Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/01964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.У/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ү/РД: /-д холбогдох,

 

5 349 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Японы Цүцүми брэндийн бриллиантан шигтгээтэй, цагаан алтан үнэт эдлэлийн лангуу ажиллуулж байсан бөгөөд 2016-12-13-ны өдөр Б.Үтай гэрээ байгуулан нийт 56 ширхэг, 129,639,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг хүлээлгэн өгч, УИД-ийн 1-р давхарын 104 тоот лангуун дээр тавьж зарж борлуулахаар харилцан тохиролцсон болно.

Cap бүр тооллого хийхэд анх хүлээлгэж өгсөн бараанаас дутах, зарагдсан барааны мөнгө өгөхгүй, худлаа хэлэх нь ихэссэн тул 2017-08-27-ны өдөр үлдэгдэл бүх бараа үнэт эдлэлээ буцаан авсан. Тооцоо нийлэхэд 20 гаран сая төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн бараа дутсан тул үүнийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх ажиллагааны явцад 3 нэр төрлийн барааг буцаан өгч, 3 нэр төрлийн нийт 5 300 000 төгрөгийн үнэ бүхий дараах барааны үнийг төлөөгүй болно. Үүнд:

1. Z1089:DIA-M зүүлтний гинж-2,200,000 төгрөг-/РТ900. 50см, гинж /

2. Е 145 бөгж-1,550,000 төгрөг-/K14WG-цагаан алт, 0.06 карат даймонд шигтгээтэй/

3. E293-WG бөгж-1,550,000 төгрөг-/K14WG-цагаан алт, 0,08 карат даймонд шигтгээтэй/ эдгээр болно.

2019-03-14-ний өдөр Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, 5,300,000 төгрөгийн хохиролыг учруулсан үйлдэлд залилан мэхэлсэн гэх шинжийг агуулаагүй гэж үзсэн.

2019-05-08-нд Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан болов ч Б.Ү нь Эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан цагт ирэхгүй 2 удаа хойшлуулж, төлье гэсэн сэтгэлгүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч, ажиллагаа дуусгавар болсон.

Б.Үад 2017 онд хүлээлгэж өгсөн 2 бөгж, 1 гинжийг хүлээлгэж өгсөн энэ эд зүйлээ буцааж нэхэмжилж байна. Гинжний одоогийн үнэ 1 375 000 төгрөг байгаа. 

Б.Ү нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр надад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд Б.Үаас бодит хохирол болох 5,300,000, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөг, нотариатын төлбөр 19,700 төгрөг, нийт 5 349 700 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ “Б.Ү миний бие Ц.Угийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2016 оны 11 дүгээр сард Улсын их дэлгүүрт лангуу ажиллуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Утай бараа бүтээгдэхүүн лангуун дээрээ тавьж зарахаар гэрээ байгуулсан.

Ц.У нь Z1089:DIA-M зүүлтний гинж-2,200,000 төгрөг, Е145 бөгж 1,550,000 төгрөг, E293-WG бөгж 1,550,000 төгрөг, нийт 5,300,000 төгрөгийг нэхэмжилсэн нь ямарч тооцоолол үндэслэлгүй байгаа бөгөөд Z1089:DIA-M зүүлтний гинж нь Япон улсад үйлдвэрэлсэн худалдан борлуулж буй үнэ нь 9,000-18,980 иен /1иен=26.26 төгрөг/ бөгөөд энэ нь 235,000-493,500 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөг нь зүүлт гинж хоёрын нийлбэр үнэ бөгөөд Ц.У нь зүүлтийг авсан одоо зөвхөн гинжний үнийг надаас нэхэж байгаа ба энэ нь 300,000 төгрөгийн үнэ бүхий гинж юм. Мөн E293-WG бөгж 1,550,000 төгрөг, Е145 бөгж 1,550,000 төгрөг нийт 3,100,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бидний 2016.12.13-ны өдөр байгуулсан гэрээний 3.4-т “1,500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа 10 хувь хямдралтай зарагдана. Зарагдсан үнийн дүнгийн 10 хувийг Б талд шимтгэл болгож өгнө” гэж заасан дагуу бол Б.Ү миний бие гэрээний дагуу бараа зарсан тохиолдолд барааны зарсан үнэ тутамаас 10 хувийн шимтгэл авах тул Ц.Уд бөгжний үнэд 1,240,000 төгрөг буюу нийт 2,480,000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Дээрх бараа бүтээгдэхүүний маргаантай холбоотой 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Б.Ү намайг гэм буруугүй гэдгийг баталсан бөгөөд манай лангууны худалдагчаар ажиллаж байсан О.Сувдбаяр гэх хүн алга болгосон нь шүүхийн явцад тогтоогдсон байдаг. Ингээд надаас давхар 5 сая төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байгаа бөгөөд би ч мөн адил бараа бүтээгдэхүүний ихээхэн хэмжээний хохирол амссан энэ нь дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байгаа.

Иймээс миний бие Ц.Угийн нэхэмжилж байгаа 5 сая төгрөгийг төлөх ёсгүй бөгөөд хэрвээ төлөхөөр бол 3 сая төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа учраас надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.У хариуцагч Б.Үад холбогдуулан гинжний үнэд 2 200 000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 2/хоёр/ ширхэг бөгжний үнэд тус бүр 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000/гучин мянга/ төгрөгийг, нотариатын төлбөр 19 700/арван есөн мянга долоон зуу/ төгрөгийг, нийт 5 349 700/таван сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ү нь 300 000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий гинж юм, барааны зарсан үнэ тутамаас 10 хувийн шимтгэл авах тул Ц.Уд бөгжний үнэд 1 240 000/нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг буюу нийт 2 480 000/хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг төлөхөөр болж байгаа юм гэх тайлбар ирүүлсэн.

 

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Б.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.         

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний ... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ...” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-д зааснаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй барааг буюу Япон Улсын “Цүцүми” брэндийн 56/тавин зургаа/ ширхэг, нийт 129 639 000/нэг зуун хорин есөн сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий, ээмэг, бөгж, гинж кулон, хос бөгж, бугуйвч зэргийг хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь барааг хүлээн авч, өөрийн үнэт эдлэлийн тасагт байршуулан, зарж борлуулан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гэрээнд заасан нийт 129 639 000/нэг зуун хорин есөн сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн болох нь Гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн Барааны жагсаалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас РТ900, 50/тавь/ см гинж болон K14WG цагаан алт, 0.06/тэг зууны зургаа/ карат алмазан шигтгээтэй бөгж, K14WG цагаан алт, 0.08/тэг зууны найм/ карат алмазан шигтгээтэй бөгжийг буцаан гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь татгалзаж байгаа болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн РТ900, 50/тавь/ см 1/нэг/ ширхэг гинжний үнэ 1 375 000/нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөг, K14WG цагаан алт, 0.06/тэг зууны зургаа/ карат алмазан шигтгээтэй бөгжний үнэ 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг, K14WG цагаан алт, 0.08/тэг зууны найм/ карат алмазан шигтгээтэй бөгжний үнэ 1 550 000/нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг болох нь Гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн Барааны жагсаалтаар тогтоогдож байх ба хариуцагч нь 2/хоёр/ ширхэг бөгжний үнийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;”, 493 дугаар зүйлийн 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.”, 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар Гэрээ дуусгавар болсон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид РТ900, 50/тавь/ см 1/нэг/ ширхэг гинж, K14WG цагаан алт, 0.06/тэг зууны зургаа/ карат алмазан шигтгээтэй бөгж болон K14WG цагаан алт, 0.08/тэг зууны найм/ карат алмазан шигтгээтэй бөгжийг буцаан өгөөгүй байх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба барааны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас РТ900, 50/тавь/ см 1/нэг/ ширхэг гинж, K14WG цагаан алт, 0.06/тэг зууны зургаа/ карат алмазан шигтгээтэй бөгж болон K14WG цагаан алт, 0.08/тэг зууны найм/ карат алмазан шигтгээтэй бөгжний үнэд нийт 4 475 000/1375000+1550000+1550000=4475000/ /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 825 000/5300000-4475000=825000/ /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000/гучин мянга/ төгрөгийг, нотариатын төлбөр 19 700/арван есөн мянга долоон зуу/ төгрөгийг, нийт 49 700/дөчин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид нийт 49 700/дөчин есөн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Мөнгөний тасалбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 49 700/дөчин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 4 524 700/4475000+49700=4524700/ /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 825 000/5349700-4524700=825000/ /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үаас нийт 4 524 700/дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, үлдсэн 825 000/найман зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үаас нийт 4 524 700/дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, үлдсэн 825 000/найман зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Угийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Үаас улсын тэмдэгтийн хураамжид 87 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ