэжлийн үнэмлэх дипломны хуулбар, эрүүл мэндийн байдал-өөрийн батлан мэдүүлснээр/ ажил олгогч руу нэхэмжлэгчээс төлбөр авалгүйгээр явуулан 2 дугаар шатанд оруулсан. Ажил олгогчийн сонгон шалгаруулалтын хариу 12 хоногийн дараа гарч иргэн Б.М тэнцсэн тул мэдэгдэн, зуучлалын гэрээтэй танилцан байгуулж нийт төлбөрийн 50 хувийг төлөх шаардлагатайг хэлсэн. Улмаар 2019 оны 08 сарын 19-нд нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээг байгуулсан байдаг. 2019 оны 08 сарын 26-нд БНЧУ-д ажил олгогчоос хөдөлмөрийн эх гэрээ хийгдсэнийг компанийн e-mail хаягаар хүлээн авч зуучлагчид танилцуулан /монгол хэл дээр/ 2019 оны 08 сарын 30-нд үлдэгдэл төлбөрийг байгууллага хүлээн авсан. Уг хэвлэмэл гэрээнд нэхэмжлэгч танилцан гарын үсэг зурсан байдаг. 2019 оны 09 сарын 4-нд хөдөлмөрийн эх гэрээ, Монгол улс дахь БНЧУ-ын элчин сайдын яаманд цаг товлох албан хүсэлтийг ажил олгогч Монголд ирүүлсний дагуу иргэн Б.М-т мэдэгдэж гэрээтэй танилцан хэвлэмэл гэрээтэй адил болохыг бататган хүлээн авахыг хүссэн.

 

2019 оны 09 сарын 6-нд нэхэмжлэгч манай байгууллага дээр ирэн Чех, Монгол хэл дээр тус бүр 2 хувь эх гэрээтэй танилцсан хэдий ч гарын үсэг зурж, хүлээн авахаас татгалзсан. Хэдэн жилийн өмнө өвдөн эмчлүүлж байсан өвчин сэдэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас яву чадахгүй болсон хэмээн мэдэгдэхэд компанийн зүгээс бүх ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн даатгал албан ёсоор төлөгддөг тул БНЧУ-д ажиллангаа эмчилгээндээ хамрагдах боломжтойг зөвлөсөн ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байдаг. Улмаар 2019 оны 09 сарын 29-нд байгууллагад өргөдөл гаргасан ба бидний зүгээс эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа авч ирэхийг хүссэн боловч өнөөдрийн байдлаар өгөөгүй болно.

Компани иргэн Б.М-ийн өвчтэй байдлын харгалзан үзэж Монголд эмчилгээгээ дуусгасны дараа хэдийд ч БНЧУ-д ажил эрхлэхээр явах боломжтойг зөвлөсөн байдаг ба зуучлуулагч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “энэ хугацаанд надтай тодорхой гэрээ байгуулаагүй гэж мэдэгдсэн нь санаатай, худал мэдүүлэг, биднийг гүтгэж байна гэж үзэж байгаа ба нэхэмжлэгчийн гаргасан 2 удаагийн хүсэлтэд /2019 оны 09 сарын 09, 09 сарын 21/ бичихдээ 2 шатны шалгаруулалтын хариутай танилцан гэрээ байгуулсан хэмээн мөн холбогдох хөдөлмөрийн гэрээний хуулбар, хэвлэмэл хувь дээр гарын үсэг зурж танилцсанаа илэрхийлсэн байдаг. Иймд байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болохыг:

 

1. Нэхэмжлэгч байгууллагатай 3 үе шатны гэрээ байгуулсан ба 1 шатны зуучлалын гэрээний 5.4-т зуучлуулагч нь бүртгэлийн анкет дээр эрүүл мэндийн талаарх мэдээллийг үнэн зөв бөглөсөн ба уг анкетад бичигдээгүй, мэдэгдээгүй аливаа учирч болох эрсдэл, өвчлөлд зуучлагч тал хариуцлага хүлээхгүй гэсэн байдаг.

2. Нэхэмжлэгч ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний e-mail –ээр ирсэн хэвлэмэл хувьтай Монгол хэл дээр танилцан, зөвшөөрч, гарын үсэг зурсан.

3. Нэхэмжлэгчид эх гэрээг 2019 оны 09 сарын 06-ны өдөр танилцуулан уг гэрээ нь хэвлэмэл гэрээтэй зөрүүгүй, адил байгааг хянуулж танилцуулсан.

4. Байгууллагын зүгээс БНЧУ-д ажиллангаа эмчлүүлэх боломжтойг зөвлөсөн ба татгалзсан.

5. Байгууллагын зүгээс Монгол дахь эмчилгээгээ дуусгасны дараа хэдийд ч явах боломжтойг санал болгосон ба хүлээн аваагүй.

6. Нэхэмжлэгч 2019 оны 9 сард байгууллагад 2 удаа төлбөр буцаах талаар хүсэлт гаргасан ба өвчний улмаас явах боломжгүй болсон тухай мэдэгдэхэд байгууллагын зүгээс эмчилгээний онош, явц зэргийг батлах нотолгоо авч ирэхийг хүссэн боловч өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгч Хөдөлмөр зуучлалын гэрээний заалт 5.2, 5.4, 5.8 тус тус ноцтойгоор зөрчиж байгууллагын нэр хүндэд халдан, их хэмжээний хохирол учруулж байгаа тул хөдөлмөр зуучлалын гэрээнд тусгасан 5.2 заалтын дагуу 5,000 ам.долларыг Монгол банкны тухайн өдрийн ханшаар, үл маргах журмаар нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “К р э” ХХК-ийн төлөөлөгч П.Тшүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Манай компанийн хувьд Европын хоёр орон болох Унгар, Чех улсын компаниудтай хамтран ажиллах гэрээтэй, энэ гэрээний асуудлыг олон улсын Арбитрын шүүх хэлэлцэх тохиролцоотой. Б.М-ийн хувьд бол манай компаниас олон нийтэд танилцуулдаг фэйс бүүк хуудас болон бусад зарын дагуу мэдээлэл авч ирсэн, нөхцөл байдлыг маш сайн ойлгуулсан, Б.М нарын нийт 12 хүн анкет бөглөж хүлээн зөвшөөрсөний дараа тэдний материалыг Чех улс руу хүргүүлэхэд 9 хүнд зөвшөөрөл ирсэн. Ингээд Чех улсаас  нэр бүхий 9 хүний зөвшөөрөл, тэдэнтэй байгуулах гэрээ ирэхэд Б.Мөнцэцэг уг гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулахаас татгалзсан, эрүүл мэндийн байдал шалтгаантай болсон гэж тайлбарласан, надад зөвхөн эмчийн магадлагааны зургийг явуулж байсан болохоос өвчний түүх, шалтгааныг танилцуулаагүй. Бидний зүгээс Чех улсад очоод ердийн журмаар эмнэлэгт хамрагдах, эмчлүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлээд байхад татгалзсан, мөнгөө буцааж авна л гэдэг. Манай зүгээс зуучлалыг бүрэн хэрэгжүүлсэн, мөн энд эмчлүүлээд явж болно гэхэд үгүй гэсэн. Одоогоор Ковид-19 өвчлөлийн улмаас зөвшөөрөл нь ирсэн хүмүүс Чех улсад яваагүй байна.

Бид тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн тухай бичсэн боловч уг сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй. Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж  үзэж байгаа юм байна. Бидний зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зөвшөөрөл хүссэн бичиг өгсөн, шийдвэрлээгүй байгаа. Ер нь яам бол бүх талаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллах чиг үүрэгтэй, бидний хүсэлтийг хориглоогүй байгаа явдал бол дэмжиж байгаа хэлбэр. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 1200 ам.доллар буюу 3,336,780 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “К р э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, зуучлалын үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хөдөлмөр зуучлалын гэрээ”  байгуулагдсан, энэ гэрээгээр хариуцагч тал  нь Б.М-ийг Чех улсад 2 жилийн хугацаатай хөдөлмөр эрхэлэхэд зуучлах, Б.М зуучлалын хөлс 5,000 ам.доллар төлөхөөс 1,200 ам.доллар төлсөн, Б.М-ийг Чех улсад  хөдөлмөр эрхлэхээр сонгож,  Чех улсын “Харме моде” ХХК-иас  “Хөдөлмөрийн гэрээ”-ний хувийг ирүүлсэн, түүнд Б.М гарын үсэг зурж, гэрээг байгуулахаас татгалзсан талаар зохигчид маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт: “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг байна.

 

Б.М эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид Чех улсад явах боломжгүй болсон гэж, “К р э” ХХК-ийн хувьд Б.М эрүүл мэндийн хувьд тийнхүү явах боломжгүй өвчин, онош тавигдсан тодорхойгүй, Чех улсад очоод ажил эрхлэх явцдаа эрүүл мэндийн эмчилгээ авах бүрэн боломжтой байсан талаар  маргав.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл иргэний эрх зүйн харилцаа үүсгэнэ гэж заажээ. Нэгэнт үүссэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хүчин төгөлдөр гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс  үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

“К р э” ХХК нь Б.М-тэй байгуулсан “Хөдөлмөр зуулчлалын гэрээ”-тэй нэгэн адил үйл ажиллагаа явуулахын тулд зохих зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүнийгээ мэддэг ба хүлээн зөшөөрдөг байна. Энэ талаар, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/1730 тооот албан бичигт: “...”К р э” ХХК нь иргэдийг БНЧУ-д хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авахаар тус яаманд хандаж байсан бөгөөд тусгай зөвшөөрөл олгоогүй болно” гэжээ.

 

Хариуцагч “К р э” ХХК-ийн хувьд Б.М-тэй байгуулсан “Хөдөлмөр зуулчлалын гэрээ”-ний үүргээ биелүүлсэн буюу Б.М нь  Чех улсад  хөдөлмөр эрхлэхээр сонгогдож,  тус улсын “Харме моде” ХХК-иас  “Хөдөлмөрийн гэрээ”-ний хувийг ирүүлсэн.

 

Гэвч, “К р э” ХХК-ийн хувьд ийнхүү Хөдөлмөр зуулчлалын гэрээ” байгуулж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9-д зааснаар үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

“К р э” ХХК-ийн улсын бүртгэлийн баримт бичгээс үзэхэд, гадаадад ажиллах хүч илгээх, зуучлах эрхгүй байна.

 

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ гэж заасан.

 

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-д зааснаар ”аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж  тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлэх бөгөөд  “тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг хэлдэг байна.

 

Иймд, талуудын байгуулсан “Хөдөлмөр зуулчлалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс  шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэл хангагдсан учир тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч “К р э” ХХК-иас 3,336,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,339 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “К р э” ХХК-иас 68,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.АМАРДЭЛГЭР