Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02659

 

2020 09 17

102/ШШ2020/02659

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, 0 тоотод оршин суух, Х овогт М-ийн У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр, Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь охин Б.Б-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж Хас банкнаас зээл авсан. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэрээр М.У-ээс 125 064 643 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 16-ны өдрийн 1629 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 001 /ХТ2018/01871 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол,0 тоотод байрлах, 40.1 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08- ны өдрийн 4/17344 дугаартай мэдэгдлийг 2020 оны 05-р сарын 14-ний өдөр авахад орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба мэдэгдлийг 2020 оны 05-р сарын 14-ний өдөр гардаж авсан. Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн... гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хуулийн зохицуулалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй буюу орон сууцны өмчлөгч Б.Б-ээс орон сууцны үнэлгээний талаар ямар нэг санал авалгүйгээр, төлбөр авагчтай орон сууцны үнэлгээний талаар тохиролцох боломж олголгүйгээр хэт нэг талыг барьж орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус орон сууц Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 40.1 м.кв талбайтай гэж бичигдсэн ч бодит байдал дээр 70 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй, хамгийн багадаа 300 000 000 төгрөгөөр үнэлэгдэх учиртай юм. Гэтэл орон сууцыг үнэгүйдүүлж 250 000 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд Б.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр М.У-ээс 125.064.643 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 0 тоотод байрлах 40.1 м.кв 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хурааж авсан.Улмаар тухайн эд хөрөнгийг хураан авсантай холбогдуулж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч М.У нь үнийн саналыг 250.000 000 төгрөгөөр үнэлж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гараар бичиж өгсөн. Төлбөр авагч Х-ны зүгээс 250 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрсөн. Талуудад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/17344 дугаар мэдэгдлээр талуудын харилцан тохиролцсон үнийн дүнг танилцуулж, мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоогоогүй, харин талуудын талуудын тохиролцсон үнэлгээ юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.У нь Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 16-ны өдрийн 1629 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 001 /ХТ2018/01871 дугаар тогтоолоор хариуцагч М.У-ээс 125 064 643 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчинтэй /хх 17-39/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01-р сарын 23-ний өдрийн 01370 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 146 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч М.У-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох Б.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2-р хороолол, 0 тоот 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 63-68/, улмаар төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг /хх 69/ мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцыг 250 000 000 төгрөгөөр худалдах үнийн санал /хх 70/ өгсөн байх ба төлбөр авагч Хас банк барьцааны зүйлийг 250 000 000 төгрөгөөр тогтоосон үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хариуг 2020 оны 4-р сарын 24-ний өдрийн 2б/2409 тоот албан бичгээр /хх 71/ ирүүлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар маргаагүй, шийдвэр гүйцэтгэгч талуудын тохирсон үнийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/17344 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.

 

Ийнхүү мэдэгдсэнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон, үнийг хэт доогуур тогтоосон гэж үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 0 тоот 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн М.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА