Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02022

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Я-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02831 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Я-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, “Баян модот” ХХК-ийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар захирамжаар 65 400 000 төгрөгийг Ш.Я-аас гаргуулж “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 7-р байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээг “Баян модот” ХХК-аар гаргуулахад 115 841 800 төгрөгөөр үнэлсэн байна.

Энэхүү “Баян модот” ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний хуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй. “Баян модот” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь эргэлзээтэй, зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ш.Я-, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 7-р байрны 116 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 30-ны өдөр битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 сарын 30-ны өдөр төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 03 сарын 30-ны өдөр барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 сарын 16-ны өдөр 4/207 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-аар тогтоолгоход 115 841 800 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 04 сарын 21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “Баян модот” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 7-р байр, 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ш.Я-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас харилцан тохиролцож чадаагүй тул барьцаа хөрөнгө болох орон сууцыг “Баян модот” ХХК-аар үнэлүүлсэн боловч тухайн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн байгаа байдлыг анхааран үзээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг бүрэн хангасан эсэхийг тодруулаагүй байх тул миний бие хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар тооцож үнэлээгүйгээс манай хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн ханшаас доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах нөхцөл бүрдээд байна. “Баян модот” ХХК-ийн үнэлгээг тухайн байршилд байгаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулан үзэхэд зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн байна. Уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч уг талбайн хэмжээнд тагт, гал, зуух, коридор, угаалга, бие засах зэрэг өрөөнүүдийн талбай ороогүй тул орон сууцны талбайн хэмжээг тогтоох стандартын дагуу дээрх өрөөнүүдийн талбайн хэмжээг оролцуулан тооцох ёстой. Мөн тухайн орон сууцны засвар, ашиглалтын байдал нь ижил төрлийн орон сууцтай харьцуулахад ямар байсан талаар үнэлгээний дүгнэлтэд дурдаагүй байх ба энэ нь зах зээлийн үнийг үнэн зөв тогтооход харгалзан үзэх нөхцөл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ш.Я-, Ц.Одончимэг, Ц.Нараас 65 800 235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 7-р байр, 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 38-41/

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1, 34/ 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хугацаатай мэдэгдэл өгч, орон сууцыг битүүмжилж, хурааж, дуудлага худалдаанд санал болгох доод үнийг харилцан тохиролцуулах ажиллагааг зохих журмаар явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан зөв тогтоожээ. /хх 43-44, 45, 48, 46-48, 51, 52/

 

Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн санал өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байх тул дуудлага худалдаанд санал болгох доод үнийг талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр хариуцагч байгууллага “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. /хх 51, 57/

 

“Баян модот” ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, үнэлгээ хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой бичиж, холбогдох баримтуудыг хавсаргажээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. /хх 60-71/

 

Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг буруу дугаарласан /хх 38, 38, 40/, нэг нүүрт хоёр дугаар тавигдсаны улмаас хэддүгээр нүүр болох нь ялгагдахгүй болсон /хх 4-61 г.м/ байгаа техникийн алдааг анхаарах шаардлагатайг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                      

                                       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Д.НЯМБАЗАР