Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182ШШ2020/01640

 

 

 

 

 

 

 

 

              2020        07         22  

     182/ШШ2020/01640

    

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Кулмесханы Серикжанд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.141.447 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.С нь тус компаниас 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 28281 дугаартай гэрээгээр 2.500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлсэн ба мөн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 28291 дугаар зээлийн гэрээгээр 2.500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны операторын 99196427, 99196337 дугааруудын эзэмших эрхийг “И” ХХК-д шилжүүлсэн болно. К.С нь зээлийн гэрээний дагуу cap бүрийн зээлийн хүү 87.500 төгрөгийг зээл тус бүрд төлөх ёстой ба зээлийн хугацаа дуусахад бүрэн төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. К.С нь өнгөрсөн хугацаанд 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 28281 дугаартай гэрээгээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлээс 38.813 төгрөг, 2018.11.14-ний өдрөөс 2018.12.14-ний өдөр хүртэлх нэг сарын хүү 87.500 төгрөгийн эргэн төлөлт хийсэн ба үүнээс хойш нэг ч төлбөр төлөөгүй байна. К.С нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан боловч зээлийн гэрээнд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10022 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03083 дугаар шүүхийн шийдвэрээр К.Сыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгаснаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2732-3/3287 дугаар албан бичгээр К.С нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 28-р байр, 2 дугаар орцны 4 давхарт, 29 тоотод эхнэр X.Аийн хамт байнга оршин сууж байгаа болохыг олж тогтоосон болно. К.Сы зээлийн дуусах хугацаа 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр байсан боловч ямар нэгэн төлбөр төлөлгүй, удаа дараа шүүх цагдаагаар явуулж манай компанийг хохироосоор байна. Мөн К.С өөрийн ашиглаж байсан 99196427, 99196337 дугааруудын ашиглалтын төлбөрийг цаг хугацаанд нь биелүүлээгүй ба зээлийн гэрээний 12.13 дугаар зүйлд заасныг зөрчин, дугаарын ашиглалтын төлбөр төлөөгүйгээс манай компанийн эзэмшилд бүртгэлтэй бүх дугаарын эрх хаагддаг тул бид бусад зээлдэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор 99196427, 99196337 дугааруудын ашиглалтын төлбөрийг хязгаарлуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4.961.187 төгрөг, зээлийн хүүнд 1.133.733 төгрөг, алданги 2.480.935 төгрөг, 99196427, 99196337 дугаар утаснуудын 2018 оны 12 сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны ярианы төлбөр 495.734 төгрөг, К.Сийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 9.141.447 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь К.Сд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4.961.187 төгрөг, зээлийн хүүнд 1.133.733 төгрөг, алданги 2.480.935 төгрөг, 99196427, 99196337 дугаар утаснуудын 2018 оны 12 сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны ярианы төлбөр 495.734 төгрөг, К.Сийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 9.141.447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч К.С нь нэхэмжлэгч “И” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 28281 тоот зээлийн гэрээ байгуулж, 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, 2.500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 28291 тоот зээлийн гэрээ байгуулж, 3.5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, 2.500.000 төгрөгийг “И” ХХК-иас зээлдэн авсан байна.

 

Зээлдэгч нь зээл, зээлийн хүү төлөх графикт хугацааны тухайн сард төлөх зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бол зээлийг эргүүлж төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.3 хувийн алданги төлнө гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

 

К.С нь “И” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны операторын 99196427, 99196337 дугааруудын эзэмших эрхийг “И ХХК-д шилжүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Хүчин төгөлдөр гэрээний заалтыг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д …барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д “... Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно,  

 

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “…анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй…, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно гэж заажээ

 

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд “...гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө...” гэж заажээ.

 

Иймд алданги 2.480.935 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

 

99196427, 99196337 дугаар утаснуудын 2018 оны 12 сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны ярианы төлбөр 495.734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 99196427, 99196337 дугаар утаснуудын ярианы төлбөрт 495.734 төгрөгийг төлсөн хэмээн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Кассын зарлагын ордер, нэхэмжлэх, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Кассын зарлагын ордер, нэхэмжлэх, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Кассын зарлагын ордер, нэхэмжлэх, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Кассын зарлагын ордер, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг баримтууд нь 99116337, 99116427 дугаар утаснуудын ярианы төлбөрийг төлсөн баримтууд байх тул 99196427, 99196337 дугаар утаснуудын ярианы төлбөр гэж үзэх боломжгүй байна. Иймээс 495.734 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад хариуцагч К.Сийг эрэн сурвалжлуулахад шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нэхэмжилсэн нь хуульд харшлахгүй, хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч баримт бүрдүүлэх болсонтой холбоотой байх тул төлүүлэх нь зүйтэй.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 4.961.187 төгрөг, зээлийн хүүнд 1.133.733 төгрөг, К.Сийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 6.165.120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.976.327 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

Хариуцагч К.С нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргуулсан. Оршин хаягийн мэдээллийг хариуцагч К.С нь Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, оршин суудаг гэх мэдээллийг өгсөн. Уг оршин суух хаягийн дагуу шүүхээс шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч К.Саас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.961.187 төгрөг, зээлийн хүү 1.133.733 төгрөг, К.Сийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 6.165.120 /зургаан сая нэг зуун жаран таван мянга нэг зуун хорин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.976.327 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 161.213 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 113.111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                         

 

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН