Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2157

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02328 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Б холбогдуулан газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганжаргал, Т.Мөнгөнцацрал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Бат-Энх, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК болон иргэн Б нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Ү” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2.4-т зааснаар худалдагч тал нь эрхийн доголдолгүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төрлийн өр төлбөргүй, санхүүгийн аливаа асуудалгүй хувьцааны эрхийг худалдан авагч талд 100 хувь хүлээлгэн өгснөөр “Э” ХХК хувьцааны төлбөрийг 100 хувь төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Энэхүү гэрээний хүрээнд “Ү” ХХК-ийн ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 3 га газрын төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч худалдагч Бийн зүгээс гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа тус газрын төлбөрийг төлөх боломжтой байгаагаа илэрхийлсэн учир бидний зүгээс түүний амлалтанд итгээд төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100 хувь төлсөн. Гэвч газрын төлбөрийг 2011 оноос хойш огт төлөөгүй байсан ба “Э” ХХК нь түүний “Ү” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа төлөх ёстой байсан төлбөрийг алдангийн хамт 211 346 785 төгрөгийг Хан-Уул дүүргийн газрын албанд төлсөн тул хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2.4 дэх заалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь заалтыг зөрчин эрхийн доголдолтой буюу бусдын өмнө өр төлбөр хүлээсэн компанийн эрхийг шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5-д заасан зохицуулалтын хүрээнд Б нь 2019 оны 8 дугаар сар хүртэл “Ү” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсны хувьд дээр дурдсан төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн этгээд байсан. Иймд иргэн Бээс газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд тухайн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон ба үүний өмнө тус компанийн 50 хувийн хувьцааг, өөр нэг хувьцаа эзэмшигчийн хамт эзэмшиж байсан бөгөөд үүнээс өмнө анхны 1 хувьцаа эзэмшигч буюу өөр 1 хүний нэр дээр бид хувьцааг шилжүүлэн авсан байдаг. Үүнийг дурдахын учир нь намайг болон нөгөө хувьцаа эзэмшигчтэйгээ байх үед, мөн өмнөх хувьцаа эзэмшигчийг эзэмшиж байх үед тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших гэрчилгээтэй байсан ба тухайн тэр газарт төсөл хэрэгжүүлэхээр зураг төсөл техникийн нөхцөл, дэд бүтэц татахтай холбоотой ажлуудыг хийхээр ажиллаж, гол асуудал нь газар ашиглагч компани болон тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар мөн оршин буй дүүрэг нар оролцсон гурван талт “газар ашиглах” гэрээ байгуулах, уг гэрээг үндэслэн газрын төлбөр тооцоог тохирсон байх, түүнийгээ үндэслэн газрын төлбөр гэх маргаан бүхий асуудлыг шийдэх буюу төлбөр төлөх үндэслэл бүрдэх, үүрэг үүсэх учиртай байна. Ийнхүү энэ гэрээ хийгдээгүйгээр, улмаар уг гэрээг байгуулан ажлаа эхлүүлэхээр холбогдох газруудад хүсэлт гарган хандаж байсан боловч тухайн газар нутагт төлбөр төлүүлэхээр тогтоосон үнэ тарифыг нь газар ашиглагч нар зөвшөөрөөгүй маргаан үүссэн гэдэг шалтгаанаар түүнийг шийдэгдэхээр гэрээг байгуулж төлбөрийг шаардана гэдэг байсан тул бид ажлаа эхлүүлж чадаагүй байдаг. Иймээс ажлаа эхлүүлээгүй, мөн олгогдсон газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусах болсон, мөнгөний хэрэгцээ шаардлагын улмаас уг хэрэгжүүлэх гэж байсан төслөө тухайн компанийн хамт бүхэлд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхэд хэлцлийн гол үндэслэл нь дээр дурдагдсан төсөл хэрэгжих гэж буй газрын газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусах гэж буй тухайд, гэрээ нь байгуулагдаагүйгээс ажил эхлэхгүй байгаа тухайд, үүнтэй холбоотойгоор газрын төлбөр гэж мөн яригдаад холбогдох этгээдээс тодруулахад гэрээ байгуулагдаагүй тул газрын төлбөр тооцоогүй байна гэдгийг талууд аль аль талдаа судлан ярилцаж, улмаар энэ бүхнийг хувьцаа худалдан авагч энэ тал өөрөө хариуцаад шийдүүлэх боломжтой гэсэн нөхцөлөөр гэрээний үнийг тохиролцон худалдах, худалдан авах ажиллагаа хийгдсэн болно. Гэтэл эрх бүхий этгээд иргэн Б намайг хувьдаа эзэмшигч байхад шаардаагүй, нэхээгүй төлбөрийн асуудал гаргаж ирж байгааг, улмаар миний өмнөөс төлбөр төлсөн гэх тодорхойгүй баримт гаргаж, үндэслэлгүй төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлдээ дурдсан компани шилжүүлж, хувьцаа худалдах тухайд ийм үйл баримт болсон боловч энэ дагуу бидний хооронд хийгдсэн гэрээ, компани шилжүүлэх үйл явц 2019 оны 5 дугаар сард 50 хувийн хувьцааг, 8 дугаар сард үлдэх 50 хувийн хувьцааг шилжүүлж энэ хугацаанд аль аль талаасаа энэ талаараа бүрэн судалж баримт материалаа хүлээлцэж гэрээгээ дуусгавар болгосон ба гэрээндээ ч энэ талаар тодорхой заасан тул компани газрын өр төлбөртэй эсэхийг мэдэх боломжтой, тухайн үед шийдэхээр ийм байхад ийнхүү 1 жилийн хугацаа өнгөрсөн энэ үед Компанийн тухай хуулийн зүйл, заалтаар дурдаж иргэн надаас төлбөр шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.2, 260.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5-д тус тус зааснаар хариуцагч Бээс газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 214 683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс 1 214 683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь шүүх хуралдааны товыг 2020 оны 8 дугаар сарын 28-нд утсаар нь мессеж илгээснийг хүлээн авсан байх ба энэ үед өвчтэй байсан тул эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн, хурлыг хойшлуулах хүсэлтийн хамт хүргүүлэх тухайг мэдэхгүй байсан нь ийнхүү шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийх хангалттай үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх хариуцагчийг оролцох эсэх, санал хүсэлттэй эсэхийг нь тодруулах боломж байхад шүүхэд хүсэлтээ ирүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндсэслэлгүй. Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлалаараа тухайн газарт 2013 оноос газар ашиглах 5 жилийн хугацаатай гэрчилгээтэй байсан нь 2018 онд дууссан, цаашид уг газрыг ашиглах боломжгүй нөхцөл үүссэн, мөн газар ашиглах гэрээ огт хийгдээгүй, энэ нь хэрэгжүүлж буй төсөл болон уг газрын зориулалт тохирохгүйгээс хамаарч ийнхүү газар ашиглах гэрээ нь хийгдэхгүй, үүнээс хамаарч гэрээгүйгээс газрын төлбөр тооцоог тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч болох “Э” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 26-нд газар ашиглах гэрчилгээ сунгуулснаа үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 03-нд 2020/140 тоот гэрээг байгуулан ашиглаж байгаа гэсэн боловч гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй, мөн уг гэрээг байгуулсан гэж 3 тал баталгаажуулах ёстой байхад гэрээг байгуулсан байна гэж үзэж, уг гэрээний дагуу газрын төлбөр, мөнгө төлөх үндэслэл бүрдэхгүй ба хууль бус нотлох баримтыг шүүх үнэлсэн.  Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 211 346 785 төгрөг гэсэн илт зөрүүтэй үнийн дүнгүүд, зөрүүтэй тоонууд байгааг нь, шүүх ямар баримтад тулгуурлан юуг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үнэлж дүгнэснээр энэ зөрүүтэй үйл баримтуудыг ямар баримтаар хэрхэн яаж үнэлж дүгнэж ийнхүү шийдвэрлэсэн болох нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч нэг тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай оролцож чадаагүй нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно. Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэрэгтэй байна гэж үзэж нэхэмжлэгч талын өөрийх нь хүсэлтээр нотлох баримтудыг гаргуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн ч уг захирамжийн биелэлт хангагдаагүй болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч мөн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тус яамны сайдын 2019 оны А/394 тушаалын хуулбар, Дархан цаазат газрын төлбөрт 2012 оноос хойш орсон өөрчлөлтийн талаарх лавлагааг гаргуулахаар шаардсаныг тушаалаас бусад зарим баримтыг нь ирүүлээгүй байна. Ийнхүү шүүх шаардсан дээрх нотлох баримтууд ирснээр тухайлбал 2012 оноос хойш 2018 оны хооронд гэх уг хугацаанд төлбөр тооцооны лавлагааг авснаар төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх, төлсөн эсэх, төлөх ёстой бол хэдийг төлөх байсан эсэх, төлөхийг шаардаж байсан эсэх, төлөх үндэслэл болох гэрээ байсан эсэх, энэ хугацаанд газрын төлбөрт эрх бүхий этгээдээс өөрчлөлт оруулсан шийдвэр зэрэг авагдаагүй байхад юуг үндэслэсэн нь тодорхойгүй 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт № 820200113 гэх баримтыг, тэр тусмаа энэ баримтыг үйлдэж буй этгээд нь тухайн харилцаанд хамааралгүй болох этгээд үйлдсэн баримтаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдсэн нь нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байхын зэрэгцээ шүүх журам зөрчиж, мөн нотлох баримтыг дутуу, буруу үнэлж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийг хүндэтгэх шалтгаантай байхад оролцуулаагүй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б холбогдуулан газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс маргааны зүйлд хамааралтай үйл баримт дараах үндэслэлээр бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/09817 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэвч уг захирамжийн биелэлт бүрэн гүйцэт хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгай хаягт бүртгэлтэй газрын 2012 оноос хойших газрын төлбөр тооцооны дэлгэрэнгүй лавлагаа, төлбөр барагдуулсан байдлын тодорхойлолт, “Ү” ХХК-д ашиглуулж байгаа газрын кадастрын мэдээлэл, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбар, тус газрын хувийн хэрэг болон “Ү” ХХК-д хүргүүлж байсан албан тоотууд, газар ашиглах эрхийг сунгасан тушаалын хуулбар болон дархан цаазат газрын төлбөрт 2012 оноос хойш орсон өөрчлөлтийн талаарх лавлагааг тус тус гаргуулах”-аар хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх газрын төлбөр төлөгдсөн болон гүйцэтгээгүй үүрэг байгаа эсэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Эдгээр нотлох баримтууд хэрэгт цуглаараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Учир нь хэргийн 62 дугаар талд авагдсан Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 16/2943 тоотод “...2020 оны хагас жилийн байдлаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” гэх баримтыг хуулбарлан ирүүлсэн болохоос бусад нотлох баримтууд нь байгаа эсэх нь тодорхойгүй эсхүл  гаргаж өгөх боломжгүй талаар дурдаагүй. Дээрх нотлох баримтуудыг дахин гүйцэт гаргуулан авч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах шаардлагатай байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

 

Түүнчлэн, хариуцагч Б 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг 99118674 дугаарт мессэж илгээж мэдэгдсэн байх бөгөөд тэрээр 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн магадлагаа шүүхэд хүргүүлсэн байгааг хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах, хурлыг хийлгэх боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-79, 80/

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 214 729 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ш.ОЮУНХАНД                                                                                             

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ