| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0180/З |
| Дугаар | 522 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 522
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 14 дүгээр байр, 104 тоотод оршин суух иргэн Д.Сундуй,
Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Оросын Холбооны Улс
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орчуулагч И.Н.Чойжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Оросын 14 гэгдэх байрны нийт түрээс төлөгч Монгол оршин суугчид нь гурав хуваагдан түрээсээ төлж амьдардаг. Түрээс нь хэт ялгавартай, түрээслэгч гэх байгууллагууд нь Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг бөгөөд нэг хэсэг нь хуучнаар Оросын Холбооны Улсын худалдааны төлөөлөгчийн газарт, нөгөө хэсэг нь “Эдельвайс” ХХК-д болон үлдсэн хэсэг нь Оросын Холбооны Улсын Монгол дахь РЦНК-д түрээсийн төлбөр төлдөг. Уг байр нь үндсэндээ 3 газрын мэдэлд байгаа юм шиг харагдах боловч Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмшигч байхгүй. Харин Д.Сундуй миний бие шударгаар эзэмшиж засвар үйлчилгээ хийж амьдарч байгаа юм.
Уг байр нь анх 1971 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулсан нууц Протоколын дагуу баригдсан гэдэг бөгөөд тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд амьдарч байсан. 1991 онд Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцах үед “Ээрмэлийн үйлдвэр” болон “Талх чихэр” ХХК ажилчиддаа шагналын журмаар болон нөхцөл сайжруулах зорилгоор орон сууц хуваарилан гэрээ, эрхийн бичгийн дагуу эзэмшүүлж эхэлсэн.
Гэтэл 14 дүгээр байрны бидний амьдарч буй орон сууц нь хэний өмч гэдэг нь тодорхой бус, 14 дүгээр байр байрлаж буй газар нь Монгол Улсын өмч байтал, тус байр нь бүхэлдээ Оросын Холбооны Улсын өмч гэгдэх юм. Монгол Улсын хуулиар орон сууцыг бүхэлд нь хэн нэгэн этгээдэд өмчлүүлдэггүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгодоггүй. Иргэн бүр өөрийн сууж байгаа орон сууцаа өмчилж авдаг. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24793 дугаартай гэрчилгээнд “Оросын Холбооны Улс нь улсын бүртгэлийн 2204008829 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх, 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 6292.18 м.кв талбайтай, 660.060 ам.долларын үнэ бүхий таван давхар угсармал орон сууцны барилга №14-ийн хууль ёсны өмчлөгч мөн тул бүртгэж гэрчилгээ олгов, 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/, ерөнхий бүртгэгч Т.Пүрэвцэрэн, улсын бүртгэгч Д.Ичин” гэсэн байдаг.
Би 2010 оноос уг байранд эхнэр хүүгийн хамт амьдарч байгаа бөгөөд байраа хувьчилж авах гэхээр Оросын Холбооны Улсын өмч гэх уг байрыг бүхэлд нь Оросын Холбооны Улсад олгосон гэрчилгээ байгаа гэх бөгөөд энэ гэрчилгээ бидний өмчлөх эрхээ эдлэхэд саад болж эрх, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Учир нь дээр дурдсан нууц Протокол нь Монгол Улсын Үндсэн хууль болон 1969 оны Венийн конвенцын 61, 60 дугаар зүйлүүдийг зөрчиж байгаа болох нь Үндсэн Хуулийн цэцийн өгсөн хариугаар тогтоогддог юм.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 15 дугаар хорооллын 14 дүгээр байранд оршин суугч Монгол иргэд давхар түрээс төлж, уг байр нь эзэнгүй тул Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж болохгүй, байрандаа засвар үйлчилгээ хийлгэх эзэн байхгүй, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зам талбай эзгүйдэж үрэгдэх, цахилгаан сантехникийн засвар үйлчилгээ хийгдэхгүй зэрэг асуудлаас үүдэн оршин суугч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үүнтэй холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх ноцтой зөрчигдсөөр байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу түрээсийн гэрээгээр уг 14 дүгээр байрны 104 тоотод оршин сууж буй Монгол Улсын иргэн Д.Сундуй би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу уг 104 тоот байрны шударга эзэмшигч мөн билээ.
Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/1602 дугаартай “Танай 2015 оны 37212 дугаар захирамжид дурдсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж 14 дүгээр байрны 108 тоот хаягт байрлах орон сууц өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн агуулга бүхий албан бичгээс олж мэдсэн.
Тухайн үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан ерөнхий бүртгэгч Т.Пүрэвсүрэн нь уг өмчлөлийн маргаантай, хэлэлцээрийн шатанд байгаа объектыг 1999 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсын өмч мэтээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй, илт хууль бус, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг нь Оросын Холбооны Улсын өмчлөлд хамаарах, улсын бүртгэлд бүртгэгдсэн барилга, объектын асуудлыг судалж, шийдвэрлэхээр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа боловч сүүлийн 2 жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ авсангүй өдийг хүрлээ.
Түүнчлэн түрээслүүлэгч тал болох Оросын Холбооны Улсын РЦНК-ийн захирал Михайлов Евгений Георгиевич нь манай эхнэр, Д.Мөнхөө, Ж.Амгалан нарыг түрээсийн төлбөрийн талаар маргаан гаргасан, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр манай цахилгааны хэрэглээг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 66 хоног хязгаарласан. Энэ хугацаанд бид газ, лаа, дэн гэх мэт зүйлүүдийг хэрэглэж байсан. Энэ нь гэр бүлийн гишүүдийн хооллох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхийг хөндөөд зогсохгүй, цаашлаад галын болон бусад аюулгүй байдал алдагдахгүй байх баталгаагүй болсон учир хариуцагч байгууллагад мэдэгдэхэд 99092915 дугаараас залгаж манай хүү болон охиныг дарамталж хариуцагч байгууллагатай маргасан гэсэн үндэслэлээр цахилгааны хэрэглээг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дахин хязгаарласан.
Иймд дээрх гэрчилгээтэй холбогдох нотлох баримтыг Засгийн газар, хариуцагч байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулж, нягтлан шалган Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008829 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 6292,18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 14 дүгээр байр нь Оросын Холбооны Улсын өмч гэж бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар “Эдельвайс трейд” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ бүртгэлтэй байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын Засгийн газар хоорондын 1971 оны протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 1971-1975 онуудад 50000 м.кв талбай бүхий орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын өмч байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1971 оны 5 дугаар тогтоолоор Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтэн ажилчдын 41000 м.кв талбайд орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байгуулахыг зөвшөөрч газар олгосон зэрэг Оросын Холбооны Улсын өмчлөх эрхийг нотолсон баримт бичгүүдийг хавсаргаж өгснийг үндэслэн Оросын Холбооны Улсын өмчлөлд 1999 оны 12 сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008829 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 24793 тоот гэрчилгээ олгосон.
Дээрх бүртгэл нь 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн өмчид хамаарах бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Иймд Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчид хамаарах гадаад улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн /1994 оны/ 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Гадаад улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч байж болно” гэж заасан байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, өмчийн газрын кадастрын зургийн мэдүүлэгт хавсаргах тухай хуулийн заалт нь 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлтээр орсон бөгөөд 1999 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар эдгээр заалт нь үйлчлээгүй байсан байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн энэхүү хэргийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй Оросын Холбооны Улсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Оросын Холбооны Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн С.Мөнхжаргал шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1995 дугаар захирамж болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаагийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаар захирамж байгаатай холбогдуулан Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье.
“Нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны хэрэгт огт хамааралгүй асуудлыг нэхэмжлэлд тусгасан бөгөөд иргэний журмаар шийдэгдэх асуудлыг хөндөж гаргаж ирсэн байгаа юм.
Мөн нэхэмжлэл нь хууль, эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна.
Хариуцагчийн тайлбарласнаар тухайн үед Оросын Холбооны Улсын элчин сайдын яамнаас зохих журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж, мэдүүлгээ хавсаргаж, тухайн үеийн хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлэн байрыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Мөн тэр үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар энэ байр нь Оросын Холбооны Улсын өмч мөн гэдгийг хүлээн зөвшөөрч үүнийгээ ч нотлох баримтаар баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч ч нэхэмжлэлдээ үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Аливаа этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд хөндөгдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд эрх, ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн нь тодорхой бус байна. Хэрвээ уг байр нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол түүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх нь үндэслэлтэй байх байсан. Гэвч уг байр нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир уг байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж бүртгэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Хэрвээ шүүхээс өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэвэл Оросын Холбооны Улсын хууль ёсны эрх ашгийг хөндөнө. Учир нь өмчлөх эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тохиолдолд Оросын Холбооны Улс уг байрыг аж ахуйн үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах эрх нь хязгаарлагдана гэсэн үг юм.
Мөн одоогийн байдлаар түрээсийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын 127 орчим айл уг байранд оршин суудаг. Эдгээр түрээслэгчид хууль ёсны эзэмшигчид тооцогддог. Тиймээс өмчлөх эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан тохиолдолд эдгээр түрээслэгчдийн эрх ашиг мөн адил хөндөгдөнө. Түүнчлэн нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгчийн зүгээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэвэл түүний ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх талаар тодорхой тусгаагүй байдаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1971 оны протоколыг хүчин төгөлдөр бус акт гэж үзсэн байна. Үүнд тайлбар хийе. 1969 оны Венийн конвенцын 67 дугаар зүйлд заасны дагуу гэрээний аль нэг тал уг гэрээтэй холбогдуулж маргаан үүсгэсэн тохиолдолд нөгөө талдаа албан ёсоор мэдэгдсэнээр гэрээг цуцлах эсвэл гэрээнээс гарах эрхээ бүрэн эдлэх боломжтой байдаг. Мөн уг албан мэдэгдэлдээ гэрээг цуцлах, гэрээнээс гарах болсон үндэслэлээ тодорхой тусгасан байх шаардлагатай. Гэвч өнөөдрийг хүртэл Оросын Холбооны Улсын тал гэрээтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс гарах агуулга бүхий албан бичиг хүлээж аваагүй учир 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын Протокол одоо хүчин төгөлдөрт тооцогдох төдийгүй үүнийг Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчид ч хүлээн зөвшөөрдөг.
Улс хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргаан бүхий асуудал талуудын хэлэлцээрээр зохицуулагддаг. Өнөөдрийн байдлаар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Орос Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх ажлын хэсэг Оросын Холбооны Улсын өмчлөлтэй холбоотой энэхүү маргаан бүхий асуудлыг зохицуулах талаар ажиллагаа явуулж байгаа.
Мөн тухайн захиргааны акт 1999 онд хүчин төгөлдөр болсон. Акт хүчин төгөлдөр болсноос өнөөдрийг хүртэл бүхий л хугацаанд нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй байсан ч одоо гэнэт уг акт гарснаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн талаар гомдол гаргасан нь ойлгомжгүй байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гол зорилго нь уг актад маргаан үүсгэх биш, харин Оросын Холбооны Улсын өмч болох тухайн байранд төлбөргүй оршин суух, цаашилбал байрыг өөрийн өмчлөлд хууль бусаар авах гэсэн зорилготой байгаа юм. Тиймээс энэ бүх үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сундуй нь тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны Протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж, 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг ЗСБНХУ-ын хөрөнгөөр болон зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар тохиролцсоны дагуу 1971-1975 онуудад Улаанбаатар хот болон Дархан хотод “58 объект” баригдсаны дотор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байршилтай 6292,18 м.кв талбайтай, орон сууцны 14 дугаартай барилга /5-н давхар угсармал/ багтсан байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2204008829 дугаарт Оросын Холбооны Улс /цаашид ОХУ гэнэ/-ын өмчөөр бүртгэж, 24793 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...14 дүгээр байрны газар нь Монгол Улсын өмч байтлаа тус байр нь ... ОХУ-ын өмч гэгдэх юм. Би 2010 оноос эхлэн уг байранд ... амьдарч байгаа бөгөөд ... ОХУ-ын өмч гэж уг байранд бүхэлд нь олгосон гэрчилгээ болон бүртгэл нь ... бидний өмчлөх эрхээ эдлэхэд саад болж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь ... нууц Протокол нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна, ... түрээслэгч Д.Сундуй би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч мөн” гэж, хариуцагч нь “...дээрх бүртгэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасныг ... үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
1. ...бүртгэл хууль зөрчсөн эсэх талаар:
Анх Үндсэн хуулийн цэцээс иргэн Б.Сүхбаатарт 2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаар албан бичгээр “ЗСБНХУ-ын болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн “Объектын дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй хугацаагүй шилжүүлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн зургаадугаар зүйлийн 5, 1 дүгээр бүлгийн аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж заасны дагуу уг заалт хүчингүйд тооцогдсон байна. Харин Үндсэн хуулийн цэцээс энэ талаар тусгайлан дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлж байжээ. Улмаар иргэн Ц.Монгол, Б.Батцэцэг, Б.Сүхбаатар, Н.Осоргарав нар нь дээрх Протокол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгох өргөдлийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдлийг урьдчилан шалгаж, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нэр бүхий иргэдийн гаргасан өргөдлөөр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх нэр бүхий иргэдээс цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 08 дугаар магадлалаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 96 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Улмаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Л.Гансүх, Ж.Гүррагчаа нараас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн мэдүүлсэн байх бөгөөд чуулганд оролцсон гишүүдийн олонх нь уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, хууль санаачлагчид нь буцаасан, түүнчлэн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас уг Протоколыг нууцлах шаардлагагүй гэж үзэж, дээрх Протоколыг төрийн нууцаас гаргаж, ил болгосон болох нь Монгол Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсад тусламж үзүүлж буй Зөвлөлтийн мэргэжилтнийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай” Протоколыг хүчингүй болгох асуудлыг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд эцэслэн шийдвэрлээгүй, хүчингүй болгосон талаар Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хурлаас ямар нэгэн дүгнэлт, тогтоол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “...нууц Протокол Үндсэн хууль зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 оны/-ийн 2 дугаар зүйлийн 3-д “...эд хөрөнгийг Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ”, 3 дугаар зүйлийн 1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд нь ... үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана”, 11 дүгээр зүйлийн 2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргана...”, 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан ... улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно” гэж, Иргэний хуулийн /1994 оны/ 77 дугаар зүйлийн 3-д “Үл хөдлөх эд хөрөнгийг байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Тухайн үед мөрдөгдөж байсан дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг бүртгэлийн байгууллагад гаргаж, тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэн, хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор түүнд өмчлөх эрх үүсэхээр байна.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах нийт 19 барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх А.Я.Киселевийн мэдүүлэг, өргөдөл, Засгийн газар хоорондын 1971 оны Протокол, уг Протоколын дагуу барилга барих 41000 м.кв газар олгосон Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1971 оны 05 дугаар тогтоол, уг барилгуудын байршлын схем зураг, байрны зураг зэргийг үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 5 давхар , 6292.18 м.кв талбай бүхий 14 дүгээр байрыг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 24793 дугаар гэрчилгээ олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх бүртгэл болон гэрчилгээ нь хуульд заасан журмаар олгогдоогүй гэж үзэх буюу ийнхүү бүртгэсэн нь “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “...ОХУ-ын өмч мэтээр гэрчилгээ олгосон нь ... илт хууль бус...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
“Эдельвайсторт” ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь Өмчийг удирдах үйлдвэрийн газар” Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай 14 дүгээр байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан, улмаар 14 дүгээр байрны 6, 7 дугаар орцын 29 орон сууц /80-96, 98-109 тоот/-ыг эрх эзэмшигч дээрх орон сууцны шуурхай удирдлагыг хангах эрх бүхий Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг /Россотрудничество/-т шилжүүлж, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчдийн газар нь дээрх байранд оршин суугчидтай /Д.Мөнхөөтэй/ “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, уг байрыг хөлслүүлж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн “...14 дүгээр байранд оршин суугч иргэд нь давхар түрээс төлдөг, түрээс нь хэт ялгавартай, ... оршин суугчдын цахилгааны хэрэглээг хязгаарладаг, оршин суугчдын эрхийг зөрчсөн, ... 14 дүгээр байрны 104 тоотын шударга эзэмшигч мөн” гэх үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
2. ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж зааснаас үзэхэд “хүн”, “хуулийн этгээд” нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзвэл өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй байна
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөлийг агуулж байх бөгөөд энэхүү 2 нөхцлийг зэрэг хангасан тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгож, хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох ёстой.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ нь өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 5 давхар, 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байрыг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 24793 дугаар гэрчилгээ олгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүйн зэрэгцээ нэхэмжлэгч Д.Сундуйн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, барилга, байгууламжийн өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэсэн, хууль ёсны өмчлөгчийг тодорхойлсон гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь уг барилгыг “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу эзэмшиж байгаа этгээдийн /түрээсээр эзэмшиж байгаа этгээдийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.
Түүнчлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байр нь Оросын Холбооны өмч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө /барилгын/-ийн өмчлөх эрхийн талаар хэлэлцээрт оролцогч талууд маргаагүй, нэхэмжлэгч Д.Сундуйд маргаан бүхий 14 дүгээр байрны 104 тоотыг өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “...өмчлөх эрхээ эдлэхэд саад болж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэх тайлбар үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын /тухайн үеийн нэрээр/ 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2204008829 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
ОХУ-ын Монголын талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон 8 байранд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 5 давхар, 6292,18 м.кв талбай бүхий 14 дүгээр байр хамаарагдаагүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаар захирамжаар Монгол Улс дахь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Харин өмчлөлийн асуудлыг хоёр улсын Засгийн газар шийдвэрлэсний дараа тухайн орон сууцанд оршин суугчид нь уг орон сууцыг өмчлөх /эзэмших, ашиглах/ эрхтэй эсэх талаар гомдол гаргах эрхтэй байна.
Шүүх уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийхээр товлон зарласан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Сундуй нь уг шүүх хуралдааны явцад эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу хуульд заасан эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр товлосон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс тэдгээр хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлуулсан, мөн 2016 оны 07дугаар сарын 18-ны өдөр товлосон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгаланд мэдэгдсэн боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /Увс аймаг амрахаар явсан, АНУ-д аялж, амрахаар явсан/ ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Д.Сундуйн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН