Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0623

 

Иргэн Д.Сундуйгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхөө, Б.Пүрэвхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, гуравдагч этгээд В.В.Белозеров, гуравдагч этгээдийн орчуулагч И.Н.Чойжамц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Сундуйн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэлийн шаардлага: "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" нэхэмжпэгч Д.Сундуйн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 0522 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар энэхүү гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 -д заасны дагуу гаргаж байна. Үүнд:

  1. Уг шийдвэрт "... "...нууц Протокол Үндсэн хууль зөрчсөн" гэж тайлбар үндэслэлгүй байна." гэж ташаа дүгнэлт хийжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийн 2007.11.12-ны өдрийн 97 дугаар тогтоолд "ЗСБНХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 сарын 29-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн "Объектийн дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй, хугацаагүй шилжүүлнэ" гэсэн заалт Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй бөлсонд тооцно" гэсний дагуу хүчингүйд тооцсон байна гэж цэцийн тогтоолоор ДҮГНЭСЭН байна.

  1. Уг шийдвэрт "... "...ОХУ-ын өмч мэтээр гэрчилгээ олгосон нь ... илт хууль бус ..." гэх тайлбар үндэслэлгүй байна." гэж ташаа дүгнэлт хийжээ.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад байрласан ОХУ-ын Ерөнхийлөгчийн шуурхай удирдлагын мэдэлд байгаа үл хөдлөх объектууд, барилга байгууламжуудыг ОХУ-ын нэр дээр бүртгэхийг хүсч Нийслэлийн 15 дугаар хороололд байршилтай барилгын жагсаалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 1999.12.03-ны өдөр хүргүүлэхдээ тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох болон эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт, газрын кадастрын зураг зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг мэдүүлэг гаргагч тал тухайн үед ирүүлээгүй байсан бөгөөд хавтаст хэрэгт аливаа нотлох баримт байхгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь БЗД-ийн 15 хороололд байрлалтай 14 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгож, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн байна.

БЗД-ийн 15 хороололд байрлалтай 14 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн талаар УДШ-ийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008.09.22-ны өдрийн 112 дугаар, 2009.12.21-ний өдрийн 04 дугаартай тогтоолуудаар тус тус нэгэнт тогтоогдсон байдаг.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 0522 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байгаа учир гомдолд заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Сундуй нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь бидний өмчлөх эрхээ эдлэхэд саад болж байгаа гэдэг үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын Засгийн газар хоорондын 1971 оны протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 1971-1975 онуудад 50000 м.кв талбай бүхий орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах холбооны улсын өмч байхаар шийдвэрлэсэн байх ба Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1971 оны 5 дугаар тогтоолоор дээрх барилгажилтад шаардагдах 41000 м.кв газрыг шийдвэрлэсэн байна.

ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх А.Я.Киселев нь мэдүүлэг, өргөдөл, Засгийн газар хоорондын 1971 оны протокол, Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1971 оны 05 дугаар барилга барих 41000 м.кв газар олгосон тогтоол, уг барилгуудын байршлын схем зураг, байрны зураг зэргийн хамтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байр болон нийт 19-н барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хандсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна.”, 11 дүгээр зүйлийн 2-д “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ”, 13 дугаар зүйлийн 1-д “1.Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ өмчлөгчид олгоно” гэж зааснаар улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцсэн байх тул “бүрдүүлбэр хангаагүй байхад бүртгэсэн” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Сундуйн хувьд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байранд орон сууц түрээсийн гэрээгээр эзэмшигч байх тул дээрх орон сууцныг улсын бүртгэлд бүртгэснээр түрээслэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг шаардаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Түрээсийн гэрээтэй холбоотой эрхийн зөрчлийн асуудлаа харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд түрээслэгч, түрээслүүлэгч нарын хоорондын маргаан нь уг орон сууцны өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Уг орон сууцыг 1999 онд улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд хууль ёсны эзэмшигчээр Оросын холбооны улсыг бүртгэсэн нь нэхэмжлэгч буюу уг орон сууцанд түрээсийн гэрээний дагуу түрээслэж буй Д.Сундуйн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндөөгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Үндсэн хуулийн цэцийн 97 дугаар тогтоол нь 14 дүгээр байрны өмчлөгчийн улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн тогтоол биш. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын үндэслэлд дурьдсан 14 дүгээр байрны өмчлөлийн бүртгэл хуульд нийцээгүйг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхилоо.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн бай тул зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ