| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0451/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Л.Азжаргал /ҮД:113/,
Шүүгдэгч Ц.Буянзаяа, түүний өмгөөлөгч Л.Данзанноров /ҮД:408/, С.Дэлгэрмаа /ҮД:414/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэн-Очирын Буянзаяад холбогдох эрүүгийн 1711004410074 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт Цэрэн-Очирын Буянзаяа, Монгол улсын иргэн, 1981 оны 8 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс Мон” компанид борлуулагч ажилтай гэх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21-184 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /РД:ХИ81081013/
Шүүгдэгч Ц.Буянзаяа нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаа сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-507 тоотод эхнэр Б.Хашцэцэг, хадам эх С.Эрдэнэцэцэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2012 оноос 2017 оны 8 сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хашцэцэгийг байнга зодсон, хадам эх С.Эрдэнэцэцэгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэдсээр байж байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц.Буянзаяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 8-нд “буруу харж хэвтлээ гээд зодлоо” гэсэн шалтгаанаар намайг зодсон гэж ярьж байна. Би зодоогүй, яагаад гэвэл манай эхнэр тэр өдөр гэртээ хоноогүй. Тэгээд би эхнэрийгээ “чи хаана хоноод ирэв” гэхэд Доогий эгчийндээ хоносон гэсэн. 2017 оны 8 сарын 9-нд манай эхнэр, хадам ээж, хадам ээжийн дүү Доогоо, Оогоо, Тунгаа гэх хүмүүс манайд ирж “Чи манай дүүг зодсон” байна гэж надруу дайрсан. Тухай үед би гэртээ гурван хүүхдийнхээ хоолыг хийж өгөх гээд байж байсан. Доогоо эгч нь надруу хараад “энэний байж байгаа царайг нь” гэж хэлээд “май энэ машиныхаа түлхүүрийг ав” гээд шидчихээд яваад өгсөн. Манай хүү ээжээ гээд байхаар нь би араас нь машинтай хүүгээ аваачиж өгсөн. Түүнээс хойш 2017 оны 8 сарын 15-нд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэх санаатай хадам ээжийнд очиход манай хадам ээж, эхнэр 2 байсан. Би ороод “хүүхдүүд хаачсан юм бэ гэхэд” эхнэр “байхгүй, гачуурт явсан” гэхээр нь би “яах гэж явуулсан юм бэ, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэе” гэхэд хадам ээж “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд эхнэр маань “манай нөхөрт яахаараа хамаагүй байдаг юм бэ” гэсэн. Тэгэхэд хадам ээж уурлаад гал тогооны өрөө рүү ороод шүүгээнээс ганжин аваад миний толгой, мөр рүү цохиод байхаар нь “ээж та болилдоо, тайвшир” гэж хэлсэн. Манай хадам ээж уурлахаараа ухаан алдаад уначихдаг зүрх муутай болохоор би болье гэж бодоод гараад гүйтэл хадам ээж ар талаас зуураад миний цамцыг урахад би газар унаад гурвуулаа давхарладаад уначихсан. Тэгтэл ээж үсээ зулгаагаад, цээжээ маажаад байсныг манай эхнэр хажууд хараад байж байсан. Бид хоёр, хоёр талд нь гараад “ээжээ тайвшир” гээд аргадсан. Тэгтэл хашааны хаалга нээгдээд хоёр цагдаа орж ирээд энд юу болж байна гэсэн. Ээжийн үс нь сэгсийсэн хүн харахад намайг зодсон гэж харахаар байсан. Цагдаад “наад хүмүүст чинь би зодуулсан, миний цамцыг аваад өгөөч” гэж хэлэхэд миний урагдсан цамцыг гаргаж өгсөн. Тухайн үед би Сүхбаатар дүүрэг дээр шалгагдаж байсан болохоор баригдаад хоригдох юм байна гэж ойлгоод цагдаагаас “шээчихээд ирье” гэж хэлээд ямар ч байсан хөгшин аав дээрээ очье гэж бодоод зугтаачихсан. Гэр бүлээ байнга зоддог гэсэн асуудал миний хувьд байхгүй гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.Хашцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 8-ны шөнө гэртээ унтаж байтал Ц.Буянзаяа хоёр найз болох Одхүү, Алтанчимэг нараар хүргүүлж үүрээр 5 цагт согтуу 1 шил том архи барьж орж ирсэн. Хоёр найз нь явах гэтэл явуулахгүй араас нь чаргууцалдаад байсан. Тэгээд хоёр найз нь хамт хувааж уухаар болоод тал хүртэл нь эхнэр Алтанчимэгтэй хувааж уугаад найзууд нь явахаар болж гаргаж өгнө гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Буянзаяа орж ирээд хувцасаа тайлаад унтах гээд миний хажуугаар орж ирээд хэвтэхээр нь би Хас-Очир хүүгээ тэврээд буруу хараад хэвттэл намайг ”чи яахаараа намайг орж ирэхээр буруу харж хэвтдэг юм, пизда минь наашаа хар” гээд үснээс зулгаагаад босч ирээд миний хоёр хөлийг зөрүүлж мушгиад байсан. Миний орилох дуунаар охин Номуундарь, Билэгзаяа хоёр маань сэрсэн. Тэгэхээр нь би Билэгзаяа охиныгоо хойшоо ороод өвөөгөө дуудаад ир гээд охин гарах гэтэл “энэ гэрээс гарвал ална шүү, суу” гээд суулгаад тэр хооронд миний үснээс зуураад “танай муу ээж чинь ийм зэвүүн” гэхэд манай хоёр охин “та ээжийг битгий ингэж зодож байлдаа, танаас гуйж байна” гээд уйлахад Ц.Буянзаяа “За за дахиж аав нь ээжийг нь зодохгүй, миний хоёр охин сууж бай” гээд хоёр охинтойгоо танай ээжийн тал боловсролгүй, хөдөөний малчид, танай эмээ чинь дээд боловсролтой хүн байж байгаад одоо өнгөрсөн, тэр толинд эмээ чинь аавд нь харагддаг, аав нь эмээтэй нь ярьдаг гээд сонин зүйл ярьсаар өглөөний 7 цаг хүргээд сүүлдээ гуйж түүсээр арай гэж унтуулчихаад би 8 цагт босоод ээж, ээжийнхээ дүү нарт хэлсэн. Тэгээд би Доогоо, Оогоо гэх эгч ээж нартай хамт хувцасаа авахаар буцаж гэртээ очихдоо “Чи манай дүүг яахаараа ингэж байнга зоддог юм бэ, дүүгээ бид нар аваад явлаа гэж хэлэхэд” “харин тиймээ уучлаарай” гээд юу ч дуугараагүй. Хоол хийж байснаа хоол унд ид гэхэд нь бид нар идээгүй явсан. Араас хүүг маань авчирч өгсөн. Тэгээд ээж дээрээ очоод гурав хонож байтал “За одоо 2-уулаа болъё, ханийгаа уучлаарай, хүүхдүүдийнхээ хичээлийг хэрэгслийг бэлдье” гээд зөндөө гуйгаад хоёр охиноороо 400.000 төгрөг өгч явуулсан байсан. Би тухайн үед гурван хүүхдээ дагуулж яваад хичээлийнх нь хэрэгсэлийг бэлдээд өгчихсөн байсан.
2017 оны 8 сарын 15-ны орой дүү маань манай хүүхдүүдийг аваад хөдөө явсан байсан. Эхлээд надруу “хүүтэйгээ яръя гээд” залгахаар нь би “хүү байхгүй байна” гээд салгатал дахиж залгаад намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь утсаа унтраачихсан. Тэгтэл гэнэт явж орж ирээд утсаа “яагаад салгаад байгаа юм, хүү хаана байна” гэхээр нь “хөдөө явсан маргааш ирэх байх” гэхэд муухай орилоод пийшин нүдээд, “миний ээж үхчихээд байхад танай чавганц яахаараа үхдэггүй юм” гээд ээжийн суултуурийг аваад цохих гээд дээшээ далайтал таазанд тулаад тааз цөмөрхөд ээж орон дээрээс босч таараад духыг нь цохиод орлуугаа савж унасан. Би босч ирээд “хүүеээ чи болиоч” гэхэд эргэж хараад “танай ээжийг гүйцээгээд алчихъя” гээд муухай үгээр доромжлоод гал тогооны шүүгээг мулт татаж газар унагаагаад тэндээс хутга авч ээж рүү дайрсан. Би ээжийн урдуур ороод зогстол ээж ганжин аваад гар руу нь цохиход хутга нь урд талд нь байсан ширээн доогуур унасан. Тэр хооронд ээж бид хоёр гараад гүйх гэтэл Ц.Буянзаяа ээжийн үснээс зуурахад би болиоч дээ гээд зөндөө гуйгаад сүүлдээ би подволкноос нь татсан. Зууралдаад бид гурав гадаа гараад гарахад Ц.Буянзаяагийн подволк урагдсан байсан. Ээж “амь авраарай туслаарай, хүн аллаа шүү гээд зөндөө орилсон чинь амыг нь дараад “дуугүй бай чавганц минь” гээд хоолойг нь бооход нь арай гэж болиулж хашааны хаалга руу гүйхэд үснээс нь зулгаагаал унагана, арай гэж босгох гэхээр шилбэнээс нь татаж унагаад дээрээс нь мордож суугаад хажуудаа байсан том чулуу аваад толгойг нь бяцлаад алчихъя гээд далайтал би гараас нь татаад хацрыг нь хальт шүргэсэн. Тэгээд сүүлдээ би Ц.Буянзаяагаас “чи миний ээжийг битгий зодооч, би чамтай хамт гэртээ харъя” гэж гуйсан. Тэгээд арай гайгүй болж байтал цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Эрдэнэцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 8, 9-ний аль нь байсныг сайн мэдэхгүй байна, миний охин Хашцэцэг “Буянзаяа намайг зодчихлоо” гэхээр нь би очсон. Гэрт нь очиход Буянзаяагийн нүд нь улаанаараа эргэлдчихсэн, халуун саваа хагалаад, ширээгээ хөмөрчихсөн, гэрээ буулгаад хаячихсан байдалтай байсан. Урьд нь Ц.Буянзаяад би “дахиад миний охиныг зодвол би охиноо аваад явна шүү” гэж хэлэхэд Буянзаяа өөрөө “за” гэж хэлж байсан. Тухайн өдөр би очоод “чи бид хоёрт ярьсан юм байгаа байхаа, би одоо охиноо аваад явлаа” гэж хэлээд авч явсан. Тэгээд 2017 оны 8 сарын 15-ны өдөр манай нөхөр хөдөө хэдэн малтай байдаг, хүүхдүүд маань портероо унаад аав руугаа явсан хойгуур орой 10 цагийн үед Ц.Буянзаяа архи үнэртүүлчихсэн, нүд нь эргэлдчихсэн, гараа зангидчихсан ороод ирсэн. Тэгээд би “юу хийж явж байгаа юм бэ” гэхэд “хүүхдүүдтэйгээ уулзъя” гэхээр нь “ганц өдөр хөдөө явчихаад ирэг гээд явуулчлаа” гэхэд “аа пиздануудаа” гээд орилоод пийшин савалж байснаа миний бие засдаг суултуурыг пийшингийн араас аваад цохих гээд далайтал тааз тулж цөмлөөд эрч нь саарч намайг цохиход би газар зөөлөн унасан. Тэгтэл Ц.Буянзаяа “энэ муу чавганцийг гүйцээгээд алчихъя, чамайг алсан байхад би хонь хариулах настайгаа гарч ирнэ” гээд гал тогооны өрөө рүү ороод тогооны гүйдэг хязгаарлагчтай шүүгээг суга татаж унагаагаад, хутга аваад дайрсан. Дээр нь ганжин байхаар нь би аваад гарын шуу руу нь цохисон хутга нь ширээн доогуур орсон. Тэгээд би ямар ч байсан энэ байшин дотор байвал бид хоёр дийлэхгүй юм байна гэж бодоод тусламж дуудахаар үүдрүү гүйсэн. Бид гурав гурвуулаа үүдэнд зууралдаад, гадаа гарсан, би “таминээ туслаарай, цагдаа дуудаарай” гэж нилээн орилсон. Гадаа бас бид хоёрыг зодсон. Тэгээд хойд хашааны Цолмонцэцэг ирээд юу болж байна гээд хараад бид хоёрыг зодож байхыг хараад цагдаа дуудсан байсан. Хашаан дотор эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа ирсэн. Ц.Буянзаяа намайг үсдээд хацарнаас хазаж, цохиж, газраар нуруугаар маань чирсэн. Зүүн талын дал, гарын шуу хэсэг, баруун гарын сарвуу зулгарч цус гарсан байдалтай байсан. Тэрийгээ үгүй гээд байгааг харахаар гайхаад байх юм. Дээрээс мордож суучихаад хоёр хөхийг маань базаад, татаж өндийлгөөд буцаж унагаагаад хөх эрээн болгосон гэсэн мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хашцэцэгээс мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/, хохирогч С.Эрдэнэцэцэгээс мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/, гэрч Ү.Цолмонцэцэгээс мэдүүлсэн мэдүүлэг /хх-56-58/, Гэрч Н.Энхтүвшингээс мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/, гэрч Б.Балжингаас мэдүүлсэн мэдүүлэг хх-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн 10448 дугаар дүгнэлт /хх-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн 10456 дугаар дүгнэлт /хх-62/, шүүгдэгч Ц.Буянзаяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 84/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Буянзаяа нь 2017 оны 8 сарын 08-ны 05 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21-184 тоот гэртээ согтуу ирж гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, хохирогч Б.Хашцэцэгийг ”чи яахаараа намайг орж ирэхээр буруу харж хэвтдэг юм, пизда минь наашаа хар” гэж шалтаглан, үснээс зулгааж шал мөргүүлэн хоёр хөлийг зөрүүлж мушгих зэргээр зодсон,
2017 оны 8 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоот 57 настай, бусдын асаргаанд байдаг хадам эх, хохирогч С.Эрдэнэцэцэгийн гэрт согтуу очиж эхнэр Б.Хашцэцэгт “миний ээж үхчихээд байхад танай ээж яахаараа амьд байдаг юм, би чамд өнчин байхын зовлонг мэдрүүлээд өгье” гэж шалтаглан хохирогч нарыг гар, хөл болон суултуур сандалаар цохих, гэрээс гадгаш хашааруу чирч хазах, өшиглөх, чулуугаар цохих зэргээр зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаан хохирогч Б.Хашцэцэг, С.Эрдэнэцэцэг нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.Буянзаяагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 15-нд би хадам ээжийн гэрт нь хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх дөхлөө, бэлтгэлийг хангая гэж эхнэртэйгээ ярилцахаар очиход хүү байхгүй, хадам ээж, эхнэр 2 байсан. Тэгэхэд намайг чи юу хийж яваа юм бэ, гэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм бэ, гэхээр нь миний хүүхэд надад яахаараа хамаагүй болчихдог юм бэ гээд маргалдсан. Тэгсэн хадам ээж гал тогооныхоо шургуулганаас гурил элддэг гулууз мод авч ирээд намайг цээж толгой руу цохиод гараараа хаасан чинь улам дургуйцэж, толгой руу дахиж цохих гээд дайрахаар нь би хадмыг түлхтэл газар унасан. Тэгэхээр нь би гараад зугтсан чинь хадам ээж, эхнэр хоёр араас хөөж гарч ирээд үүдний довжоо руу надтай давхралдаад уначихсан. Тэр 2 миний дээрээс унасан болохоор эхнэр намайг үсдэж, толгойг арагш татаад хадам ээж барьж байсан модоороо толгой руу хэд хэд цохисон. Тэгээд өөрөө “хүмүүсээ хараарай, намайг манай хүргэн алах гэж байна. Нэрийг нь Буянзаяа гэдэг юм” гэж орилоод бачуурахдаа өөрөө үсээ зулгааж, цээж хэнхэлдэгээ маажаад байсан ба энэ үед эхнэр цагдаа дуудсан. Хадам ээж зүрхний өвчний учир уурлахаараа багтарч унадаг өвчтэй болохоор нь эхнэр бид 2 ээжийг аргадаад “ээж одоо тайвшир л даа” гэж байтал цагдаа нар ирж намайг баривчилж хорино гээд байхаар нь би бие засъя гэж гуйж байгаад хадмын хашааны үүдэн дээрээс зугтаасан..
Би 2017 оны 8 сарын 15-ны өдөр хутга барьсан гэхдээ эхнэр Хашцэцэг болон хадам ээж Эрдэнэцэцэгийг алах санаа зорилго байгаагүй. Зүгээр айлгах гэж хутга барьсан юм. Хашцэцэг болон хадам ээж Эрдэнэцэцэгийг хутгалах болон зүсэх зэрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй. 2017 оны 3 сард манай эхнэрийн найз Одонцацрал надтай утсаар танай эхнэр Хашцэцэг чинь буудалд цагаар орчихсон байна гэж ярьсан юм. Тэгээд би үүний улмаас эхнэртэйгээ маргалдаад түлхээд гарнаас нь татсан өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгээд 2017 оны 8 сарын 15-ны өдөр хадам ээж Эрдэнэцэцэгийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-507 тоотод байх гэрт нь хүүхдүүдээ авах гэж очоод маргалдсан. Би хадам ээж С.Эрдэнэцэцэгийг зодож байсан удаа байхгүй. 2017 оны 8 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 33-507 тоотод байх хадам ээжийнхээ гэрт нь хүүхдүүдээ авах гээд очсон юм. Тэгээд эхнэр болон хадам ээжтэйгээ маргалдсан. Би 2017 оны 8 сарын 8-ны өдөр буруу харж унтлаа гээд зодсон зүйл байхгүй. Би гэртээ ороод зүгээр унтаад өгсөн.. гэсэн мэдүүлэг /хх 74, 180-181/
Хохирогч Б.Хашцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..ээжийн гэрт байж байхад манай нөхөр Буянзаяа халамцуу орж ирээд “миний ээж үхчихээд байхад танай ээж яахаараа амьд байдаг юм, би чамд өнчин байхын зовлонг мэдрүүлээд өгье” гээд манай ээжийг сууж бие засдаг суултууртай сандлаар ээжийг цохих гэж далайхдаа тааз цөм цохиод унахдаа ээжийн толгой руу цохисон. Тэгээд би хажууд нь очоод түлхтэл эргэж хараад гал тогооны өрөөний хутганы шүүгээнээс мулт татаж унагаагаад газарт унасан иш нь хугарсан хутгыг аваад “ална” гээд босоод ирэхээр нь боль гээд ээжийн урд зогсоход ээж газарт унасан ганж бариад Буянзаяагийн хутгатай гар руу нь цохитол хутга ширээний доогуур орсон. Тэгээд ээжийг аваад гүйгээд гарах гэтэл ээжийн үснээс Буянзаяа татаад унагаасан. Гэрийн хаалганы хажууд ээжийг үсдээд байхаар нь болиулах гээд баахан ноцолдсон. Зууралдсан чигтээ гараад цагдаа дуудаарай гээд орилоход ээжийн амыг боогоод дуугай бай чавганц минь алаад хаяна гэж байсан. Тэгээд би гарыг нь тавиулаад хашааны үүд рүү зугтаатал ээжийн үснээс татаж савуулж унагаасан. Ээжийн дээр сууж байгаад хажуу талд нь байсан том чулууг авч тархийг нь бяц цохино гээд цохиж байхад нь би гарыг нь түлхтэл ээжийн зүүн шанааны хацар зулгарч чулуу газарт унасан. Тэгээд босч ирээд ээжийн нэг хөлнөөс чирээд салтаа руу нь өшиглөх гээд, газарт чирээд цээжин дээр нь сууж байгаад гараа зангидаад 1-2 удаа цохисон. Миний баруун, зүүн гар өвдөгт зулгаралт үүссэн, нуруу зулгарсан, зүүн гарын сарвуу атгаж болохгүй байсан. Баруун гуя хөхөрсөн. ..Буянзаяа 2012 оноос эрчимтэй зодож эхэлсэн. 2012 онд толгой руу аяга шидээд бондгор үүссэн. 2017 оны 3 сард хардаж зодохоор нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгуулж байгаад хадам аав Цэрэн-Очир гуйгаад гомдлоо буцааж авсан. 2016 онд миний зүүн хөлний шилбэний махыг тас цохиод гэмтэл учруулж байсан. 2013 онд миний толгойг хагалж гэмтэл дээр 6 оёдол тавиулж байсан.
2017 оны 8 сарын 8-ны үүрээр ..би хүү Хас-Очиртой унтаж байхад хажуугаар нь орж хэвтэхээр нь би хүү рүүгээ хараад хэвттэл “чи яахаараа буруу харж хэвтдэг юм бэ” гэж хэлээд үснээс зулгаагаад шал руу мөргүүлсэн. Би орилоод болиоч ээ гэхэд гэж орилсон чинь үснээс тавиад миний хөлийг хөшиж эргүүлээд орилох хооронд хүүхэд сэрээд “ааваа болиочээ, ээжийг битгий зодоод байгаачээ” гэж хэлэхэд “би ээжийг чинь яагаа ч үгүй байна” унтаж амар гэж байсан. Энэ үед миний толгой хавагнасан, баруун хөлийн шагай эвгүй болсон байсан. 2008 онд манай нөхөр Буянзаяа нь манай ээж Эрдэнэцэцэгийг зодож байсан. Тухайн үед манай хүүхдүүд манай ээжийн гэрт байсан юм. Тэгээд хүүхдүүдээ авах гээд Буянзаяа нь согтуу ирчихсэн байсан гэтэл ээж хүүхдүүдийг өгч явуулахгүй гээд маргалдсан. Тэгээд манай нөхөр машиндаа хоёр хүүхдээ суулгасан байсан юм тэгээд ээж өгч явуулахгүй гээд машины цонхоор гараа оруултал Буянзаяа нь машинаа хөдөлгөөд явсан. Түүнээс болоод манай ээжийн хоёр гарны суга хавдаж хөхөрсөн байсан. 2017 оны 8 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 33-507 тоотод байх манай ээжийн гэрт согтуу ирж зодсон гэсэн мэдүүлэг. /хх-31/,
Хохирогч С.Эрдэнэцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн.. 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 22 цагийн үед Буянзаяа манай гэрт ирсэн. Тухайн үед Буянзаяа нь хөмхийгөө зуугаад гараа атгаад “та нарыг ална” гээд байшингийн ард байсан миний бие засдаг суултуурыг аваад далайтал тэр суултуур тааз цохиод хүч нь саараад буухдаа намайг цохиод би орон дээр унасан. Тэгээд гал тогооны тавилганы шургуулгыг татаж унагаагаад дотор нь байсан хутгыг аваад над руу далайхаар нь миний хажууд байсан гурил элддэг модоор хутга барьсан гар руу нь 1 цохисон. Энэ үед Буянзаягийн барьсан хутга газар унасан. Миний охин Хашцэцэг, Буянзаяаг болиулах гээд барьцалдаж авсан. Тэгээд барьцалдсан чигтээ бид 3 гадаа гараад би “амь авраарай” гэж орилсон. Буянзаяа охин бид 2-ыг газар татаж унагаад дээрээс өшиглөөд нуруу, гар, хөл рүү цохисон, чирээд хоолой багалзуурдаад ална гээд зодсон. Буянзаяа намайг болон охиныг зодож байхдаа зууралдаад унасан юм тэгэхэд хөл гар нь шалбарч зулгарсан байж магадгүй.
Буянзаяа урьд нь намайг зодож байсан, манай 2 зээг гэрт байхад Буянзаяа согтуу орж ирээд хүүхдүүдээ авч явна гэхээр нь би “чи согтуу байна хүүхэд өгч явуулахгүй” гэсэн чинь хүүхдүүдээ машиндаа суулгасан. Тэгэхээр нь машины цонхоор нь гараа оруултал машины цонхыг дээшлүүлж миний гарыг цонхондоо хавчсан чигээрээ машинаа асаагаад 10 гаруй метр орчим явсан. Тухайн үед миний суга хөхөрч хөндүүрлэсэн. Тухайн үед уучлалт гуйсан тул би цагдаад хандаагүй.. гэсэн мэдүүлэг /хх-25/,
Гэрч Ү.Цолмонцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад би Чингэлтэй дүүрэг 18-р хороо, 33-504 тоотод гэртээ эгч Мөнхцэцэгтэй хамт байж байтал гадаа хүн орилох чимээ гарсан, тэгээд гараад иртэл манай урд талын Эрдэнэцэцэг эгчийнд Хашцэцэг орилж байсан. Тэгээд би юу болж байгаан бол гэж бодоод хашаан дээгүүр хартал Буянзаяа, Эрдэнэцэцэг, Хашцэцэг нарыг зодож байсан. Тэгээд цуг яв явахгүй бол ээжийг чинь ална гээд Эрдэнэцэцэг эгчийн дээр гараад сэгсчээд орилоод цохиод байсан. Хашцэцэг эгч цагдаа дуудаач туслаачээ гээд орилоод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаагийн урдаас зам дээр гараад ирэхээр нь дагуулж хашаанд ортол Буянзаяа гэрийн үүдний шатан дээр сууж байсан. Эрдэнэцэцэг сандал дээр сууж байсан. Хашцэцэг хажууд нь зогсож байсан. 2 хүүхдээ загнаж байгаа аав шиг тэр хоёрыг загнаж байсан. Хашцэцэг өмдөндээ шээсэн байдалтай, их айдастай, Эрдэнэцэцэг эгчийн нүүр халцарсан тэр 2 шороо болсон байдалтай байсан. Тэгээд цагдаа нартай хамт үүдэн дээр Буянзаяаг хашаанаас гаргаад хашааны хаалга дотор талаас нь бариад зогсож байхад Буянзаяа би өмнө нь цагдаа байсан. Ямар зүйл ангиар саатуулах гэж байгаа юм гээд цагдаатай тохиролцоно гэж ярьж байгаад цамцаа авмаар байна, шээчээд ирье гээд зугтсан.. гэсэн мэдүүлэг /хх-56-58/,
Гэрч Н.Энхтүвшингээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 15-ны 22 цаг 22 минутанд Чингэлтэй дүүрэг 18-р хороо, Яргайтын 33-507 тоотод хүн зодоод алахнээ хурдлаарай гэсэн дуудлагаар цагдаагийн дэслэгч Б.Балжингийн хамт тус тоот дээр ирэхэд хашаан дотор байшингийн гадаа хүргэн гэх залуу цээж нүцгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг дүүргийн ахлах байна. Өөрөө цагдаа гэж шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж байж байгаад утсаар яриад шээгээд ирье гээд машины ард гараад зугтаасан. Араас нь машинтай тухайн гудамжуудаар яваад олдоогүй. Эргэж гэрт нь очтол амбаартай портер машин автобусны буудал дээр согтуу жолоодож ирээд тавьсан гэдгийг эхнэр нь, эхнэрийн хамаатнууд нь хэлсэн. Тэгээд ороход эхнэр, хадам ээж, нэг эмэгтэй, гаднаас нэг эмэгтэй гээд 4 хүн ирсэн байсан. Тухайн дуудлага дээр очоод юу болохыг асуутал манай нөхөр намайг ээжтэй хамт зодсон. Урьд нь удаа дараа зоддог би дүр салаад ээжийндээ иртэл араас ирээд зодчихлоо гэх бөгөөд дуудлага өгсөн.. гэсэн мэдүүлэг /хх-50/,
Гэрч Б.Балжингаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 15-ны 22 цаг 22 минутанд Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хүн зодоод алахнээ хурдлаарай гэсэн дуудлагаар цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинтэй хамт тус тоотод очиход хашаан дотор байшингийн үүдэнд цээж нүцгэн залуу довжоон дээр нь сууж байсан. Хадам ээж нь өөдөөс хараад зогсож байсан. Зөрчил гаргасан. Ц.Буянзаяаг авч машинд суулгах гэтэл машины хаалга онгойлгоод суу гэтэл машины хаалганаас бариад миний цамцыг аваад ир гэж хэлээд зогсож байхад урагдсан цайвар цагаан цамц авчирч өгсөн. Энэ миний цамц биш гэж хэлэхэд эхнэр нь наадах чинь энэ цамцтай ирсэн. Өөр цамц байхгүй гэж хэлсэн. Машинд суулгах гэтэл би Баянзүрх дүүргийн ахлах байна. Та нар 25250 дугаартай дэслэгчээ намайг ингэж авч явж болохгүй. Наад хүмүүсээсээ тайлбар аваач наад хүмүүст чинь их “но” бий. Би шээмээр байна гэж хэлээд зугтаасан. Араас нь гүйгээд барьж авч чадаагүй. Эхнэрээс нь аюулгүйн зэргийн үнэлгээг гадаа сууж байгаад авсан. Эхнэр Хашцэцэгийн бие гадаад байдал цус нөж, хавдаж барьсан зүйл харагдаагүй. Харин ээжийнх нь нүүр баруун талын шанаа бондойтол хавдаад бие нь чичрээд салгалаад байсан. Хашцэцэг нь айсан сандралтын байдалтай байсан.. гэсэн мэдүүлэг /хх-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10456 дугаар дүгнэлтэнд: 1. Б.Хашцэцэгийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн 10448 дугаар дүгнэлтэнд: 1. С.Эрдэнэцэцэгийн биед дух, баруун, зүүн хацар, хүзүү, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-60/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой, үнэн зөв гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Буянзаяагийн дээрхи үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт заасан ялыг сонсгон яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Гэвч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Буянзаяа нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болон эхнэр Б.Хашцэцэгийг 2017 оны 8 сарын 08, 15-ны өдөр, хадам эх ахмад настан С.Эрдэнэцэцэгийг 2017 оны 8 сарын 15-ны өдөр зодсон, тэднийг зодохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хэргэлдэг 00 суултуур, хутга, чулуу зэргээр цохих, хазах, базах, чирэх, салтаа бөгсрүү өшиглөх зэргээр харгис хэрцгий харьцаж, олон тооны гэмтэл шарх учруулан догшин авирласан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хүчирхийлэлийн хэлбэрийг бие махбодын хүчирхийлэлээс гадна сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл байна гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Ц.Буянзаяа нь дээрхи өдрүүдэд хохирогч нарыг зодож бие махбодын хүчирхийлэл үйлдсэн бөгөөд хохирогч Б.Хашцэцэгийг зодохын өмнө болон хойно сэтгэл санааны дарамтанд байлгаж байсан нь түүний мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтийн хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Буянзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчийн дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг давхар зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 хэсэгт заасан гэмт хэргийн шинж багтаж байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянзаяад сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ц.Буянзаяад сонсгосон ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэг заасан ялыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь 2017 оны 8 сарын 8-ны өдөр хохирогч Б.Хашцэцэгийг зодсон үйлдэл нотлогдоогүй, 2017 оны 8 сарын 15-ны өдөр зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон үйлдэл биш гэж тайлбарласан боловч энэ нь дээрхи дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариулага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хорих ял” шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, гэм хор, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Буянзаяагаас хохирогч С.Эрдэнэцэцэгт 1.060.000 төгрөгийг өгсөн, хүлээж авсан баримт хэрэгт хавсаргагдсан бөгөөд хохирогч нараас шүүх хуралдаанд “одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Буянзаяагаас бусдад төлөх төлбөргүй ба гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй байна.
Шүүгдэгч Ц.Буянзаяа нь шүүх хуралдаан болохоос өмнө 2017 оны 9 сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэл 56 хоног, 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс 2018 оны 1 сарын 10-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт 85 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Ц.Буянзаяад сонсгож ирүүлсэн ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэн-Очирын Буянзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянзаяаг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянзаяад оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.Буянзаяагийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ц.Буянзаяа нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Буянзаяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР