Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02057

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Б К” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр илүү суутган авсан 14,085,230 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2017 оны 05 сарын 07-ны өдөр “Тайгын булан кредит” ХХК-тай 05700214 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4.5 хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 4037 УНУ улсын дугаартай Хьюндай Помп 43М маркийн зуурмаг шахагч машин барьцаалсан. Зээлийн эргэн төлөлийн хугацаа дуусахад надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 04 сарын 08-ны өдөр барьцаа хөрөнгийг иргэн Т.Ганбат гэх хүнд 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байсан. Уг 60,000,000 төгрөгөөс зээл 15,000,000 төгрөг, хүү 675,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 21,585,230 төгрөг, зогсоолын төлбөр 614,000 төгрөг, нийт 37,874,230 төгрөгийг суутгаж авсан. Зөрүү төлбөрийг өгөхийг хүсэхэд 2018 оны 04 сарын 19-ний өдөр 19,005,770 төгрөг, 2018 оны 05 сарын 14-ний өдөр 3,120,000 төгрөг, нийт 22,125,770 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл хариуцагч нь үндэслэлгүйгээр Л.Т- надаас алдангид 21,585,230 төгрөгийг суутган авч, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд хариуцагчаас хууль бусаар суутган авсан 14,085,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Т- нь “Т Б К” ХХК-тай 2017 оны 05 сарын 08-ны өдөр 05700214 тоо зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэйгээр зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн барьцаанд 4037 УНУ улсын дугаартай Хьюндай Помп 43М маркийн зуурмаг шахагч тээврийн хэрэгслийг барьцаалсан. Тус гэрээний хугацаа 2017 оны 06 сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Л.Т- автомашины зөрүү төлбөрийг шилжүүлж өгнө үү гэж өөрөө хүсэлт бичиж өгсний дагуу нийт 22,025,770 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Харин тооцооллын хувьд 37,874,234 төгрөгөөс үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 675,000 төгрөг, зогсоолын төлбөр 614,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 21,585,234 төгрөг гэж тооцоолоод суутган авсан. Энэ хэрэг маргааныг өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, нэхэмжлэгч Л.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Хоёр тал харилцан тохиролцоод нэгэнт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зөрүү мөнгөө авч, өгөлцсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Б К” ХХК-аас 14,085,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 228,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Барьцаа хөрөнгө болох Хьюндай Помп 43М маркийн зуурмаг шахагч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрийг суутган зөрүү төлбөр нийт 22,075,770 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон ба ийнхүү барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан зөрүү төлбөрийн асуудлаар зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс аливаа гомдлын шаардлага гаргаагүй ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч 19,010,000 төгрөгийн үнийн дүн дээр тохиролцсон ба үүний дараа дугуй солиогүй байна 3,120,000 төгрөгийг олгож өгнө үү гэх хүсэлтийн дагуу мөн 3,120,000 төгрөг, нийт 22,130,000 төгрөгийг шилжүүлж үүгээр нэг тал гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нөгөө тал харилцан тохиролцож зөрүү мөнгийг авснаар зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон болно. Суутган авсан нийт 22,858,230 төгрөг нь бүхэлдээ алдангид суутгасан дүн бус барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахтай холбоотой зардал, засвар үйлчилгээний зардал гэх мэт бусад зардлаас бүрдсэн, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон дүн юм. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж үзвэл уг асуудлаар тухайн үед гомдол, шаардлага гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч нь “Т Б К” ХХК-аас барьцаа хөрөнгийг худалдан борлуулсантай холбоотойгоор зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийг гаргуулах, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан ба 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00848 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байдаг ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч Л.Т- нь үндэслэлгүйгээр илүү суутган авсан 14,085,230 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч “Т Б К” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, “талууд буцаан өгөх зөрүү төлбөрийн талаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж, шаардлагаасаа татгалзсан, суутган авсан мөнгөний дүнд өөр бусад зардлууд орсон байсан” гэсэн үндэслэлээр татгалзлаа тайлбарладаг.

 

          Талууд 2017 оны 05 сарын 08-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Л.Т- нь 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 4037 УНУ улсын дугаартай Хьюндай Помп 43М маркийн зуурмаг шахагч тээврийн хэрэгслийг барьцаалсан, хариуцагч “Т Б К” ХХК нь зээлийн гэрээний хугацаа өнгөрч, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2018 оны 04 сарын 10-ны өдөр барьцаа хөрөнгийг иргэн Т.Ганбатад 60,000,000 төгрөгөөр худалдаж, уг дүнгээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 675,000 төгрөг, алданги 21,585,230 төгрөг, зогсоолын төлбөр 614,000 төгрөг, нийт 37,874,230 төгрөгийг суутган авч, үлдэх 22,125,770 төгрөгийг буцаан олгосон үйл баримтыг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлжээ.

          Хариуцагч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар худалдан борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

          Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргадаггүй, харин алданги гэж суутган авсан 21,585,230 төгрөг үндэслэлтэй эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч тухайн тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай.

 

          Алданги гэж суутгасан 21,585,230 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй зохицуулалтад нийцээгүй тул илүү суутган авсан 14,085,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

          Талуудын хооронд үүссэн маргааныг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж хариуцагч тайлбарлах боловч хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00848 дугаар шийдвэрээс үзэхэд шүүх талуудын хооронд байгуулагдсан “Зээл болон барьцааны гэрээ” хүчин төгөлдөр эсэхийг хянан шийдвэрлэсэн байхаас гадна нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчийн суутган авсан 21,585,230 төгрөгийн дүнд өөр бусад зардал орсон гэж хариуцагч тайлбарлах боловч энэхүү тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 09 сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,377 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР                                                           

                                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР