Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2182

 

 

 

 

 

 

 

 

 

У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02659 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь охин Б.Бадамцэцэгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, “Х”ХХК-иас зээл авсан. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрээр Уээс 125 064 643 төгрөг гаргуулж, “Х”ХХК-д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01871 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 137 тоотод байрлах, 40.1 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/17344 дугаартай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авахад орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй буюу орон сууцны өмчлөгч Б.Бадамцэцэгээс орон сууцны үнэлгээний талаар ямар нэг санал авалгүйгээр, төлбөр авагчтай орон сууцны үнэлгээний талаар тохиролцох боломж олголгүйгээр хэт нэг талыг барьж орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус орон сууц Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 40.1 м.кв талбайтай гэж бичигдсэн ч бодит байдал дээр 70 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй, хамгийн багадаа 300 000 000 төгрөгөөр үнэлэгдэх учиртай юм. Гэтэл орон сууцыг үнэгүйдүүлж 250 000 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 137 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр У-ээс 125 064 643 төгрөг гаргуулж “Х”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Бадамцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 65 дугаар байрны 137 тоотод байрлах 40.1 м.кв 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хурааж авсан. Улмаар тухайн эд хөрөнгийг хураан авсантай холбогдуулж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч У нь үнийн саналыг 250 000 000 төгрөгөөр үнэлж, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гараар бичиж өгсөн. Төлбөр авагч “Х”ХХК-ийн зүгээс 250 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрсөн. Талуудад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/17344 дугаар мэдэгдлээр талуудын харилцан тохиролцсон үнийн дүнг танилцуулж, мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоогоогүй, харин талуудын тохиролцсон үнэлгээ юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бадамцэцэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 137 тоот 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бадамцэцэг нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч хэн алинтай нь тохиролцсон зүйл байхгүй, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан удаа байхгүй. Ийнхүү өмчлөгч Б.Бадамцэцэгээс үнийн санал аваагүй атлаа төлбөр төлөгч У болон төлбөр авагч “Х”ХХК-ийн гаргасан үнийн саналаар албадан дуудлага худалдаа явуулах үнэлгээг тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх хууль зөрчсөн ажиллагаанд огт дүгнэлт хийсэнгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/84 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авалгүйгээр талуудаас өгсөн үнийн саналаар харилцан тохиролцсон үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан гэх үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 19250602/05 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоольн хүчингүй болгосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг хураасан ажиллагаа хүчингүй болсон байхад уг ажиллагаанд үндэслэн хийгдсэн хөрөнгө үнэлэх ажиллагааг одоог хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгийг битүүмжилснээс хойш 5 сарын дараа хөрөнгийн үнэлгээг тогтоосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөрөнгийг битүүмжлэх гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 01 дүгээр сарын 21-нд барьцаа хөрөнгийг битүүмжилснээр тухайн хөрөнгийг худалдан борлуулах зэргээр захиран зарцуулах өмчлөгчийн эрх хязгаарлагдсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн ба барьцаа хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-нд битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан нь барьцаа хөрөнгийг битүүмжилснээс хойш 5 сарын дараа үнэлгээ тогтоосон нь хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1629 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01871 дугаар тогтоолоор Уээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 064 643 төгрөгийг гаргуулж “Х”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 137 тоотын 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-17-24, 25-33, 34-39/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 00146 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Б.Бадамцэцэгийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 137 тоот хаягт байршилтай 40.1 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205027218 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19250602/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 19250602/05 тоот тогтоолоор хураан авсан байна. /хх63-66, 67-69/

 

Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал дээр талууд харилцан тохиролцсон гэж үзэж орон сууцыг албадан дуудлага худалдааны доод үнийн уг үнийг 70 хувиар тооцож мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/814 дугаар тогтоолоор 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 19250602/058 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан дарааллаар ажиллагааг эд хөрөнгө хураахаас эхэлж явуулах учиртай.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 5/814 тоот тогтоолоор эд хөрөнгө хураах ажиллагаа хүчингүй болгосноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байна. Иймд хүчингүй болсон 19250602/058 тоот тогтоолыг үндэслэн хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй юм. Өөрөөр хэлбэл, үнэлгээ хийх ажиллагаа явагдсанаас эрхийн зөрчил гарсан гэх байдал эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгосноор арилсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэлт хийсэн ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА                                                                          

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ