Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02020

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-ид холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У-, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Б.С-, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.У- нь “Могул скай” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Жаргалсайхантай 2012 онд байгуулсан гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах гэтэл 2 давхрын 80 м.кв талбайд Б.С-ийнх амьдраад байгаа тул албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.С-ийн хадам аав Ч.Даваа нь 2010 онд “Могул скай” ХХК-ийн барьж байсан Зайсан дахь “Могул таун” хотхоны уурын зуухыг хариуцан ажиллахаар болж, өөрийн шинэ бүтээлийн патентын дагуу халаах зуух хийж угсарч, ашиглалтад оруулсан. Улмаар “Могул скай” ХХК-ийн захирал н.Болдтой харилцан тохиролцож, захирлын 2015 оны 75 тоот тушаалаар 80 м.кв талбайтай байрыг уурын зуухны зөвлөх инженер Ч.Даваад өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Могул коммуникэйшн” ХХК-тай дулаан цахилгаанаар хангах гэрээ байгуулж, урсгал зардлыг цаг тухайд нь төлж ирсэн. Ч.Даваа 2010 оноос эхлэн уг байранд амьдарч байгаад 2016 онд нас барсан. Одоо Б.С-, түүний эхнэр хүүхдүүд болон талийгаачийн эхнэрийн хамт уг байранд амьдарч байна. Ч.Даваад өмчлүүлсэн шийдвэр гаргасан атлаа 2017 онд Д.У-т өмчлүүлэх тушаал гаргасанд нь үндэслэн 510.59 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан арваад жил тухайн байранд амьдарсан айлыг хууль бусаар өмчилж байна гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Аливаа барилгыг батлагдсан зураг төсөл, зориулалт, техникийн нөхцөлийн дагуу улсын комисс хүлээн авч байж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогддог. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад бүрдүүлсэн баримтыг шүүхийн журмаар гаргуулахад дээр дурдсан барилгын зураг төсөл болон холбогдох баримт бичиг байхгүй байхад гэрчилгээ олгосон төдийгүй “Арккад” ХХК-ийн дүгнэлтээр 401.37 м.кв барилгыг 510.59 м.кв гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь эрүүгийн журмаар шалгуулах үндэслэл болсон. Хариуцагч талаас “Могул скай” ХХК-аас халаалтын зуухны 3 давхарт байрлах 80 м.кв байрыг зөвлөх инженер Ч.Даваад өмчлүүлэхээр гаргасан 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалыг эх хувиар нь гаргуулан авах хүсэлтийг шүүхэд гарган үзлэг хийлгэсэн боловч “Могул скай” ХХК-ийн захирал н.Болд нь нотлох баримтыг нуун дарагдуулж, эх хувиар нь гаргаж өгөөгүй тул албадан гаргуулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн захиалан бариулсан гэх барилгын төлбөрт 265 000 000 төгрөг төлсөн баримтыг “Могул скай” ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.У- нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.С- эс зөвшөөрч, “маргаан бүхий 80 м.кв талбайг “Могул скай” ХХК-ийн захирал н.Болдын 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалаар хадам эцэг Ч.Даваад өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан, үүний дагуу уг 80 м.кв талбай бүхий байранд 2010 оноос хойш амьдарч, ашиглалтын зардлыг төлж ирсэн” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 000619635 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч Д.У- нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж, 92 тоот хаягт байршилтай 510.59 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх 4/ Түүнчлэн, нэхэмжлэгч Д.У- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “Могул скай” ХХК-тай байгуулсан 2012 оны 07 сарын 09-ний өдрийн “Захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн дээр олж авсан болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн бусад баримт бичгүүдээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. /хх 49-62/

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэгээг үнэн зөв гэж тооцохоор тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.У- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч Д.У-ийн өмчлөлийн 510.59 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 80 м.кв-ыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хадам эцэг Ч.Даваа нь уурын зуухыг хариуцан хийсэн, компанийн захирлаас өмчлөх эрхтэй гэсэн албан бичиг хийж өгсөн, дулаан цахилгаанаар хангах гэрээ бусадтай байгуулсан, 2010 оноос хойш амьдарч, ашиглалтын зардлыг төлж ирсэн гэсэн нөхцөл байдлууд нь хариуцагчид өмчлөх эрх үүсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргуулахыг хүссэн нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                       

                                       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Д.НЯМБАЗАР