Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01993

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/02011 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ийн хариуцагч П.Э-т холбогдуулан гаргасан хашаа байшинг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.А- нь 2005 оноос 2015 оны 07 сар хүртэл Э.Билгүүнзаяагийн эцэг П.Эрдэнээгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо Баянгол 7-16 тоотод амьдарсан. 2017 оны 09 сард П.Эрдэнээ өвчний улмаас нас барсан. Маргаан бүхий газар өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус Э.Билгүүнзаяагийн нэрээр бүртгэлтэй байдаг. Д.А-ийг талийгаач П.Эрдэнээтэй хамтын амьдралтай байсныг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. 2020 оны 05 сарын 19-ний өдрийн лавлагаагаар Э.Билгүүнзаяа өв хүлээн авах хүсэлт гаргасан. Бусад мэдээлэл, хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэхийг шүүлгэхэд гарч ирээгүй. Өөр хүүхэдтэй гэх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн газарт П.Э- нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Э.Билгүүнзаяагийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэж байхад хариуцагч нараас бичиг баримт гаргаж өгөхгүй хүндрэл учруулж байснаас болоод тэдгээрийн хооронд таарамжгүй байдал үүссэн гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: П.Э- нь ам бүл гурвуулаа амьдардаг. Нэхэмжлэгч талийгаачийг нас барахаас 3 жилийн өмнө салсан, талийгаач ганцаараа амьдарч байгаад нас барсан. Уг хаяг дээр талийгаачийн эцэг болох Ч.Пүрэвжав асран хамгаалагч, үр хүүхдийн хамт амьдарч байгаад 2019 оны 01 сарын 01-ний өдөр нас барсан. Талийгаачийн эд хөрөнгийг П.Эрдэнэбаяр үр хүүхдүүдэд нь хувааж өгсөн. Энэ нэхэмжлэл нь миний төрсөн ах П.Эрдэнэбаяртай холбоотой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өвлөх эрхийн хүсэлт гаргахдаа 1 жил болохоос өмнө хүсэлт гаргасан. Өмнө нь гаргахдаа Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно гэдгийг зөрчиж нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Иймд уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус. П.Эрдэнээгээр овоглосон Э.Анхцэцэг, Э.Баянмөнх гэдэг хүүхдүүд нь байсаар байхад өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Мөн 2020 оны 01 сард гарсан газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд нь эх хувиараа хариуцагч П.Э-т байхад дахин гэрчилгээнүүдийг гаргуулж авсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. П.Эрдэнээг нас барахаас өмнө түүний аав маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгч байсан бөгөөд улмаас талийгаачид өвлүүлсэн. Талийгаач нас барахдаа П.Э-тэй хамт амьдарч байсан. П.Э- өөрийгөө өвлөөд авчихлаа гэдэг ойлголттой байсан. Түүний төрсөн хүү н.Баянмөнхийг уулзуулна гэж байсан боловч түүнтэй холбогдож чадахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Хариуцагчийн зүгээс Э.Билгүүнзаяаг П.Эрдэнээгийн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь гал голомтыг минь үлдээж, өөр хашаа Э.Билгүүнзаяад авч өгөх санал гаргаж байна гэсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход нэхэмжлэгчийг талийгаачтай хамтын амьдралтай байсныг бүгд дэмжээд нотолж өгсөн нь шийдвэрээр нотлогддог. Өр төлбөртэй нь холбоотой мөнгөн туслалцаа үзүүлье, эсвэл өөр газар авч өгье, түүнийг зарах эсэх нь өөрсдийнх нь асуудал гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7 дугаар гудамжны 16 тоот хаягт байрлах хувийн сууц мөн хаягт байрлах газрыг тус тус хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талын эрх ашигт тулгуурласан шударга бус болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараар П.Эрдэнээ нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр нас барсан нь тодорхой байдаг ба Д.А- нь Э.Билгүүнзаяаг талийгаачийн өв хүлээн авах хүсэлтийг 2018 оны 09 сарын 05-ны өдөр нотариатч Я.Батсүрэнд хандан гаргасан талаар Нотариатчдын танхимын хариу албан бичигт дурдсан баримтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А- нь өөрийн төрсөн охин болох 16 насанд хүрээгүй Э.Билгүүнзаяагийн нэрийн өмнөөс түүнийг төлөөлөн хариуцагч П.Э-т холбогдуулан Э.Билгүүнзаяагийн өмчлөлд бүртгэлтэй газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 16/

 

Талууд маргаан бүхий газар, хувийн сууц нь урьд Э.Билгүүнзаяагийн эцэг болох талийгаач П.Эрдэнээгийн өмчлөлд байсан болон одоогийн байдлаар тухайн газар, хувийн сууц хариуцагч П.Э-ийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй байна. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01394 дугаар шийдвэр, төрсний гэрчилгээний хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 313 дугаартай “Лавлагааны хариу” гэсэн албан бичиг, зохигчдын тайлбараар Э.Билгүүнзаяа нь нас барагч П.Эрдэнээгийн хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хуулийн зохицуулалттай нийцсэн байна. /хх 5, 13-15, 24/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргасан “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” /хх 6-7/ зэргээс үзвэл, Э.Билгүүнзаяа нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 7 гудамж, 16 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201000387 дугаарт бүртгэлтэй, 18635311625908 нэгж талбарын дугаартай 289.9 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 28 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн өмчлөгч мөн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр эд хөрөнгө өмчлөгчийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар тодорхойлно.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Билгүүнзаяа нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй этгээд гэсэн нь зөв болно. Хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшилдээ байлгах эрх бүхий этгээд гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Э.Билгүүнзаяагийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж байгаа газар, хувийн сууцыг “...Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7 дугаар гудамжны 16 тоот хаягт байрлах хувийн сууц мөн хаягт байрлах газрыг тус тус...” гэж тодорхойлон бичсэн нь буруу. Учир нь, Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 313 дугаартай “Лавлагааны хариу” гэсэн албан бичигт Улсын бүртгэлийн Г-2201000387 дугаарт бүртгэлтэй газрын хэмжээг 480 м.кв, 289.9 м.кв гэж 2 өөр байдлаар бичигдсэн байна. Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан газар, сууцны хэмжээ, улсын болон гэрчилгээний дугаар зэргийг тодорхой бичиж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, тодорхой байх нь бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчигдөхөөс сэргийлэх учиртай.

 

Мөн хариуцагч талын гаргасан “шүүх Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 313 дугаартай “Лавлагааны хариу” баримтыг үнэлээгүйн улмаас нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаанаас өмнө талийгаачийн өв хүлээн авах хүсэлт гаргасныг анхаараагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь 1 жилийн хугацаа нь хуанлийн 365 хоногоор тоологдох бөгөөд үүнийг шууд дараа жилийн тухайн өдөр болсноор 1 жил болсон гэж үзэх боломжгүйн гадна өвлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 01 сарын 20-ны өдөр олгогдсон талаар тухайн баримтад дурдагдсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/02011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 7 гудамж, 16 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201000387 дугаарт бүртгэлтэй, 18635311625908 нэгж талбарын дугаартай, 289.9 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 28 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР