Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01995

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01964 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.У-гийн хариуцагч Б.Ү-ад холбогдуулан гаргасан 5 349 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У-, хариуцагч Б.Ү-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2016 оны 12 сарын 13-ны өдөр Б.Ү-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.У- нь нийт 56 ширхэг,                       129 639 000 төгрөгийн үнэ бүхий Япон Улсын “Цүцүми” /TSUTSUMI/ брэндийн бриллиантан шигтгээтэй, цагаан алтан үнэт эдлэлийг Б.Ү-ад хүлээлгэн өгч, УИД-ийн 1 давхрын 104 тоот лангуун дээр тавьж зарж борлуулахаар харилцан тохиролцсон. Улмаар сар бүр тооллого хийхэд хүлээлгэж өгсөн бараа дутах, зарагдсан барааны мөнгө өгөхгүй зэрэг асуудал гарсан тул 2017 оны 08 сарын 27-ны өдөр үлдэгдэл бүх бараа үнэт эдлэлээ буцаан авч тооцоо нийлэхэд 20 000 000 гаруй төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн бараа дутсан. Үүнийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 нэр төрлийн барааг буцаан өгсөн. Харин Z1089:DIA-M зүүлтийн гинж-2 200 000 төгрөг-/РТ900. 50см, гинж /, Е 145 бөгж-1 550 000 төгрөг-/K14WG-цагаан алт, 0.06 карат даймонд шигтгээтэй/, E293-WG бөгж-1 550 000 төгрөг-/K14WG-цагаан алт, 0,08 карат даймонд шигтгээтэй/ 3 нэр төрөл, нийт 5 300 000 төгрөгийн үнэ бүхий барааны үнийг төлөөгүй.

2019 оны 03 сарын 14-ний өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, 5 300 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд залилан мэхэлсэн гэх шинжийг агуулаагүй гэж үзсэн. Мөн 2019 оны 05 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлагч”-д хандсан боловч Б.Ү- эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан цагт ирэхгүй 2 удаа хойшлуулж, төлье гэсэн сэтгэлгүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусаж, ажиллагаа дуусгавар болсон. Б.Ү-ад 2017 онд хүлээлгэж өгсөн 2 бөгж, 1 гинжийг буцааж нэхэмжилж байна. Гинжний одоогийн үнэ 1 375 000 төгрөг байгаа. Тэрээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны явцад Ц.У-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Ү-аас бодит хохирол болох 5 300 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг, нотариатын төлбөр 19 700 төгрөг, нийт 5 349 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.Ү- нь 2016 оны 11 сард УИД-т лангуу ажиллуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 сарын 13-ны өдөр Ц.У-тай гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүн лангуун дээрээ тавьж зарахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь нийт 5 300 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Z1089:DIA-M зүүлтийн гинж нь Япон улсад үйлдвэрлэгдсэн, худалдан борлуулж буй үнэ нь 9 000-                   18 980 иен /1иен=26.26 төгрөг/ бөгөөд энэ нь 235 000-493 500 төгрөг байна. Мөн нэхэмжлэлд дурдсан 2 700 000 төгрөг нь зүүлт, гинж хоёрын нийлбэр үнэ бөгөөд Ц.У- нь зүүлтийг авсан. Харин гинжний үнэ нь 300 000 төгрөг байдаг. Мөн 2 бөгжний үнэд нийт 3 100 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т 1 500 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа 10 хувь хямдралтай зарагдана. Зарагдсан үнийн дүнгийн 10 хувийг Б талд шимтгэл болгож өгнө гэж тохиролцон заасан. Үүний дагуу Б.Ү- зарагдсан барааны үнэ тутмаас 10 хувийн шимтгэл авах тул Ц.У-д 2 бөгжний үнэд нийт 2 480 000 төгрөг төлөхөөр байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн тогтоолоор дээрх бараа бүтээгдэхүүний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүгээр Б.Ү- гэм буруугүй болох нь тогтоогдсон.

Иймээс Ц.У-гийн нэхэмжилсэн 5 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа учраас Б.Ү-ад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ү-аас нийт 4 524 700 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.У-д олгож, үлдсэн 825 000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид 87 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.У-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл маргаж буй барааны талаарх хэрэг нь анх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн бөгөөд хэргийг хянан шалгахдаа нэхэмжлэгчийн нийт хүлээлгэн өгсөн барааны жагсаалтыг дүнгийн хамт хэргийн материалдаа хавсаргасан. “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн ЧД1-18-03 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд маргаж буй 3 ширхэг эд зүйлийн үнийг тодорхойлсон. Үүнд, РТ900 50см 1 ширхэг гинж, зүүлтийн хамт 1 484 800 төгрөг, K14WG цагаан алт, 0.06 карат, алмаазан шигтгээтэй 1 ширхэг бөгж 1 306 880 төгрөг, K14WG цагаан алт, 0.08 карат, алмаазан шигтгээтэй бөгж 1 125 120 төгрөг гэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон 1711003080328 дугаар хэрэгт авагдсан нотлох баримт нь иргэний журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа энэхүү тохиолдолд нотлох баримтаар үнэлэгдэх баримт юм. Маргаж буй эдгээр барааны үнэ шүүхэд нотлох баримтаар байсаар байхад нэхэмжлэгчийн өөрийн үзэмжээр тогтоосон, түүнийгээ нотлоогүй дүнгээр шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд, Ц.У- нь Z1089:DIA-M зүүлтийн гинж-2 200 000 төгрөг гэж нэхэмжилжээ. Хөрөнгийн үнэлгээний тайланд Z1089:DIA-M гинж, зүүлтийн хамтаар 1 484 800 төгрөг гэж үнэлэгдсэн. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гинжний зүүлтийг Ц.У-д буцаан өгсөн байхад нэхээд байгаа нь туйлын шударга бус байна. Иймээс K14WG цагаан алт, 0.06 карат, алмаазан шигтгээтэй 1 ширхэг бөгж 1 306 880 төгрөг, K14WG цагаан алт, 0.08 карат, алмаазан шигтгээтэй бөгж 1,125,120 төгрөг, Z1089:DIA-М зүүлтийн гинж 300 000 төгрөг буюу нийт 2 732 000 төгрөг төлөх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4-т зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 49 700 төгрөг, нийт 4 524 700  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйл нь зөрчигдсөн эрхийг сэргээх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөх дүнгээс нотлох баримтыг үндэслэн 2 617 700 төгрөгийг хассан байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.У- нь хариуцагч Б.Ү-ад холбогдуулан бараа бүтээгдэхүүн дутаасан төлбөр 5 300 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зарцуулсан 30 000 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсэн төлбөр 19 700 төгрөг, нийт 5 349 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 39/

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын үүрэг үүсгэсэн тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй гэж, мөн уг гэрээ дуусгавар болсноор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх дүгнэлт хийхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

 

Талууд 2016 оны 12 сарын 13-ны өдөр “Гэрээ” байгуулж, А тал болох Ц.У- нь биет байдлын доголдолгүй нийт 56 ширхэг, 129 639 000 төгрөгийн үнэ бүхий Япон Улсын “Цүцүми” /TSUTSUMI/ брэндийн бриллиантан шигтгээтэй, цагаан алтан үнэт эдлэлийг гэрээний Б тал Б.Ү-ад хүлээлгэн өгөх, Б.Ү- нь барааг хүлээн авч өөрийн үнэт эдлэлийн тасагт байршуулан, зарж борлуулан төлбөрийг төлөх, ийнхүү борлуулсан үнийн дүнгийн 10 хувийг Б тал шимтгэл болгон авах нөхцлийг  харилцан тохиролцож, хавсралтаар хүлээлгэн өгсөн барааны нэр төрөл, тоо, хэмжээ, гэрээгээр худалдагдах үнийг баталсан байна. /хх 4-8/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Гэрээ”-ний нөхцөл зэргийг харьцуулан үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүсжээ. Учир нь талууд дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн үнэт эдлэлийг хариуцагч гэрээнд заасан хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах, ийнхүү худалдан борлуулсан үнийн дүнгээс тодорхой хувийг шимтгэл хэлбэрээр өөрт хөлс болгон эрхийг гэрээгээр тохиролцсон байх тул уг тохиролцоо нь даалгаврын гэрээний шинжийг агуулсан байна.

Дээрх гэрээний нөхцөл болон уг гэрээ хэрэгжиж нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, улмаар хүлээлгэн өгсөн эд зүйлээс дутсан болон бараа худалдсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй зэрэг асуудлаар маргаан үүсэж эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгөөгүй эд зүйлийн үнэ маргааны зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдөр 2019/ШЦТ/215 дугаар тогтоол /хх9-12/, зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч Ц.У-гаас хариуцагч Б.Ү-ад шилжүүлэн өгсөн эд зүйлийн зарим хэсэг дутсан буюу хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Цаашид үнэт эдлэл худалдуулах тухай харилцааг талууд дуусгавар болгож даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэгчээс өөрийн шилжүүлэн өгсөн эд зүйлийн зарим хэсгийг нь буцаан авсан байх тул талуудын хооронд үүссэн даалгаврын гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг талууд харилцан буцаан өгөх үүрэг үүсчээ. Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд зүйл биет байдлаар байхгүй буюу дутаасан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т заасан үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй нөхцөл байдалд мөнгөн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүсчээ.

 

Ийнхүү хариуцагчийн төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон буюу бусдад худалдан борлуулах үнээр тооцож, тодорхойлсон нь буруу. Учир нь уг даалгаврын гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан тул уг гэрээний хавсралтад заасан худалдан борлуулах зардал, ашиг, даалгавар гүйцэтгэгчийн хөлс зэргийг багтаасан, нэрлэсэн үнээр бус, харин уг эд зүйлийн зах зээлийн үнээр төлүүлэхээр шаардах эрхтэй. Дээрх эд зүйл дутсантай холбоотой асуудлаар эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээчийн буюу хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын тогтоосон үнэлгээгээр тооцох нь хөрөнгийн үнийг тодорхойлоход ач холбогдолтой. Тодруулбал, хэргийн 13-28 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, тухайн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлд дурдсан 3 нэр төрөл бүтээгдэхүүний үнийг шинжээч нь нийт 3 916 720 төгрөгөөр үнэлсэн талаар тусгагдсан тухай бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх 24/ Иймд дутаасан барааны үнэ 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3 916 720 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зарцуулсан                   30 000 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсэн төлбөр 19 700 төгрөг, нийт 49 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч гэрээний зүйлийг буцааж авахтай холбоотойгоор гарсан зардлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4-т зааснаар учирсан хохирол гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ.

 

Зүй нь, нэхэмжлэгч Ц.У- нь даалгаврын гэрээнээс татгалзаж дуусгавар болсон байхад гэрээгээр шилжүүлсэн эд зүйлийг нь буцааж өгөөгүйтэй холбоотойгоор учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр дутаасан барааны төлбөрт 3 916 720 төгрөг, учирсан хохирол 49 700 төгрөг, нийт 3 966 420 төгрөгийг хариуцагч Б.Ү-аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 383 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01964 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ү-аас нийт 3 966 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 383 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

                 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...87 345...” гэснийг “...78 413...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР