Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02024

 

 

 

 

 

 

 

 

 

 “И М Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01640 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И М Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.С-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 9 141 447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: К.С- нь тус компаниас 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 28281 дугаартай гэрээгээр 2 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлсэн ба мөн 2018 оны 12 сарын 05-ны өдөр 28291 дугаартай зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийн сарын 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар өөрийн эзэмшлийн Мобикомын 99196427, 99196337 дугааруудын эзэмших эрхийг “И М Н” ХХК-д шилжүүлэн өгсөн. К.С- нь зээлийн гэрээний дагуу сар бүрийн зээлийн хүү 87 500 төгрөгийг тус бүрд төлөх ёстой ба зээлийн хугацаа дуусахад бүрэн төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. К.С- нь өнгөрсөн хугацаанд 28281 дугаартай гэрээний дагуу 38 813 төгрөг, 28291 гэрээний дагуу 87 500 төгрөгийн эргэн төлөлт хийсэн ба үүнээс өөр төлбөр төлөөгүй. К.С- нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байхгүй байсан учир эрэн сурвалжилж Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 28-р байр, 29 тоот хаягт эхнэр Х.Ардагүлийн хамт оршин суудаг болохыг олж тогтоосон. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 961 187 төгрөг, зээлийн хүү 1 133 733 төгрөг, алданги 2 480 935 төгрөг, 99196427 болон 99196337 дугаарын төлбөрт 495 734 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 9 141 447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч К.С-аас нийт 6 165 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И М Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 976 327 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй шүүх хуралдааныг явуулсан. Миний бие “И М Н” ХХК-тай 2018 оны 11 сарын 14-ний өдөр 28281 дугаартай зээлийн гэрээг байгуулж 2.5 сая төгрөгийг 180 хоногийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй, 2018 оны 12 сарын 05-ны өдөр 28291 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 2.5 сая төгрөгийг 180 хоногийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн эзэмшлийн Мобикомын 99196427, 99196337 дугааруудыг барьцаанд тавьж дугааруудын эзэмших эрхийг “И М Н” ХХК-д шилжүүлэн өгсөн. Иймд зээлдүүлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангасан тул К.С- миний бие төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “И М Н” ХХК нь хариуцагч К.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 9 141 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч К.С- нь 2020 оны 05 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч К.С-ыг нэхэмжлэгч “И М Н” ХХК-ийн шаардсан 9 141 447 төгрөгийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй боловч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэж, хариуцагчаас нийт 6 165 120 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд 2018 оны 11 сарын 14-ний өдөр 28281 тоот зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 12-ны өдөр 28291 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, “И М Н” ХХК нь тус бүр 2 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх, К.С- нь зээлж авсан мөнгөн хөрөнгийг хэлэлцэн тохирсон хүүгийн хамт эргүүлэн төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар К.С-ы эзэмшлийн үүрэн холбооны 99196337, 99196427 дугааруудыг “И М Н” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтын талаар, мөн нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн тооцоололд маргадаггүй. Харин “И М Н” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 99196337, 99196427 дугаараар зээлийн гэрээний үүрэг хангагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар заасан байтал үүрэн холбооны дугаарууд нь эд хөрөнгийн эрхэд хамаарна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И М Н” ХХК нь хариуцагч К.С-аас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө буюу зээлийг хэлэлцэн тохирсон хүүгийн хамтаар шаардах эрхтэй.

 

Барьцаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хангагдсанд тооцох үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 

 

Алданги 2 480 935 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй учир хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал, 8 дугаар зүйлд “1 хоногийн 0.3 хувийн алданги” төлөх, “хоног тутамд 7 762.5 төгрөгийн алданги” төлөхөөр тус тус заасан нь хоорондоо зөрчилдсөн, ойлгомжгүй байх тул алданги тооцох үндэслэлгүй. 

 

Мөн нэхэмжлэгч нь 99196427, 99196337 дугааруудын төлбөр гэж 495 734 төгрөг шаардсан атлаа 99116427, 99116337 дугааруудад холбогдох кассын зарлагын ордер шүүхэд гаргаж өгсөн учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Харин нэхэмжлэгч “И М Н” ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлахад 70 200 төгрөгийн зардал гаргасан болох нь холбогдох шүүхийн шийдвэрээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

 

Шүүхийн зүгээс хариуцагч К.С-д зээлийн гэрээнд дурдагдсан хаяг, эрэн сурвалжлагдаж олж тогтоосон хаяг, нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа тодорхойлсон хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлэх, мөн өөрийнх нь тодорхойлсон утас руу залгах, мессеж бичих зэрэг ажиллагааг хийсэн байх тул “шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч К.С-аас зээл 4 961 187 төгрөг, тооцогдох хүү 1 133 733 төгрөг, хохирол 70 200 төгрөг, нийт 6 165 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И М Н” ХХК-д олгож, үлдэх 2 976 327 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01640 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...286 дугаар зүйлийн 286.1, 286.3...” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 227 дугаар зүйлийн 227.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч К.С-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 592 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                      

                                       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Д.НЯМБАЗАР